ОХУ-ын Ерөнхийлөгчийн номын сангийн цахим сайтад хэвлэгдсэн архивын материалд өгүүлснээр 1918 онд Владимир Ильич Ленины амь насанд халдах гэсэн оролдлогын талаарх номыг ЗХУ-ын удирдлага хэвлэхээр төлөвлөж байжээ.
1918 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 18-ны хооронд хийгдсэн шалгалтын материал бүхий 105 хуудастай хавтаст хэргийг бүрэн эхээр нь сайтад байршуулжээ. Гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, холбогдох гэрэл зургууд, Ленины биеийн байдлын талаарх эмнэлгийн дүгнэлт, мөн Ардын Комиссариатын комиссар Бонч-Бруевичийн өгсөн захирамж зэргийг ил болгосон байна.
Ленины амь насанд халдах оролдлого 1918 оны наймдугаар сарын 30-ны өдөр Москва хотын Михельсон үйлдвэрийн ажилчдын өмнө үг хэлж байхад нь Фанни Каплан буудаж хүнд шархдуулсан юм. Мөн өдөр Петроград хотод большевик Моисей Урицкийг буудан хөнөөсөн. Үүнээс хэд хоногийн дараа большевикууд “Улаан террор” эхэлж байгааг зарласан.
Ленины амь насанд халдах гэсэн энэ хэргийн талаарх өнөөг хүртэл цуурхал их байдаг. Лениныг буудсан сумыг хордуулсан байсан, “Улаан террор” ажиллагааг эхлүүлэх гэж Ленин чекистүүдтэй хуйвалдаж жүжиглэсэн, халдлагыг Ленины өрсөлдөгч Яков Свердлов захиалсан гээд олон таамаг яригддаг.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ