Цэрэг, цагдаагийн тэтгэвэр тэтгэмж буурахаас хамгаалсан хуулийн төсөл санаачилжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Цэрэг, цагдаагийн тэтгэвэр тэтгэмж буурахаас хамгаалсан хуулийн төсөл санаачилжээ

Цэрэг, цагдаагийн тэтгэвэр тэтгэмж буурахаас хамгаалсан хуулийн төсөл санаачилжээ

-Цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр, онцгой байдлын алба хаагчдын эрх зүйн байдлыг дордуулсан заалтыг өөрчилнө –

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарын гишүүд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтыг өөрчлөн хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ.

Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуульд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн долдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт өөрчлөлт орж, тэтгэвэр тогтоолгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан таван жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос зургаан жил буюу 72, 2020 оноос долоон жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон. Энэхүү заалт нь цагийн хязгааргүй, эрсдэлтэй нөхцөлд байнгын бэлэн байдалд ажилладаг салбарын алба хаагчид 2019 оноос цэргийн тэтгэврээ тогтоолгоход эдийн засгийн хувьд хохиролтой тусч байгаа юм. Өөрөөр хэлбэл, уг өөрчлөлтөөр тооцоход ахлагчийн цалин нэг сард 30704-33512 төгрөгөөр, офицерынх 48787-70081 төгрөгөөр, ахлах офицерынх 12834-35831 төгрөгөөр тус тус буурахаар байна. Тиймээс Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ”7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т “ гэснийг “ 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д” гэж, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төслийг боловсруулж, батлуулснаар тэтгэврээ тогтоолгох цэргийн алба хаагчаас гадна цагдаа, тагнуул, онцгой байдал, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр, шүүх шинжилгээ зэрэг байгууллагын олон мянган алба хаагчдын эрх зүйн байдлыг дээрдүүлэх ач холбогдолтой ажээ. Түүнээс гадна цэрэг, цагдаа, тагнуул, онцгой байдал, шүүхийн шийдвэр, шүүх шинжилгээ, авлигатай тэмцэх байгууллагуудын бэлтгэгдсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөц зохиомол хомсдолд орохоос сэргийлэх тустай юм.

Т.ОД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж