Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн хамтран сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан арга зүйн сургалтуудыг зохион байгуулж байна.
Өнөөдөр МУБИС дээр “Сургуулийн менежмент, багшийн хөгжил-бага, дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй-III” орон нутгийн сургагч багш бэлтгэх нэгдсэн сургалт өглөө эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх энэхүү сургалтад аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газар, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд болон орон нутгийн сургагч багш нийт 270 хүн хамрагдаж байна.
Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сургалтыг нээж хэлсэн үгэндээ яамнаас дэвшүүлсэн хичээлийн жилийн зорилго, зорилтыг шууд хуулбарлах бус, өөрийн аймаг, нийслэлийн онцлогт нийцүүлэн хичээлийн жилийн зорилго, зорилтоо тодорхойлох хэрэгтэй. Хичээлийн жилд дэвшүүлж буй зорилго, зорилтын хэрэгжилтийг чанартай хангахад Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Насан туршийн боловсролын үндэсний төв зэрэг мэргэжлийн институци орон нутгийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж санаачилгатай ажиллах ёстойг дурдаад “Боловсролын тулгамдсан асуудлын нэг нь өнөөдөр сургалтын чанар болоод байна. Энэ асуудлаар бид “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөний үеэр хангалттай хэлэлцсэн. Сургалтын чанар нь сургалтын хөтөлбөрөөс биш, үндсэндээ сургалтын зохион байгуулалт, багшийн ур чадвар, мэргэжлийн бэлтгэлээс хамаарч байгаа гэдэгтэй Та бүхэн санал нийлэх байх. Сургалтын чанарын асуудал орон нутаг, сургууль, хүүхэд бүрийн түвшинд харилцан адилгүй байгааг анхаарах шаардлагатай. Иймээс хичээлийн шинэ жилд “Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц” гаргах жил байх үндсэн зорилгыг дэвшүүлж байгаа. Энэ зорилго маань тунхаглалын шинжтэй байх бус, зорилгоо хангахад бүх шатны сургалтын байгууллага, багш, удирдах ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчийн түвшинд ч дээрх үндсэн зорилгыг хангах дэд зорилгыг 2018-2019 оны хичээлийн жилийн зорилго, зорилтод дэвшүүлсэн. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн түвшинд “Суралцагчийн онцлог, ялгаатай байдлыг харгалзан хичээл бүрийг заах аргын нэгдэл, секцээр чанартай бэлтгэн, үр дүнтэй зохион байгуулж, суралцагчийн суралцах идэвхийг урамшуулан дэмжих замаар сурлагын чанарт ахиц гаргах”-д сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг чиглүүлэх шаардлагатай байна” хэмээн онцлон хэллээ.
Энэхүү сургалт нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургалтын төлөвлөгөө, 12-р ангийн сургалтын цөм хөтөлбөрийг сургуулийн менежмент, багшийн ажлын төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх арга зүйд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн сургагч багшийг бэлтгэх, орон нутагт сургалт зохион байгуулах бэлтгэл хангах зорилготой юм. Сургалтаар 2018-2019 оны хичээлийн жилд баримтлах бодлого, анхаарах асуудал, ахлах ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, сурах бичгийн агуулга, онцлог, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, боловсролын үнэлгээний шинэчлэл зэрэг сэдвүүдээр хичээл заах юм.
Эх сурвалж: БСШУСЯ