Э.Амартүвшин: Эх орондоо очиход нэг тоглолт дутуу байна

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин: Эх орондоо очиход нэг тоглолт дутуу байна

Э.Амартүвшин: Эх орондоо очиход нэг тоглолт дутуу байна

“Утасны анд” энэ удаад гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшинтэй холбогдлоо. Тэрээр Италийн хамгийн эртний театр болох “Арена Ди Верона”-д “Аида” дуурьт дуулжээ.


–Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе?

-“Зууны мэдээ” сонины уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе.

–Та Италийн их театрт “Аида” дуурьт дууллаа. Дуурийн тухай, таны тухай сенсааци цахим ертөнцийг донсолгож байна?

-Баярлалаа. Тоглолт их сайхан боллоо. Сэтгэл минь их хөдөлсөн. Үзэгчид ч  сайхнаар хүлээж авсанд баяртай байна. Аливаа уран бүтээл хамтын хөдөлмөрөөр бүтдэг шүү дээ. Тиймээс хамтран тоглосон уран бүтээлчиддээ халуун баяр хүргэе.

–Энэ удаагийн тоглолтыг дэлхийн алдартай удирдаач дохилоо?

-Веронагаас гаралтай Андрей Патнистони гээд гайхалтай удирдаачтай хамтарлаа. Хэдийгээр 31 настай ч авьяас, чадвараараа хэдийнэ дэлхийн хэмжээний удирдаач болсон. Ер нь “Аида”-д дуулсан баг дэлхийд алдартай уран бүтээлчид байлаа.

–Удирдаачаас гадна Радамес нь тантай олон удаа нэг тайзан дээр дуулсан тенор харагдаж байсан?

-Вальтер Пракаров дэлхийд алдартай тенор. Хэдийгээр 58 настай ч хоолойны чадал сайтай. Бид энэ дуурьт дөрөв дэх удаагаа хамтарлаа.

-“Аида”-ийн өмнө “Набуко”-д дуулсан байх аа?

-“Набуко” дуурь ч их сайхан болсон. Монголоо үзэгчид их ирсэн. Монголчуудаа харахаар сэтгэл их хөдөлдөг.

–Монголчууд таны тоглолтыг зорьж, очиж үздэг юм билээ?

-Лондонгоос гэр бүлээрээ “Набуко” дуурийг үзэх гэж хүмүүс ирсэн. Бяцхан үзэгчид хүртэл тоглолтын дараа баяр хүргэсэн нь их сайхан санагдсан. Ер нь хаана ч тоглосон сонгодог урлагт хайртай, элэг нэгтнүүд минь ирж үздэг болсон байна.

–Та Италид багагүй хугацааг өнгөрүүллээ. Хэзээ эх орондоо ирэх вэ?

-Би Италид “Набуко” дуурьт дөрвөн удаа, “Аида”-д таван удаа дуулах төлөвлөгөөтэй ирсэн. Одоо нэг тоглолт үлдчихээд байна. 2019 болон 2020 оны төлөвлөгөөгөө гаргачихаад удахгүй эх орондоо очно.

Эх сурвалж: Зууны мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж