Долоон мянган хожгор, хоёр можгор

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Долоон мянган хожгор, хоёр можгор

Долоон мянган хожгор, хоёр можгор

Үнэгүй бяслаг зөвхөн хулганын хавханд байдаг гэсэн алдарт үгийг санагдуулам сүлжээний бизнест залилуулсан иргэдийн тоо жил бүр нэмэгдсээр байгааг статистик тооноос харж болно. Монголчуудын амар хялбараар мөнгө олох гэсэн гэсэн ухвар мөчид хүсэл нь энэ гэмт төрлийн хэргийн үндэс суурь болж байгааг албаны хүмүүс анхааруулсаар ирсэн. Харамсалтай нь, хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийн хувьд мөнгө цагаан, нүд улаан гэгч болчихсон гэлтэй.

Монгол Улсад хамгийн их дуулиан тарьж байсан сүлжээний бизнес бол “Жи таймс” юм. Энэ луйврийн хэрэгт М.Марат гэх Казакстаны иргэн холбогдон шалгагдаж байгаа билээ. Түүний залиланд мөнгө өгсөн иргэд өнөө ч хохирлоо барагдуулж чадахгүй, зарим нь бүр хамсаатан болох нь холгүй болсон. Энэ мэт дуулиант хэрэг явдлуудыг хэвлэлээр мэдээлсээр байтал гэнэт баяжих хүсэлдээ автсан монголчууд молигдуулж хашрахгүй нь бололтой.

Хамгийн сүүлд “Stamford” гэх сүлжээний бизнес дэлгэрч 7000 гаруй иргэн 100 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон гэх мэдээлэл байгаа юм.

Одоогоос жил гаруйн өмнө Монгол Улсад “Stamford” нэртэй хөрөнгө оруулалтын компани үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тодруулбал, иргэдээс хөрөнгө оруулалт авах зарчмаар нийтдээ 7000 гаруй иргэний 100 тэрбум төгрөгийг  залилжээ. Цагдаагийн газарт өгсөн иргэдийн мэдээллээр интернет дэх “Forex” арилжаатай ижил төрлийн зарчмаар мөнгө олдог, жилийн хугацаанд гэрээ байгуулж, долоо хоног бүрийн хагасайн өдөр ногдол ашгаа авна гэж сэнхрүүлсэн бололтой. Уг хэрэгт сэжиглэн, ОХУ-ын хоёр иргэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна. 

“Stamford” сүлжээний бизнест хохирсон иргэдийн нэг болох Ж.Нэргүй бидэнд дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Жи таймс” сүлжээний хохирлоос хэд дахин давсан хохирол иргэд амсаад байна. Эхэндээ хөрөнгө оруулалтын компани нэрийдлээр орж ирсэн. Оруулсан хөрөнгө оруулалтаасаа долоо хоног бүр ногдол ашиг хүртдэг байсан. Өвлийн турш ашигтай ажиллаж хавар бидний дунд 20 хувийн урамшуулал зарласан юм. Тэр үед хүмүүс хуйларч байгаа бүхнээ шавхаж хөрөнгө оруулсан. Жишээлбэл, хоёр мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд 2600 ам.доллар болж өсөх байсан юм. Дараа нь 2018 оны дөрөвдүгээр сард хүмүүс хөрөнгө оруулалтаа хийсний дараа сайт ажиллахаа больсон юм. Шалтгааныг нь бидэнд засвартай байна гэж холбогдох хүмүүс тайлбарласан. Удалгүй сайт ажиллаж бидний ногдол ашиг ихэссэн ч тэр мөнгийг хөрвүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Бид тавдугаар сард тус компанийг үүсгэн байгуулсан гэх казак иргэнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт өгсөн. Гэтэл түүнийг шалгасан эсэхийг мэдэхгүй тавиад явуулсан байсан. Нийтдээ долоон мянга гаруй иргэн 100 тэрбум төгрөг алдчихаад яаж буцааж авахаа мэдэхгүй сууж байна. Үүний ард УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа байгаа гэж хардаж байна. Яагаад гэвэл дээрх компанид түүнийг хөрөнгө оруулсан гэж сонсоод сүлжээнд орох итгэл төрсөн” гэв. Энэ асуудлаар бид ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахмад Д.Будзаанаас зарим зүйлийг тодруулав. 

Цагдаагийн газраас сүлжээ бол луйвар гэдгийг анхааруулсаар байтал хохирогчдын тоо буурахгүй байна

-“Stamford” сүлжээний бизнест хохирсон иргэд өнгөрөгч Пүрэв /2018.08.16/ гаригт цагдаагийн байгууллагад хандсан талаар бид мэдээлсэн. Энэ хэрэг одоогоор ямар шатанд явж байна вэ?

-Иргэд хялбар аргаар мөнгө олохын тулд сүлжээний бизнесийн хохирогч болж мөнгөө алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Зөвхөн нийслэл хотод төдийгүй орон нутагт энэ төрлийн гэмт хэрэг дэлгэрч байна. Хамгийн сүүлд “Stamford” трейдинг компанийн захирал гэгдэх ОХУ-ын хоёр иргэнийг иргэдийн гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.  Одоогоор 100 гаруй иргэний 120 орчим сая төгрөгийн хохирлын хэрэг шалгагдаж байна. Тус компани нь 2018 оны гуравдугаар сараас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн Казакстанд бүртгэлтэй компани юм.

-Хохирлын хэмжээг тодорхойлсон уу?

-Одоогийн байдлаар уг сүлжээний бизнест хохирсон гэх 100 гаруй хүнээс мэдүүлэг авсан. Мөн хохирогчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа учраас хохирлын хэмжээ дагаад өсөх байх. Цагдаагийн байгууллагаас сүлжээний бизнесээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна.

-Сүлжээний бизнес нь олон хувилбараар Монгол Улсад орж ирж байна. Үүнийг залиллан мөн бишийг нь яаж ялган таних вэ?

-Сүлжээний бизнес нь өндөр хүү амлаж, хэсэг хугацааны дараа ашиг олно гэх мэтээр иргэдийг татдаг. Үүнээс гадна хэдэн сарын дараа оруулсан мөнгөө аваад зогсохгүй ногдол ашиг хүртэнэ гэх мэтээр иргэдийг луйварддаг юм. Хамгийн сүүлийн  “Stamford” сүлжээний бизнес гэхэд “Манайх олон улсын санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг” хэмээн тайлбарлаж гадаад нэр томьёо ашиглан иргэдийг төөрөгдүүлсэн байгаа юм. Ингээд олон шатлалт залилан мэхлэлтийн тогтолцоо идэвхжиж ах, дүү хамаатан садан, найз нөхдөөрөө залилуулсан жишээ цөөнгүй гарлаа. Хамгийн ноцтой нь их хэмжээний мөнгө хийх тусам ногдол ашиг нь төдий чинээ их гэж итгэн үнэмшүүлж,  хууран мэхэлдэг онцлогтой.

Иргэдэд сэрэмжлүүлэхэд ямар нэгэн байдлаар нэр хаяг нь тодорхойгүй компанид итгэж мөнгөө хийхээс болгоомжил. Сүлжээний бизнест хохирсон иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдэж  хамтран ажиллахыг хүсч байна. 

-Эдгээр хүмүүст хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Эрүүгийн хуулийн 17.3-д зааснаар хариуцлага хүлээлгэнэ. Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг мэдээллийг өгсөөр байхад иргэд өөрсдөө сүлжээний бизнест элсээд залилуулаад байгаа нь харамсалтай. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж