Оскар шинэ гэртэй болох нь. Давуу тал гэвэл тус гэр худалдааны төвгүй аж. Тодруулбал, 2029 онд Оскарын шагнал гардуулах ёслол Холливудын төвд байрлах "Dolby Theatre"-аас Лос Анжелес хотын төвд байрлах өргөн уудам аялал жуулчлалын төв болох "L.A. Live"-ийн "Peacock" театр руу шилжих болно гэж Кино урлагийн академи Пүрэв гаригт (2026.03.26) мэдэгдэв. Академи мөн 2008 оноос хойш "Emmy" шагнал гардуулах ёслолын газар болсон "Peacock" театрт шинэ гэрээний хүрээнд "цогц сайжруулалт" хийгдэх болно гэж мэдэгджээ. Лос Анжелес хотын "Live Plaza"-д одоогоор сүлжээ ресторан "Yard House" зэрэг томоохон ресторанууд байдаг бөгөөд ирээдүйд Оскарын алдарт улаан хивсний ёслолын үйл ажиллагаа болно гэж мэдэгдэлд дурджээ. Ингэж байршлаа сольж буй нь 2029 оноос эхлэн Оскарыг "YouTube"-ээр цацах болсонтой нийцэж байгаа юм.
Оскарын шагнал гардуулах ёслолыг 2002 оноос хойш Холливудын өргөн чөлөө дээрх "Dolby Theatre"-т зохион байгуулж ирсэн. Энэ нь алдарт "TCL" театрын хажууд, Холливудын алдрын гудамжны дунд байрладаг бөгөөд Холливудын тэмдгийг тод харах боломжтой. "Dolby Theatre" 3,400 хүний суудалтай, Оскарын шагнал гардуулах ёслолд зориулж тусгайлан баригдсан театр бөгөөд хуучны Холливудын хэв маягийг илэрхийлсэн загвартай. Театр руу өгсөх алдарт шатны дагуу “Шилдэг кино” шагналын эздийн нэрс бичигдсэн баганууд байрладаг.
Дотор засал нь тансаг, сүр жавхлантай боловч энэ театр нь "Sephora", "Lids" зэрэг дэлгүүртэй худалдааны төвийн дотор байрладаг нь Оскарын албан ёсны уур амьсгалаас нэлээд ялгаатай мэдрэмж төрүүлдэг. Алдартнууд заримдаа ёслолын дараах албан ёсны хүлээн авалт болох "Governor’s Ball" руу явахдаа "Dave & Buster’s" зэрэг газруудын хажуугаар өнгөрдөг лифтээр зорчдог. Ирээдүйд "L.A. Live" руу шилжихэд мөн төстэй уур амьсгал мэдрэгдэх ч дэлгүүрүүдийн оронд боулингийн газар болон "Crypto.com Arena" зэрэг үзвэр, үйлчилгээний газруудтай ойр байх болно. Өмнө нь Оскарын ёслол "Shrine Auditorium" болон "Dorothy Chandler Pavilion" зэрэг газруудад зохион байгуулагдаж байсан. Улмаар Оскарын шагнал гардуулах ёслол 2028 он хүртэл "ABC" сувгаар цацагдаж, "Dolby Theatre"-д зохион байгуулагдах бөгөөд дараа нь "YouTube" болон Лос Анжелес хотын төв рүү шилжинэ.
3,569.17






















































Холбоотой мэдээ