М.Билэгт: Намайг муухай харагдуулах гэж оролдож байна

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

М.Билэгт: Намайг муухай харагдуулах гэж оролдож байна

М.Билэгт: Намайг муухай харагдуулах гэж оролдож байна

Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон М.Билэгт гишүүн сонгогчидтойгоо уулзах үеэр тараасан бэлэг олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулаад байгаа юм.  Тиймээс сошиал өрнөөд байгаа шүүмжлэл болон нам дотор нь өрнөөд байгаа асуудлаар түүнтэй ярилцлаа.


-Сайн явж байна уу, Баянхонгорт зуншлага сайхан болж байна уу?

-Сайхан. УИХ-ын гишүүний хувиар тойргийнхоо сонгогч түмэнтэйгээ уулзаж, УИХ, Засгийн газраас гарч буй шийдвэр, хуулийн талаарх мэдээллүүдийг өгч явна.

-Сүүлийн үед сошиалаар та нэлээд баалуулж байна. Сонгогчиддоо данх, хивс, гутал тараалаа гэж иргэд багагүй шүүмжилж байх шиг. Яагаад тойргийнхондоо бэлэг тараахаар шийдсэн юм бэ?

-Олон нийтийн сүлжээгээр сүүлийн үед  над руу дайрч доромжилсон, янз бүрийн пост хийж, зарим нэг нь зориудаар хуурамч хаягнуудаас намайг муухай харагдуулах бүхий л оролдлогыг хийж байна л даа. Хонгор нутгийнхаа нэг төлөөллийн хувьд сонгогчдынхоо хүүхдүүдэд жил бүр хувийнхаа зүгээс хичээлийн хэрэглэл гардуулдаг. Улсын мөнгөнөөс аваад бэлэг тараагаад байгаа юм биш. Мэдээж, хотоос очсон хүн ганзага хоосон очдоггүйтэй л адил, сонгогчиддоо гарын бэлэг гардуулсан төдий. Бэлгийн морины шүдийг татдаггүй гэдэг үгтэй.  Малчдад хамгийн их хэрэгцээтэй байдаг бакалыг цөөхөн ч гэсэн хүнд бэлэглэчих, цайгаа уудлаад уух данх, дэвсээд суух хивс өгчихье гэж бодсон. 

Малчид маань хөдөө уулын мухарт ганц ганц гэрээрээ малынхаа төлөө амьдардаг.  Гишүүний уулзалт болох гэж байна гээд хаа байсан уулын мухраас сумын төв дээрээ ирдэг.  Хот орны, төр засгийн сонин сонсоно гээд ирж байгаа хүмүүст хоосон суугаад байх эвгүй шүү дээ. Тойргийнхоо иргэдтэйгээ уулзах үеэр сугалаа явуулбал тэдэнд маань сонирхолтой байх болов уу л гэж бодсон юм. Сугалааны хувьд хаа сайгүй л явагддаг зүйл. Залуус өөрийнхөө азыг сорьж үзье гээд идэвхтэй оролцдог. Ингэснээрээ буруудна гэж юу байх вэ дээ л гэж бодож байна. Шүүмжлэлд эмзэглээд байх юм алга.  Хүмүүс миний өгсөн бэлэг, өмссөн хувцасанд ач холбогдол өгөөд  бухимдаж уурлаад байгаа нь тэдний өөрийн хэрэг. Хүний өмнөөс өөрийгөө стресстүүлж яана. Үнэндээ бол бусдыг өмссөн зүүснээр нь муулж шүүмжлэнэ гэдэг завтай хүний л ажил. Амьдралдаа бүтээлчээр хандаж, өөрөө өөрсдийгөө болгоод явж байгаа хүмүүст бусдыг шүүмжлэх зав гарахгүй шүү дээ.

-Данх, хивс, гутал бэлэглэж болно л доо. Гэхдээ заавал өөрийнхөө зургийг зуруулах нь хэр зохимжтой вэ. Онцгой харагдахгүй гэж үү?

-Монголын ард түмэн данханд цайны дээжээ хийдэг хүндэтгэлтэй эд.  Улс төрийн янз бүрийн буруу зүйлийн лобби, бүлэглэлттэй хамтарч ажиллахгүй, хэн нэгний халаасанд орохгүйгээр төрийн хүн, ард түмний төлөөллийн үүргээ үнэнчээр биелүүлэх гэж зүтгэсний минь хариуд намайг нийгэмд муухай харагдуулах гэж оролдож байгаа нь энэ юм шиг байна.  Залуусын хандлага өөр болох байлгүй дээ. Хийж бүтээж байгаа нэгнээ үгүйсгээд байдаг нийгэм байж болохгүй.

-Уулзалтынхаа үеэр та цоохор  дээл өмсчихсөн байсан. Хүмүүс таныг Ерөнхийлөгчийг дуурайлаа гэдэг  шүүмжлээд байна. Тэгээд таарчихав уу, эсвэл…?

-2016 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулаад, тангараг өргөхдөө зориулж  цоохор дээлээ хийлгүүлж байсан.  Биед эвтэйхэн гарын ая даадаг учраас хөдөө гадаа өмсөж явах дуртай.

-Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө дээлээ хийлгэсэн юм байна ш тээ, тэгвэл?

-Тийм, материал нь их таалагддаг, зөөлөн дулаахан учраас хөдөө явахаараа энэ хөх дээлээ, баяр ёслолын арга хэмжээнд ягаан дээлээ өмсчихдөг. Ямар ч  хүн өөрт таалагдсан хувцсаа  сонгож өмсдөг биз дээ. Түүнээс биш хэн нэгнийг дуурайсан зүйл огт байхгүй.

-Улстөрчдийн үг, үйлдэл олны нүдэнд ил байдаг. Өмссөн зүүсэн, хэлсэн ярьснаасаа болж шүүмжлүүлэх нь их.  Та одоо улстөрч болсон. Олны  шүүмжлэлийг тайван хүлээж авах дархлаа суучихсан байлгүй?

Хэрвээ би үнэхээр болохгүй зүйл хийчихсэн бол эмээх ёстой. Би худлаа ярьсангүй, хулгай хийсэнгүй. Би өөрийгөө бүтээлч хүн гэж боддог. Зүгээр суудаггүй. Аливаа хүн сурсан мэдсэн боловсролоо бүтээхийн ухаан болгохын тулд ашиглаж чаддаг байх ёстой. Тэгж чадахгүй атлаа би тийм ч их дээд сургууль төгссөн, надад төр ажил өгөхгүй байна гээд бусдаас ажил нэхээд суугаад байж болохгүй биз дээ. Өөрөө л бүтээлчээр хандаж улс эх орныхоо хөгжилд  хувь нэмрээ оруулахуйц хэмжээнд санаж сэдэж санаачилж чаддаг байх хэрэгтэй. Дараа нь түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө гарц гаргалгаа хайж тэгж л ажиллах ёстой гэж хувьдаа боддог. Өөрийнхөө амь амьжиргааг хэнээс ч хараат бус аваад явчихдаг байх ёстой.

-Тойргийнх нь  иргэд  таныг хэрхэн угтав. Тараасан бэлэгт тань сэтгэл ханамж хэр байна?

-Иргэд сайхан хүлээж авч байна. Наадмаас өмнө зуншлага муу, малчид их хүнд байсан. Харин наадмын дараагаас бороо хур орж малчдын маань нуруу тэнийж байна. Тэд дөрвөн цагийн эргэлтэд малынхаа аясыг дагаж амьдардаг хүмүүс. Төв суурин газрын бид долоо хоногийн хоёр өдөр нь амарна. Гэтэл малчдад амрах цаг хугацаа, өдөр гэж байхгүй. Өглөөнөөс орой хүртэл малаа дагаж  хаана өвс ногоо, ус байна тэнд хүрдэг ард түмэн.  Монгол Улсын хүн амд хамгийн эрэлт хэрэгцээтэй гол хүнсний бүтээгдэхүүнүүд малчны хотонд л үйлдвэрлэгдэж байна. Малчдын хотонд үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүний  үнийн өсөлт,  бууралтаас Монгол Улсын хүн амын  гуравны нэг нь буюу нэг сая иргэдийнх нь амь амьдрал шууд шалтгаалж байгаа. Бүгдээрээ биеийнхээ амрыг хараад хот суурин газар руу нүүчихвэл хөдөө тал газар нутаг маань эзгүйрч үлдэнэ. Малчид маань өнөөдөр бууриа сахиад үлдэж байна. Бүгд хотдоо шавааралдаж би ч ажилгүй, чи ажилгүй гээд сууж байвал улс эх орон яаж хөгжихөв. Монголынхоо уламжлалт аж ахуй, амьдралыг хадгалж авч яваа хүмүүс нь яах аргагүй малчид. Энэ хэрээр малчдыг дэмжих, залуу малчид бэлтгэх тал дээр төрийн бодлого  хэрэгтэй байна. ХАА-н яам малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээ гадагш нь гаргах тал дээр гарц боломжийг нь нээж өгөх шаардлагатай байна. Үүний төлөө  л яам  ажиллах ёстой. Өндөр хөгжилтэй орнуудад улсынхаа үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд хөнгөлөлттэй урт хугацааны  зээл өгдөг. Монголчууд бид нэгнийхээ  хийж бүтээж байгааг дэмждэг, нэг нь ч гэсэн ажилтай орлоготой өөрөө өөрийгөө болгоод явж байгаад нь баярладаг, урам хайрладаг л баймаар байгаа юм.  

-УИХ-ын хаврын чуулган завсарласан даруйд ээлжит бус чуулган зарлах тухай яриа гарсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хуралдааны товыг зарлаагүй, зарлах эсэх нь ч тодорхойгүй байна. Таны хувьд ээлжит бус чуулган хуралдуулахыг дэмжиж байгаа юу?

-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай мэдээлэл одоогоор бидэнд огт ирээгүй байна. Ээлжит бус чуулганыг ийм тохиолдолд зарлан хуралдуулна гэсэн хуулийн тодорхой заалт бий. Хэрэв ээлжит бус чуулган зарлавал яваад очно.

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж, Засгийн газрыг огцрох ёстой гэж үзcэн. Магадгүй МАН-ын засаг ахиад огцорч магадгүй гэсэн яриа ч байна?

-Миний хувьд Засгийн газраа тогтвортой ажиллуулах хэрэгтэй гэж боддог. Засгийн газар тогтворгүйжсэнээр улс орны хөгжил хойшоо ухарна. Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд нь зогсохоос эхлээд  ард түмний аж амьдралд нэрмээс болохоос биш сайн зүйл огтхон ч байхгүй.

-Тантай холбоотой бас нэг яриа гарсан л даа. Хувийн эмнэлгээ төрд шахах гэж байна гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Яагаад ийм яриа гарах болов. Үнэхээр та хувийн эмнэлгээ төрд шахах гээд гүйгээд байгаа юм уу?

-Би Монгол Улсын жирийн иргэн байхдаа 2010 онд уг төслийг санаачилж байсан. Бээжин, Хөх хот, Япон, Солонгос, Англи руу өндөр зардал гаран явж эмчлүүлдэг иргэдээ бодоод өрөвдсөн. Тэдэнд туслахсан гэж бодсоор энэ барилгыг эхлүүлсэн. Энэ эмнэлэг ашиглалтад орвол иргэд Хөх хот руу, Япон руу эмчлүүлэхээр явдаг замын зардлаараа л өөрийн эх орондоо өндөр хөгжилтэй орны эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхийг л зорьсон.

Үүнийгээ ажил хэрэг болгохын төлөө сүүлийн жилүүдэд шаргуу ажиллаж байна. Ингэхдээ өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн үйлчилгээг нутагшуулахын тулд юу хэрэгтэй вэ гэдгийг маш сайн судалж анхнаасаа бодож хүч хөдөлмөр, цаг хугацаа, нэр төр, нөөц хөрөнгө бүхнээ зарцуулж ирсэн. Хэчнээн сайхан эмнэлгийн зориулалттай том барилга байлаа гээд л доторх урсгал, төлөвлөлт нь зөв болоогүй цагт араг яс адил гэж япончууд үздэг. Монголчуудын хэлдэгчлэн “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдгийн адил савыг нь бэлдэх ёстой гэж үзээд олон улсын стандарт хангасан барилга барих ёстой л гэж бодсон. Энэ тохиолдолд би улсынхаа эрүүл мэндийн салбартаа хувь нэмрээ оруулж чадна гэсэн үзсэн.

Эмнэлгийн үйл ажиллагаа эхлэхээр сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн өндөр мэдлэгтэй эмч, эмнэлгийн ажилчид үйлчилгээ үзүүлнэ. Японы мэргэжлийн эмч нар багаараа ирнэ. 200 гаруй хүн энэ эмнэлгийг хөдөлгөнө гэж тооцвол түүний 90 хувь нь Монголчууд байх юм. Тэгэхээр бид шинэ технологийг, яаж ашиглах, гаднын өндөр мэргэжлийн эмч нар хэрхэн ажилладгийг суралцаад 5-10 жилийн дараа Монголд Японы эрүүл  мэндийн үйлчилгээ нутагшаад үлдэх юм байна гэж бодоод хэрэгжүүлсэн. Оюутан байхаасаа оёдол хийж, ганзагын наймаа хийж, гахай үүрч эхлүүлсэн бизнесээсээ олсон хуримтлалаараа дэнчин тавиад уг эмнэлгийг барьсан. Хэрэв төр худалдан авбал хавдрын өвчинд шаналж зовсон өвчтнүүдэд төрийн эрүүл мэндийн үйлчилгээ хямд очно гэж бодож байна. Яг ийм нөхцөлд надад татгалзах эрх байхгүй. УИХ-ын гишүүний байгуулсан хувийн өмч ард түмэнд ялангуяа Монгол Улсын эрүүл мэндийн салбарт эрэлт хэрэгцээтэй байгаа бол би татгалзахгүй. Өвчиндөө зовж шаналсан хүний амьдралыг би  мэднэ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж