Ж.Батзандан гишүүн ард нийтийн санал асуулгаар системийг шинэчлэхийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан гишүүн ард нийтийн санал асуулгаар системийг шинэчлэхийг уриаллаа

Ж.Батзандан гишүүн ард нийтийн санал асуулгаар системийг шинэчлэхийг уриаллаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Цаг боллоо-Системийн өөрчлөлт” хэлэлцүүлгийг энэ баасан гаригт /2018.08.24/ зохион байгуулах талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр ‘Миний бие Улсын Их Хуралд хоёр дахь удаагаа сонгогдоод, зургаа дахь жилдээ сууж байна. Энэ ордонд юу болдгийг, юу болдоггүйг хангалттай харлаа. УИХ-ын гишүүнээр сонгогдохын өмнө Иргэний хөдөлгөөний шугамаар олон жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Авлигын эсрэг жагсаал хийж байлаа. Газрын хэвлий доорхи баялгийг үр шимийг монголын ард түмэнд хувьцаа ногдуулах замаар хүртээх тэмцлийг эхлүүлж байсан. Дөрвөн жилийн өмнө Офшорын эсрэг хуулийг анх санаачлан УИХ-д оруулж байсан. Энэ бүхэнд Батзанданд итгэж, хамтдаа тэмцэж ирсэн олон мянган монголчуудын хүсэл зоригийг хамгаалахын тулд би Их Хуралд орж ирсэн. 

Өнөөдөр Монгол Улсын өр 25 тэрбум ам.долларт хүрлээ. Хоёрхон жилийн дотор өрийн хэмжээ хоёр тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Ажилгүйдэл 30 хувьд хүрлээ. Хоёр өрх тутмын нэг нь ядуу амьдарч байгааг Дэлхийн банкны судалгаа харуулж байна. Банкны хүү 25-30 хувьтай байгаа. Ийм өндөр хүүтэй зээл аваад бизнес хийхэд маш хэцүү байна гэдгийг бизнес эрхлэгчид байнга хэлдэг. Банкны салбарын нийт ашиг жилдээ 350 тэрбум төгрөгт хүрч байна. Эрдэнэт үйлдвэрийн жилийн ашиг 250 тэрбум төгрөг байдаг. Монголчуудыг тэжээлцдэг энэ том үйлдвэрээс илүү их хэмжээний орлогыг банкны эзэн гэх хэдхэн гэр бүл олж байна. 60 тэрбумын асуудлыг шийдэж чадсангүй. Уучлал гуйгаад өнгөрөх юм шиг байна. 60 тэрбумын асуудлыг эвлүүлэг гэсэн дүгнэлт гаргасан прокурор ажлаасаа халагдаад дуусах байх. Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудлыг шийдэж чадахгүй байна, шударга ёсны хайчийг хөдөлгөх гэхээр хоёр талаас нь хавччихаад болохгүй байна, олигарх бүлэглэлүүд ЗГ, УИХ-ыг атгандаа оруулчихаад байна гэдгийг ХЗДХ-ийн сайд нь мэдэгдлээ. Эрдэнэтийн хэрэг, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг гэхчлэн улс орны эрх ашигтай холбоотой томоохон хэргүүд хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна. Албан тушаалын хэргүүд прокурор, шүүх дээр очоод гацдаг болсон. Асар их хөрөнгөжсөн прокурор, шүүгчдийн асуудлыг ярьсан УИХ-ын гишүүдийг шүүх, прокурорынхон айлган дарамталдаг болсон. Би энэ талаар иргэдтэйгээ ярилцахыг хүсч байна.

Бид системийн хямралаас гарахын тулд ард нийтийн санал асуулга хийхээс өөр арга байхгүй. Шинэ Үндсэн хууль батлах уу гэдгийг нийт ард түмнээсээ асууя. 1996 онд батлагдсан Үндсэн хуулиар УИХ-ын гишүүнд Ард нийтийн санал асуулга явуулах эрх олгосон. Энэ санал асуулгаар Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, Шинэ үндсэн хууль батлах уу, Хэрэв ард түмэн маань Үндсэн хуулиа шинэчлэн баталъя гэж саналаа өгвөл дараа нь “Монгол Улс засаглалын ямар хэлбэрийг сонгох ёстой вэ” гэдэг асуулгад хариулт авах ёстой.

Би эрх мэдэл бүхий дарга нараас эхлээд иргэд олон түмэнтэйгээ өдөр бүр уулзаж байна. Иргэдийн хувьд энэ системийг зайлшгүй өөрчлөх ёстой гэдэг дээр саналаа хэлж байна. Харин улстөрчид хоорондоо маргалдаж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ хийх ёстой гэж эрх баригчид үзэж байна. Миний хувьд дотроо хоёр хуваагдсан 65-ын бүлэг, олигархийн эрх ашгийг хамгаалдаг энэ УИХ системийн өөрчлөлтийг хийх боломжгүй. Харин ард нийтээсээ асууж системийн өөрчлөлтийг шийдэх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа’ гэлээ.

Э.ЖОНОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж