"Баримтаа идэвхтэй бүртгүүлдэг хүмүүс олон удаа сугалаанд хождог"

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

"Баримтаа идэвхтэй бүртгүүлдэг хүмүүс олон удаа сугалаанд хождог"

"Баримтаа идэвхтэй бүртгүүлдэг хүмүүс олон удаа сугалаанд хождог"

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны тохирол өнгөрсөн ням гаригт /2018.08.19/  явагдаж, нийт 20354 иргэн азтан болсон юм. Үүн дотор таван сая төгрөгийн 24 азтан тодорлоо. Гэвч иргэд мэдээлэл дутуу байгаагаас үүдэн азтан болсон эсэхээ хэрхэн шалгахаа мэдэхгүй байгаа юм. Иймд НӨАТ-ын талаарх нэгдсэн мэдээлэл өгөх үүднээс Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн Олон нийттэй харилцах албаны менежер Б.Чинзоригтой ярилцлаа.


-Таван сая төгрөгийг 24 азтан хожлоо. Азтан маань сугалааны мөнгөө хэрхэн авах вэ. Баримт шаардлагатай юу?

-НӨАТ-ын сугалааны тохирол сар бүрийн гурав дахь долоо хоногийн ням гаригт явагддаг. Долдугаар сарын 1-31-ний хооронд хэвлэгдсэн төлбөрийн баримтын сугалаа тохирол өнгөрсөн ням гаригт болж өнгөрлөө. Нийт 20354 азтан тодорсон байна. Үүнээс 50.000 мянган төгрөгийг 18327 хүн , 200.000 мянган төгрөгийг 1827 хүн, нэг сая төгрөгийг 176 хүн, таван сая төгрөгийг 24 хүн тус тус хожсон байна. Хонжвор хожсон мөртлөө хүсэлтээ баталгаажуулаагүй хүмүүсийн гар утасны дугаар луу нь мсж явуулдаг. Өнөөдрийн байдлаар хүмүүсийн 40 орчим хувь нь хонжвороо баталгаажуулчихсан байна.

Энэ удаа супер азтан хараахан тодроогүй учраас дараагийн сугалааны тохирол дээр супер азтаны шагналын сан 25 сая төгрөг байсан бол нэмэгдээд 125 сая төгрөг болж нэмэгдсэн.  50-200 мянган төгрөг хожсон азтанууд маань ebarimt.mn болон гар утасныхаа аппликейшн рүү ороод хонжвор авах хүсэлтээ гаргадаг. Хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дараа хонжворын мөнгө нь Төрийн сангаас шилжиж ордог. Нэг сая болон түүнээс дээш төгрөг хожсон тохиолдолд азтан өөрийн биеэр и-баримтаас хонжвор авах хүсэлтээ татаж аваад бичиг баримттайгаа цуг авчрах ёстой. Ингэхдээ хонжворын баримтаа хавсаргана.

-Сугалааны тохирол ямар журмаар явагддаг вэ. Баримтыг хэзээ нь баталгаажуулсан байх ёстой вэ?

-Сугалааны тохирол бөмбөлөг үлээх зарчмаар явагддаг. Тухайлбал, тус бүрдээ 0-9 бөмбөлөг бүхий найман шилэн хорготой хоёр сугалааны машин байдаг. Үүн дотроос санамсаргүй түүврийн аргаар явуулдаг. Тэгэхээр ямар нэгэн программ шаардагддаггүй гэсэн үг. Зөвхөн баталгаажсан баримт л сугалаанд оролцож байгаа. Баталгаажсан баримтууд дунд бөмбөлөг үлээгээд гарч ирсэн найман орон сүүлээсээ гурван орон таарсан бол 50.000 төгрөг, дөрвөн орон таарсан бол 200.000 төгрөг, таван орон таарсан бол сая төгрөг хожих зарчмаар явагддаг.

Мөн сугалааны тохиролд хяналт тавихаар Монгол улсын Сангийн яам,Татварын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан бага ажилладаг. Тухайн сугалаанд оролцохын тулд өмнөх сарын 1-нээс 31-ний хооронд хийгдсэн төлбөрийн баримтыг дараагийн сарын тохирлын өмнөх өдөр 23 цаг 59 минут 59 секундээс өмнө баталгаажуулсан байх ёстой.

-Танай байгууллагын ажилтан 30 гаруй удаа азтан болсон гэдэг мэдээлэл гарснаа үүдэн програмын аргаар сугалаанд хожиж болно гэсэн буруу ойлголт иргэдийн дунд хүчтэй түгсэн

– Албан ёсоор хэлэхэд энэ мэдээ ор үндэсгүй, худал. Хэн нэгэн хүн 30 гаруй удаа хожсон тохиолдол ч байхгүй. НӨАТ-ын сугалааг бөмбөлөг үлээх зарчмаар буюу ямар нэгэн программ ашиглахгүйгээр, санамсаргүй түүврийн аргаар явуулдаг.

-Тэгвэл нэг хүн сугалаанд 2-3 удаа хожсон тохиолдол бий юу?

-Тийм тохиолдол бий. Тухайн хүн олон баримт бүртгүүлэх тусам сугалаанд хожих магадлал нь өснө. Манай сугалаа 1000 баримт тутамд нэг азтан тодрох магадлалтай. Баримтаа идэвхтэй бүртгүүлдэг хүмүүс олон удаа сугалаанд хожсон тохиолдол байдаг. Мөн дэлгүүр, худалдааны төвүүдэд хэрэглэгчдийн үлдээсэн төлбөрийн баримтыг ажилчид нь их хэмжээгээр бүртгүүлж олон удаагийн хонжвор хожсон тохиолдол гарч байсан.Тэгэхээр иргэд худалдан авалт хийж байгаа байгууллагуудаас төлбөрийн баримтаа заавал нэхэж авах хэрэгтэй. Үгүй бол таны төлбөрийн баримтыг ашиглаж сугалаанд оролцох магадлалтай.

-Гэхдээ иргэдийн дунд томоохон супермаркет болон томоохон худалдааны төвүүдээс авсан төлбөрийн баримтаар азтан болох магадлал өндөр байна. Харин минимаркет ч юм уу, жижиг худалдааны төвүүдээс худалдан авсан төлбөрийн баримтаар азтан болох боломж бага байна гэсэн хандлага байдаг. Энэ талаар…

-Тийм зүйл байхгүй. Томоохон супермаркет ч бай,жижиг дэлгүүр ч бай адилхан сугалааны дугаар хэвлэгддэг учир ямар ч ялгаа байхгүй. Тухайн сард хэр олон сугалаа бүртгүүлнэ тэр чинээгээрээ хонжвор хожих магадлал ихэснэ.

-Дансны мэдээллээ баталгаажуулаагүйн улмаас хонжворын мөнгөө авах эрхгүй хэр олон хүмүүс байгаа вэ?

-Дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас сугалааны хонжвороо аваагүй, мөн өнгөрсөн оны буцаалтаа аваагүй тохиолдлууд цөөхөн бий. Сугалаанд хожсон азтануудын 90 орчим хувь нь өөрийнхөө нэвтрэх эрхээр ороод хонжвороо баталгаажуулаад авчихсан байгаа.  Иргэдэд хандаж хэлэхэд дансны мэдээлэл болох овог нэр регистрийн дугаар банкны нэр дансны дугаар утасны дугаар зэргийг сайтар шалгах хэрэгтэй. Хэрэв алдаатай бол алдааг нь засаж оруулаад дараа нь сугалааны хонжвор хожсон хүсэлтээ баталгаажуулна. Хүсэлтээ баталгаажуулах дансны мэдээлэл солих хоёр өөр үйлдэл. Хүмүүс үүнийг их андуураад байдаг юм.

-Иргэдийн баримтаа бүртгүүлэн мөнгө хожсон ч дансанд нь орохгүй байх тохиолдол гардаг. Энэ нь баримтаа алдаатай бүртгүүлээд байна гэсэн үг үү?

-Хүсэлтээ баталгаажуулаагүй аль эсвэл хүсэлтээ баталгаажуулсан хэрнээ мөнгө нь орж ирэхгүй байгаа бол тухайн хүний дансны мэдээлэл алдаатай байна гэсэн үг. Дансны мэдээлэл асуудалгүй хүсэлтээ баталгаажуулсан бол 14 хоног дотроо хонжворын мөнгө таны дансанд орно. Буруу бүртгүүлсэн тохиолдолд манайхаас буцаагдсан төлөвтэй болдог учир дансны мэдээллээ засаад дахиад хүсэлтээ гаргахад болно.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж