Наймдугаар сарын эхээр Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Эл явдлын дараа буюу энэ сарын 12-ны өдөр Засгийн газар шуурхай хуралдаж, ЗТХЯ-ыг удирдаж байсан сайд, дэд сайд, ТНБД-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Гэвч хэрэгт холбогдсон тус яамны газрын дарга нарт хариуцлага оногдуулсан эсэх нь тодорхойгүй байна. Тодруулбал,
Хамт архи уусан тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур
Төмөр замын бодлогын хэрэгжилт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Лхагвасүрэн
Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат
Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмаа
Мэргэжилтэн Н.Ганбаяр нарт ямар хариуцлага оногдуулсан, тэднийг ажлаас чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм
Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх таван албан тушаалтан өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд яамны зүгээс энэ талаар ямар ч мэдээлэл өгөх боломжгүй хэмээн өнгөрөгч долоо хоногт мэдээлж байсан юм.
Эл асуудлаар бид өнөөдөр /2018.08.21/ дахин тус яамыг зорилоо. Хэвлэлийн төлөөлөгчтэй уулзах гэсэн боловч гадуур ажилтай байсан тул дотогш оруулсангүй. Түүнтэй эргэн холбогдоход “Хэдхэн хоногийн өмнө холбогдох дарга нар ажлаас чөлөөлөгдсөн. Яг хэдний өдөр албан тушаалаас нь чөлөөлснийг сайн мэдэхгүй байна. Дэд сайд Л.Халтар одоогоор хэвлэлийнхэнд яриа өгөх боломжгүй байгаа. Удахгүй Дарханы замтай танилцах байх. Тэр үеэр сэтгүүлчид сонирхсон асуултаа асуух боломжтой” гэж мэдээллээ.
Э.Ариун