Монголчууд унах, сэхэхийн заагт иржээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монголчууд унах, сэхэхийн заагт иржээ

Монголчууд унах, сэхэхийн заагт иржээ

​Баян, ядуугийн ялгаа долоо дахин зөрүүтэй болов​

Эдийн засаг өссөн ч ядуурал буурсангүй. Өнгөрсөн онд улсын эдийн засаг 5.1, энэ оны эхний хагас жилд 3. хувьд хүрч сэргэсэн ч энэхүү эерэг өөрчлөлт ард иргэдэд төдийлэн мэдэгдэхгүй байна. Хүн амын гуравны нэг нь буюу 29.6 хувь нь ядуу амьдарч, захын хорооллын иргэд дэлгүүрээс талх таллаж, ургамлын тос граммаар авдаг хэвээр. Монгол улс бүс нутгийн орнууд дундаа ядуурлын хувь, хэмжээгээр өндөрт тооцогдож буй. 1995 оноос хойш уул уурхайн салбарын өгөөжөөр эдийн засаг эрчимтэй өссөн ч үүнтэй харьцуулахад ядуурал дорвитой буураагүй гэж эдийн засагчид үздэг. Дундаж давхарга ч улам хумигдаж, нэг л эвгүй гишгэхэд ядуучуудын эгнээнд орох “эмзэг” хэсгийнхэн хэдэн мянгаараа бий болжээ. Улс оронд өчнөөн бүтээн байгуулалт өрнөж, ДНБ өссөн ч энгийн ард иргэдийн нуруун дээрх ачаа яагаад хөнгөрөхгүй байна вэ. Эдийн засгийн том тоонууд өсөх нь иргэдийг ядуурал, ажилгүйдлээс ангижруулдаггүй гэж үү. АНУ-д эдийн засаг нэг хувиар өсөхөд ажилгүйдэл дунджаар 0.5 хувиар буурчээ. Польш, Испанид эдийн засаг 2-3 хувиар өсөхөд ажилгүйдэл мөн дунджаар 0.5 хувиар багассан. Харин Вьетнамд 1990-2000 онд ДНБ нэг хувиар өсөхөд ядуурал 1.3 хувиар буурсан судалгаа байна.

Тэгвэл Тайланд, Малайз, Шри Ланкад 1980-1990 онд эдийн засаг өсөхөд ядуурал нэмэгджээ. Үүнээс үзэхэд эдийн засаг өсөхөд ядуурал, ажилгүйдэл заавал буурдаггүй аж. Харин эдийн засгийн өсөлтийг зөв бодлогоор чиглүүлж чадсан улс орон л өгөөжийг нь хүртдэг. Үндэсний статистикийн хорооноос улсын эдийн засгийн өсөлт хэзээ иргэдийн амьдралд үр нөлөөгөө үзүүлэх талаар судалгаа хийжээ. 1995-2017 оны хоорондох эдийн засгийн үзүүлэлтүүдийг авч үзвэл манай улсад эдийн засгийн өсөлт нь ядуурлыг тухайн жилдээ бус харин хоёр жилийн дараагаар бууруулдаг гэсэн дүн гарчээ. Тэгэхээр 2017 оны 5.1 хувийн өсөлтийн өгөөжийг бид 2018 онд хүртэх боломж байна. Өөрөөр хэлбэл, ирэх онд ядуурлын түвшин 29.6 хувиас 5.3 пунктээр буурч, 24.3 хувь болно гэсэн үг. Гэхдээ мэдээж ядуурлыг онилсон зөв бодлого явуулбал шүү дээ. Хэдийгээр эдийн засаг сэргэх нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, өрхийн орлогыг ахиулдаг ч үүний зэрэгцээгээр инфляц өсөх шалтгаан болдог. Цалин нэмэгдлээ ч худалдан авч буй бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад өсөөд байвал иргэдийн амьдралд ямар ч өөрчлөлт гарахгүй нь мэдээж.

ДНБ-ий өсөлтийн өгөөжийг 2019 онд хүртэх боломж бий

Түүнчлэн баялгийн тэгш бус хуваарилалт ядуурлыг бууруулахад хамгийн их тээг болдог. Эдийн засгийн өгөөжийг цөөн хэдэн хүн л хувааж идээд байвал ядуурал харин улам ч нэмэгдэнэ. 2012 онд манай улсад баян, ядуу иргэдийн хэрэглээний ялгаа тав дахин зөрүүтэй байв. Харин 2016 оны байдлаар долоо дахин болж хурдацтай нэмэгджээ. Хамгийн чинээлэг хэсгийн нэг хүн сард дунджаар 605.4 мянган төгрөг хэрэглэж байгаа бол ядуу иргэн сард 78.4 мянган төгрөгийн хэрэглээтэй байгаа юм. Энэ тоо эрх мэдэлтнүүд, цөөн хэдэн баячууд улсын ашиг, орлогыг хувааж иддэг гэх иргэдийн бухимдлын тоон илэрхийлэл болж байна. Хөгжиж буй орнуудад нялхсын өвчин гэж нэг юм бий. Мөнгөтэй, орлоготой болмогцоо нийгмийн халамж, эргэж ашиг оруулахгүй том бүтээн байгуулалтуудад мөнгө цацахыг ийнхүү нэрлэдэг. Эдгээр нь ядуурлыг бууруулах биш харин ч тэжээдэг.

Хэрэв ядуурлыг үхлийн уршигтай хорт хавдартай зүйрлэвэл түүнийг тэжээгч нь хэт тэлсэн, замбараагүй халамжийн бодлого гэж хэлж болно. Гэтэл манай улсын халамжийн бодлого улам л тэлж байгаагаас хумигдсан нь үгүй. Хавтгайрсан халамжийн бодлого эдийн засгийг түр зуур идэвхжүүлэхээс биш ядуу иргэний амьдралыг өөд татах нь юу л бол. Харин ч ажлын байр, цалин нэмэх боломжийг тэр хэрээрээ хааж байдаг. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2030 он гэхэд ядуурлыг тэг болгоно гэж тусгасан. Хэрэв эдийн засаг, улс төрийн бодлогоо зөв залуурдаж чадвал тэг биш юм гэхэд нэлээдгүй хувиар бууруулах боломжтой. БНХАУ гэхэд 2012-2015 оны хооронд 60 сая иргэнээ ядуурлаас гаргасан гэдгээрээ бахархаж байна. Дэлхийн банкны судалгаанд “Эдийн засгийн өсөлт нь ядуурлыг бууруулах үндсэн нөхцөл мөн. Гэхдээ энэхүү өсөлтийг хэрхэн үр дүнтэй ашиглаж чадах эсэхээс шалтгаална” гэжээ.

Ер нь манайх шиг хөгжиж буй орнуудад ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь эдийн засгийн өсөлтийг хүний хөгжилд, тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү ашиглах нь зүйтэй гэж үздэг аж. Харин буруу тийш хазайлгавал Монгол улс мөддөө сэхэхгүй нь. 2021 оноос Монгол улс болон дэлхийн эдийн засаг уруудах төлөв гараад буйг эдийн засагчид сануулсаар байгаа. Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өссөнөөр улсын төсвийн орлого нэмэгдсэн. Хэрэв бид энэ “алтан” үеийг л ашиглаж сэхэхгүй бол дахиад өчнөөн олон жил ядуурлын хүлээсэнд хүлэгдэхээр байна. Дээр нь 2020 оны УИХ-ын сонгуулийг угтаж халамжаа нэмж, төсвийн мөнгөөр туйлчихвал ядуурлаас гарах байтугай, ядуурлын хэмжээг яаж өсгөхгүй тогтоон барих вэ гэдэгтээ тулах нь. Монгол улсын хүн амын гуравны нэгийг туйлдуулж буй “граммын” эдийн засаг хэзээ төгсөх вэ гэдгийг уул уурхайн үнийн өсөлт, ашиг орлогоос илүү төрийн өнөөдрийн бодлого, маргаашийн алсын хараа шийднэ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!