Н.Энхбаяр: МАНАН-г ялж байж Монгол ялна

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр: МАНАН-г ялж байж Монгол ялна

Н.Энхбаяр:  МАНАН-г ялж байж Монгол ялна

Монголын ногоон нам, Иргэний Зориг ногоон нам, Монголын Үндэсний Ардчилсан нам, МАХН гэсэн дөрвөн хамтарсан мэдэгдэл гаргасан талаар өнөөдөр /2018.08.21/ мэдээлэл хийв. 

Монголын Ногоон Намын дарга О.Бум-Ялагч тус мэдэгдлийг уншиж танилцуулахдаа тэрбээр “Монголын төр засаг сүүлийн 100 жилд тохиогоогүй гүн гүнзгий хямралд орлоо. Төрийн алба эмх цэгцгүй байдлаа алдаж, гэмт хэрэгтнүүд сүрэглэн шургадаг, тэд хууль бус үйлдлээ хамгаалуулдаг цайз болон хувирав. Монголд амьдарч байгаа иргэнийг  хулгайлах, төрийн албанд ажиллаж байгаа хүнийг алах зэрэг аймшигт гэмт хэргүүд гарч түмэн олныг цочирдууллаа. Монголын төр сонгуулиас сонгуульд улам сульдан эзгүйрч зөвхөн нам дамжсан цөөн хэдхэн  бүлэглэлүүдийн хоорондын наанаа тэмцэж байгаа нэртэй жүжиглэдэг, цаагуураа үгсэн хуйвалдаж эх орон, ард түмнийхээ баялгийг ханаж цадахыг мэдэхгүйгээр иддэг газар болон хувирлаа. Монгол Улсад МАНАН-гийн эсрэг тэмцдэг, дуугардаг луйвар булхайг нь илчилдэг ард түмнийхээ эрх ашгийг хамгаалдаг хүмүүс, улс төрийн хүчнүүд байна. Харин МАНАН эрх мэдлээ авч үлдэхийн тулд үхэн хатан зүтгэж өрсөлдөгч намууд, хүмүүсийг оролцуулахгүй байхын тулд элдвийн хиймэл саад бэрхшээл учруулсаар байна. МАНАН-гийн даалгавраар ИЗЗН намыг УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуулиар эзэн Чингисийн төрсөн нутгийнхан өөрсдөд нь муу дүн тавина хэмээн айсандаа Үндсэн хуулийн цэц мэт хууль, шүүхийн байгууллагынхныг ашиглан нөхөн сонгуулийг болгохгүй хэмээн улайран зүтгэж байна.

УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж Оюутолгойн гэрээг цуцлах эсэх асуудлаар ард түмний дунд санал асуулга явуулах, шийдвэр гаргах, 60 тэрбумын луйвар булхайн талаар  олон нийтийн өмнө нээлттэй сонсгол зохион байгуулах зэрэг өнөөгийн  улстөр, нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлуудыг яаралтай шийдвэрлэхгүй бол УИХ-ыг тараах санал асуулгыг улс орон даяар өрнүүлж  Хүчирхэг, Хүнлэг Монгол Улсаа сэргээн байгуулах үйл хэргийг эхлүүлэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

МАНАН-гийн бүлэглэл аливаа сонгуульд хүнийг нь эсвэл намыг нь оролцуулахгүй гэж хасдаг боллоо. Бүр сүүлдээ сонгуулийг нь хасдаг байдлаар монголд өнөөдөр ардчилал, хариуцлагатай төр бий болгож чадахгүй. Нөхөн сонгуулийг яаралтай явуулж Хэнтий аймгийн 42-р тойргийн иргэдийг төлөөлөлттэй болгох хэрэгтэй. Нөхөн сонгуульд манай намаас хэн ч нэр дэвшсэн ялахын төлөө ажиллана. МАНАН-г ялахгүй бол Монгол ялагдана. МАНАН-г ялж байж Монгол ялна. Зөвхөн Хэнтий аймгийн сонгууль биш. Энэ бол монголын ард түмний сонгууль. Монголд өнөөдөр МАН, АН-аас өөр нам байхгүй юм шиг тэд бодож 26 жил жүжиг тавилаа.

Иргэний зориг ногоон намын дарга  Ц.Ганхуяг:

Манай намыг намынхаа зарлагын тайланг өгөөгүй гэдэг шалтгаанаар Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзсан. Энэ нь сонгох, сонгогдох эрхэнд ноцтой халдаж буй хэлбэр. Сонгуулийн ерөнхий хороо шүүх байгууллага болж хувирсан байна. Шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг, намын дотоод үйл хэрэгт оролцдог зэрэг улс төрийн намын үйл ажиллагаанд илт халдах болсон. Сонгуулийн ерөнхий хороонд томилогдсон удирдлагууд нь хоёр намын гар хөл болж, тэднийхээ хүсэл зоригийг илэрхийлдэг ийм л байгууллага болж хувирсан. Уг нь бол СЕХ-ны үүрэг нь сонгуулийг будилаангүй, шударга явуулах үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага шүү дээ. Гэтэл төрийн үйлчилгээний байгууллага нь өөрөө өнөөдөр хүний эрх, эрх чөлөө, улс төрийн намын эрх чөлөөнд халдаг байгууллага болчихсон байна. Монгол Улс иргэнийхээ сонгох, сонгогдох эрхэд хэзээ халдаж болох уу гэхээр дайны болон онц байдал зарлагдсан тохиолдолд Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон хүний эрхэд хязгаарлалт хийж болно гэж Үндсэн хуульд заасан байдаг. Үүнээс бусад тохиолдолд улс төрийн намыг сонгуульд оролцуулахгүй байх, тухайн нэр дэвшигч гэмт этгээд биш л бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зэрэг ямар ч эрхзүйн орчин байхгүй. Гэтэл СЕХ Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж манай намыг нөхөн сонгуульд бүртгэхээс татгалзлаа. Нэр дэвшигчийн болон намын зарлагын тайлан гэж хоёр төрөл. Манай намын нэр дэвшигч тухайн үед зарлагын тайлангаа аудитаар баталгаажуулаад хуулийн хугацаанд нь өгсөн байдаг. Бидний авсан мэдээллээр СЕХ-нд 200 гаруй нэр дэвшигч тайлангаа ирүүлээгүй байна гэсэн асуудал яригдаж байгаа. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж