Хоёр Солонгосын ард иргэд уулзаж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгосын ард иргэд уулзаж байна

Хоёр Солонгосын ард иргэд уулзаж байна

Солонгосын иргэний дайнаар хагацаж, салсан гэр бүл хамаатан саднууд уулзалдах болсон талаар өчигдөр /2018.08.20/ мэдээлсэн. Уулзалтад оролцох болсон ахмадууд хил давж Хойд Солонгосын Кумганг уулын жуулчны баазад байрлаж дайнаар хагацсан Хойд Солонгосын төрөл төрөгсөдтэйгөө уулзаж байна.

Уулзалтаар 99 настай Хан Шин-Жа өөрийн хүүхдүүдтэйгээ уулзжээ.Эхийгээ өөрсдийн нүдээр харсан 71, 72 настай хүүхдүүдийн нүдэнд нулимс цийлгэнэж байжээ. “Би дайнаас болж гэрээсээ зугтсан…” хэмээн эх Хан Шин-Жа охидууддаа хэлэх гэсэн үгээ дуусгаж чадалгүй уйлсан аж.

Өмнөд болон Хойд Солонгос улсын түүх болон өв соёлыг холбох зүйлийн нэг бол үндэсний хувцас нь юм. Уулзалтад оролцож буй ахмадууд бүгд л үндэсний ханбокоо өмсөж гэр бүлийн хүмүүстэйгээ уулзаж байна. Уулзалтад Өмнөд Солонгос улсаас 89 харин Хойд Солонгосоос 185 хүн оролцож байгаа бөгөөд нулимс, баяр хөөрөөр дүүрэн уулзалт болж байгаа аж.

Өмнөд Солонгосын иргэн Ли Су-Нам өөрийн дүү болох Ли Жонг-Сёоингтой 68 жилийн дараагаар уулзсан байна. “Миний бодлоор бидний хооронд асар их ялгаа байна. Хэл, сэтгэлзүй, амьдралын хэв маяг зэрэг олон зүйл дээр ялгаа гарч ирэх байх. Би түүнээс Хойд Солонгосын дарангуйлал дор ямар зовлон үзсэн талаар асууж чадахгүй байна шүү дээ” хэмээн Ли Су-нам ярьжээ. Хэтэрхий их гомдож, уйлснаас болж түүнийг Хойд Солонгосын уулзалтыг зохион байгуулагчид хүртэл тайтгаруулсан аж.

Өмнөд Солонгосын ахмадууд он удаан жил уулзаагүй гэр бүл, төрөл саднуудтай бэлэг сэлт өгөхөөр авчирчээ. Ихэнх нь өдөр тутмын хэрэглээний шүдний оо, оймс, эм болон бусад зүйлүүд байсан байна. Тэгвэл уулзалтыг зохион байгуулж буй Хойд Солонгосын зохион байгуулагчид ард иргэддээ Өмнөд Солонгосын иргэдээс мөнгө авч болохгүй талаар сануулжээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын зохион байгуулагчид иргэддээ Хойд Солонгосын үзэл суртал агуулсан бэлэг сэлтээс татгалзах талаар зөвлөсөн аж.

Өмнөд Солонгост 132 мянган хүнийг иргэний дайны улмаас хагацсан гэсэн тоо судалгааг гаргасан бөгөөд үүнээс зөвхөн 57 мянган хүнийг Улаан загалмайн нийгэмлэг тодруулж чадсан бөгөөд ихэнх хүмүүс нь 80-аас дээш настай хүмүүс байгаа аж. Хоёр Солонгос уг уулзалтыг 2000 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтыг гурван жилийн дараагаар зохиож байна.

“Өмнөд болон Хойд Солонгосын ард иргэд гэр бүл төрөл төрөгсөд амьд үгүйг нь мэдэхгүйгээр нас барна гэдэг том харуусал. Бид хоёр Солонгосын хооронд дайнаар хагацсан гэр бүлүүдийг холбох уулзалтыг чухалчилж мөн хүмүүнлэгийн тусламжийн төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна” хэмээн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгджээ.

Эх сурвалж: Guardian
Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж