Ш.Наранчимэг Соёлын тэргүүний ажилтан боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

Ш.Наранчимэг Соёлын тэргүүний ажилтан боллоо

Нэрт эрдэмтэн өвөөгийн ач, Б.Бадрууган агсны ууган хүү Б.Наранзун “Цэнгэн хөгжилдье” хэмээн зохиож, DZ man-аар дуулуулж, шаггүй авьяастай, мэдрэмжтэй продюссер болохоо харуулж байсан цаг саяхан. Баруунд өндөр боловсрол эзэмшсэн, багаасаа урлагийн амьд орчинд төрж өссөн тэрээр нэг л өдөр БСШУЯ-ны Соёл урлагийн газрын дарга хэмээх албанд очиж, олон хүнийг алмайруулсан гэж болно. Соёлын яамны дайнд бодлого боловсруулж, Монголын урлаг соёлын нүүр царайг илтгэж, зангидах чамгүй хүнд ачааг аваад удаагүй байгаа тэрээр анхны шагналаа сонгодог урлагийн тайзнаа дуурийн дуучинд гардуулж өглөө. ДБЭТ-ын гоцлол дуучин Ширмэнгийн Наранчимэг өнгөрсөн баасан гаригт уран бүтээлийн 3 дахь бие даасан тоглолтоо хийн, анх удаа микрофонгүй дуулж, үзэгчдийг гайхашруулсан юм. Эцэст нь Соёл урлагийн газрын залуухан, шавилхан дарга Буриадын Улаан-Үдийн Соёлын яамны сайдтай хамт гарч ирэн дуучин Ш.Наранчимэгт Соёлын тэргүүний ажилтан хэмээх шагналыг гардуулж өгсөн юм. Дуурийн дуучны хүчтэй хоолойг биширсэн тэрбээр “Соёлын тэргүүний ажилтан хэмээх энэ цолыг чухам ингэж дуулдаг дуучинд л өгөх ёстой юм байна гэдгийг маш сайн ойлголоо. Цаашид бид сонгодог урлагийг дэмжин ажиллах болно” хэмээн мэдэгдсэн байна. Буриадын Соёлын яамны сайдын зүгээс Монголд ирж, ийм гайхалтай тоглолт үзсэндээ маш их баяртай байгаагаа хэлж энэ намар их засварын дараа нээлтээ хийх Буриадын театрын нээлтэнд ирж дуулах урилгыг шинэхэн Соёлын тэргүүний ажилтанд өглөө.  
М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж