Сурвалжлага: Төсөв нь хойшлогдсоноос сургуулийн барилгын ажил зогсоход хүрчээ

Сурвалжлага: Төсөв нь хойшлогдсоноос сургуулийн барилгын ажил зогсоход хүрчээ

Сурвалжлага: Төсөв нь хойшлогдсоноос сургуулийн барилгын ажил зогсоход хүрчээ

Манай сурвалжлах баг Дархан-Уул аймгаас өнөөдрийн сурвалжлагаа бэлтгэн хүргэж байна.


Дархан-Уул аймагт улсын төсвийн 24.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 14 дүгээр багт 1500 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 2024 оны аравдугаар сард эхэлсэн. Барилгын ажлын гүйцэтгэгчээр 15 жилийн туршлагатай “Болд” ХХК ажиллаж байна. Гэрээний дагуу энэ оны есдүгээр сард ашиглалтад орох ёстой. Гэтэл үлдэгдэл санхүүжилтийг ирэх 2027 оны төсөвт суулгаж өгснөөр сургуулийн барилга 2027 оны есдүгээр сард ашиглалтад орох нөхцөл байдал үүсчээ. Тус багийн оршин суугчдын зүгээс үлдэгдэл санхүүжилтийг нь энэ онд бүрэн шийдэж шинэ сургуулиа есдүгээр сард ашиглалтад оруулах шаардлагатай байгааг хэлж байгаа юм.

Тус сургууль нь “Парк таун хотхон”-ы чанх урд баригдаж буй. Биднийг очиход сургуулийн бүтээн байгуулалт үргэлжилж байх бөгөөд дотор заслын ажил хийгдэж байв. Барилгын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 75 орчим хувьтай үргэлжилж байгаа аж. Тодруулбал, барилга үндсэндээ дуусах шат руугаа буюу дотор засал, гэрэл цахилгааны ажил болон гадна тохижилтын ажил үлджээ. Гүйцэтгэгч компанийн зүгээс гэрээний дагуу буюу энэ оны есдүгээр сард ашиглалтад оруулахад бэлэн гэдгээ хэлж байна. Өнгөрсөн 2024 оны аравдугаар сард барилга барих газрыг цэвэрлэж, суурийг цутгах зэрэг 10 гаруй хувийн гүйцэтгэл хийсэн бол 2025 онд сургуулийн барилгын таван блок, гурван давхар, хоёр спорт заал нэг урлаг заал, анги танхимаас бүрдсэн 10,700 мкв талбайг барьж дуусгажээ. Улмаар 2025 оны аравдугаар сард дулаанаа авч өвлийн саруудад тасралтгүй ажилласан байна. Тэгвэл үлдэгдэл санхүүжилтийг 2027 онд тавьснаар сургуулийн барилгын ажлыг зогсоохоос өөр аргагүй болж байгаа гэдгийг "Болд" ХХК-ийн инженер П.Нямдаваа хэлэв.

"ҮЛДЭГДЭЛ САНХҮҮЖИЛТИЙГ НЬ ШИЙДЭЭД ӨГВӨЛ ИРЭХ ЕСДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД БЭЛЭН"

Тэрбээр,“Сургууль хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болж байгаа нь санхүүжилттэй холбоотой. Нийт төсөвт өртөг нь 24 тэрбум 800 сая төгрөг. Бидний хувьд 2024 онд 1.5 тэрбум төгрөгийн төсвөөр ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн 2025 онд 12 тэрбум төгрөгөөр нийт ажлынхаа 50 гаруй хувийг хийж гүйцэтгэсэн. Өнгөрсөн оны аравдугаар сард халаалтаа авч өвлийн турш дотор засварын ажлыг хийж бүтэн цайруулсан. Өнөөдрийн байдлаар барилгынхаа 75 орчим хувийг гүйцэтгэчхээд байна.

Харин энэ онд үлдэгдэл 11.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс шийдэж өгөх байсан боловч 2025 онд Төсвийн тухай хууль батлагдсанаар улсын төсвөөр баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн төсвийн үлдэгдлийг 2026 он болон 2027 он руу хувааж тавьсан.

Ингэснээр энэ онд 4.7 тэрбум төгрөгийг шийдсэн, бид энэ төсөвтөө тааруулан дулаанаа аваад сангийн ажил зэргээ хийчихсэн. Цэвэр бохирыг нь шийдсэн, ерөнхийдөө ангиудад гэрэл хаалга зэргийг хийж хулдаас дэвсэх ажил үлдсэн. Мөн гадна тохижилтын ажил байгаа. Үлдэгдэл 6.4 тэрбум төгрөгийг 2027 оны төсөвт суулгасан. Тиймээс ажлаа зогсоогоод ирэх оны хавраас эхэлж тухайн оныхоо есдүгээр сард хүлээлгэж өгөх болчхоод байгаа юм. Оршин суугчдын зүгээс хэзээ ашиглалтад орохыг байнга асууж, сургуулиа ашиглалтад орохыг хүлээсэн байдалтай байна. Хэрвээ төсвийг нь энэ онд шийдээд өгвөл бидний зүгээс асуудал байхгүй. Хугацаандаа бүрэн ашиглалтад оруулах боломжтой” гэлээ.

Мөн барилгын ажил нэг жил зогсонги байдалтай байвал компанийн хувьд алдагдал хүлээх эрсдэлтэй тулгарч байна. Учир нь гэрээний дагуу ирэх есдүгээр сард ашиглалтад оруулна гээд дулаанаа авсан. Дээрээс нь тог цахилгааны мөнгө, харуул хамгаалалт гээд урсгал зардал маш их гарах ажээ.

Дархан сумын 14 дүгээр баг нь 7600 гаруй хүн амтай бөгөөд сургууль, цэцэрлэгийн насны 3100 хүүхдүүд байдаг. Тус багийн хүүхдүүд “Од” цогцолбор сургуульд суралцдаг байна. Тус сургуульд Дархан-Уул аймгийн гурван багийн хүүхдүүд сурдаг учир ачаалал их нэг ангид 40 гаруй хүүхэд суралцаж хүүхдүүд хичээллэхэд хүндрэлтэй байгааг оршин суугчид хэллээ. Тиймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ сургууль барьж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, тус багийн нутаг дэвсгэрт 2019 оноос хойш “Парк таун” төсөл хэрэгжиж улмаар 500 айлын есөн блок барилга баригдсан. Үүнийг дагаад хүн ам нэмэгдэж байна, тиймээс шинэ сургуулиа яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байгааг багийн иргэд хэлэв.

"ХҮҮХДҮҮДИЙН СУРАХ ЭРХИЙГ ХАНГАЖ ШИНЭ СУРГУУЛИА ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА"

“Парк таун” хотхоны оршин суугч I:

-Манай 14 дүгээр багийн оршин суугчид маш их нэмэгдэж байгаа. Манай багийн хүүхдүүд “Од” цогцолбор сургууль руу хичээлдээ явдаг. Тэнд 13,14,16 дугаар багийн хүүхдүүд бүгд хичээллэдэг. Сүүлийн жилүүдэд ачаалал маш их нэмэгдэж байна. Сургуулийн ачаалал нэмэгдсэнээр зарим айлууд хувийн сургуульд өгч байна. Манай хотхоны урд шинэ сургууль баригдаж эхэлсэн. Уг нь 2026 оны есдүгээр сард ашиглалтад орно гэж байсан. Гэтэл ирэх 2027 оны есдүгээр сар хүртэл хойшилчихлоо. Холбогдох газрууд нь төсөв мөнгө дээр анхаараад хугацаанд ашиглалтад оруулахад анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

Дархан сумын 14 дүгээр багийн оршин суугч н.Мөнхбат:

-Анх сургуулийн ажил эхэлж байхад 2026 оны есдүгээр сард ашиглалтад орно гэж мэдээлж байсан. Гэтэл үлдэгдэл төсвийг нь 2027 оны төсөвт суулгаж өгснөөр нэг жилээр хойшлохоор болсон байна. Ингэж болохгүй. Хүүхдийн сурах орчныг бүрдүүлж буй бүтээн байгуулалтыг хэлсэн цаг хугацаандаа хүлээлгэж өгөх ёстой. Улсын төсвөөр ажил хийхээр дандаа хойшилдог. Хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд халдаж болохгүй. “Од” сургуулийн ачаалал маш их нэмэгдсэн. Тиймээс манай багт шинэ сургууль хэрэгтэй байна. Хүн ам нэмэгдэж байна. Эдгээр гэр бүлийн хүүхдийг ерөнхий боловсролын суурин мэдлэгээр хангах учиртай, хойш тавьж боломгүй байгаа юм. Тийм учраас Ерөнхий сайд болон Сангийн сайд Б.Жавхлан мөн манай аймгаас сонгогдсон Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням төвийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн Засаг дарга нар анхаарлаа хандуулж төсөв мөнгийг нь шийдэж өгч энэ ондоо ашиглалтад оруулахыг шаардаж байна. Хэлсэн амандаа эзэн болж түмний хүүхдийн төлөө үйл хэргээ зориулж сэтгэл гаргаж ажиллаач ээ гэж хэлмээр байна.

Дархан сумын 14 дүгээр багийн оршин суугч:

-Манай хотхоны төсөл 2019 оноос хойш үргэлжилж байна. Хүн ам тасралтгүй нэмэгдэж байгаа. Манайх гэхэд гурван хүүхэдтэй. Нэг хүүхэд маань “Од” цогцолбор сургуульд явж байгаа нэг хүүхдээ хувийн сургуульд явуулж байна. Гурван багийн дунд ганцхан улсын сургууль байгаа. Улсын төсвөөр сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг барьж байгаа гэсэн. Эмнэлэг нь ашиглалтад орчихсон. Сургуулийнх нь ашиглалтад орох хугацаа нэг жилээр хойшилсон байна. Бид маш их хүлээлттэй байсан. Холбогдох газрууд нь энэ асуудалд анхаарлаа хандуулаач ээ. Улсын сургууль маш их хэрэгтэй байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай утсаар холбогдож мэдээлэл авахад тэрбээр, “Нэгэнт 2027 оны төсөвт суулгаж өгсөн бол миний мэдэх асуудал биш. Гэхдээ энэ асуудлыг холбогдох газруудад нь уламжилж байгаа” гэх тайлбарыг өглөө.

Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-30 43.242.242.59

Монголчуудад бүтээн байгуулалт огт таалагддаггүй юмаа. Харин жагсаал цуглаан зохион байгуулж түүнд оролцож хоногийн 100 мянган төгрөг вач үнэгүй хиам идэх нь дээр санагддаг. Засгийн газраа огцруулж тоглодог улс монголоос өөр байхгүй. Ажил хийдэг хүнийг бол муулаад харааж зүхээд бөөн юм болно. Тамын тогоотой гэдгээрээ гайхуулдаг. Сургууль барих нэрээр мөнгө идэх гэж байгаа учир барилгыг зогсоохыг шударга иргэд шаардаж байна. Мөнгө иднэ шүү

Avatar

М 2026-03-30 66.181.180.39

МАНы ордонг их хурдан барьсандааа

Avatar

Нэргүй 2026-03-30 66.181.187.142

Наранбаяр гэх гайтай этгээд сайд болсноор энэ салбар нурж уналаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж