13 настай охиныг эрэн хайх ажиллагааг бүр зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

13 настай охиныг эрэн хайх ажиллагааг бүр зогсоожээ

13 настай охиныг эрэн хайх ажиллагааг бүр зогсоожээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товог-Уул гэдэг газар наймдугаар сарын 7-ны өдөр 13 настай охин малаа явганаар хариулж яваад 08:00 цагт сураггүй болсноос хойш 15 хонож байна.  Охины гэр бүл аймгийн төвөөс хойд зүгт арван км-т байдаг аж.

Тухайн өдрийн өглөө охин явганаар малаа хариулахаар гарсан ч орой гэртээ ирээгүй учраас гэрийнхэн нь өөрсдийн хүрээлэлд хайсан ч олоогүй бөгөөд алга болсных нь маргааш /2018.08.08/ нь 11.00 цагийн үед аймгийнхаа онцгой байдлын албанаас тусламж хүсчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч, аймгийн Цагдаагийн долоон алба хаагч, орон нутгийн 59 иргэн, нийт 73 хүн гурван автомашин, 24 мотоцикл, 21 морьтойгоор наймдугаар сарын 10-ны өдөр ойр орчмоор таван км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.  

Охиныг  зургаан хоног хайсан ч үр дүнд хүрээгүй учир ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, энэ сарын 13-ны өдөр Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоосон байна. Өнгөрсөн өдрүүдэд үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй болсон гэх шалтгаанаар 21:30 цагт эрлийг зогсоож маргааш нь 09:00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлдэг байжээ. Охин сургуульд сурдаг байсан уу, аав ээж нь архи уудаг эсэх зэргийг сумын засаг дарга нь нууцалж байна. 13 настай охин нь алга болчихоод байхад аав ээжийнх нь зүгээс ямар нэгэн тайлбар өгөөгүй, сумын дарга нь юу болсон, охин яагаад алга болсон, эрэл хайгуулын ажил юу болсон талаар олигтой мэдээлэл өгөхгүй байгаа нь гайхширал төрүүлж буй.

Үүнээс гадна эрлийн явцад  хүмүүс болон техникийн тоо бага багаар буурсаар эрлийн сүүлийн өдөр гэхэд  нийт 61 хүн дөрвөн автомашин, хоёр мотоциклтойгоор эрлийг явуулж байжээ. Уг нь нийслэл хот биш хэдхэн мянган хүнтэй аймгийн төвөөс хүн хүч нэмээд ч охиныг олж чадахгүй байна гэхэд даан ч харамсмаар.

Үүнээс жилийн өмнө Замын-Үүдэд найман настай Д.Сэржмядаг охин өнгөрсөн намар гэрээсээ хичээлдээ суухаар гараад одоо болтол олдоогүй байгаа билээ. Түүний эрж хайх ажиллагаа үргэлжилсэн хэвээрээ байгаа гэнэ.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж