Хуурамч зайрмаг идсэн бол яах вэ!!!

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Хуурамч зайрмаг идсэн бол яах вэ!!!

Хуурамч зайрмаг идсэн бол яах вэ!!!

-Монгол руу хуурамч зайрмаг нийлүүлсэн фирм захиргааны хариуцлага хүлээжээ- 

Сүүлийн үед ОХУ-ын хэвлэлээр хуурамч, чанаргүй зайрмагийг Монгол руу экспортолж байгаа талаар нэлээд шуугьж байна. Энэ тухай https://roskachestvo.gov.ru/researches/icecream/ сайтад нийтэлжээ. Оросын чанарын албаныхан өнгөрсөн тавдугаар сард тус улсын бүс бүрээс 34 төрлийн ванилтай пломбир зайрмагийг дээж болгон авч, чанарын 51 үзүүлэлтээр шалгалт хийжээ. Шинжилгээгээр “Русский холод”, “Волгодский пломбир”, “Эскимос” гэсэн гурван тэмдэгт зайлшгүй шаардлагуудад нийцээгүй төдийгүй Оросын “ГОСТ” стандартаас хэтэрсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг нь тогтоогдсон байна.

Ингээд шалгалтаар Орост үйлдвэрлэж, худалдаалдаг нийт мөхөөлдөсний ердөө л 1/3 нь чанартай гэсэн дүгнэлт гарчээ. Үлдсэн хувь нь тослогийн хэмжээ нь хэтэрсэн, ургамлын гаралтай тос нэмсэн, өтгөрүүлэхийн тулд цардуул нэмсэн байжээ.

Түүнчлэн “Артек”, “Волгоградский пломбир” зайрмагнаас гэдэсний савханцар нян илэрсэн байна. Мөн левомицетин, тетрациклиний бүлгийн антибиотик зэрэг илэрснээс гадна бидний хамгийн их хэрэглэдэг “Золотой стандарт” зайрмаг хүчиллэг ихтэй байжээ.

Мөн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар (bezformata.ru) Оросын үйлдвэрүүд хуурамч зайрмагаа Монгол руу нийлүүлдэг гэв. Тухайлбал, тавдугаар сард Эрхүүгийн нэгэн фирм Монгол руу 1.4 гаруй тонн хуурамч зайрмаг экспортолсон асуудлаар Захиргааны хариуцлага хүлээсэн байна. Эрхүүгийн гаалийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр “ЛЕОВИТ нутрио” компанийн барааны тэмдэгт болох “ДАРТС” зайрмагийг өөр нэгэн үйлдвэр дуурайлган хийж, Монгол руу нийлүүлжээ. Тодруулбал “ДАРТС” нэртэй шоколадтай, самартай 21 мянга 504 ширхэг хуурамч зайрмагийг 28 ширхгээр 768 цаасан хайрцагт хийж Монгол руу гаргасан байна.

Хуурамч зайрмаг орж ирэх үндэслэлгүй

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Оюунцэцэг

Монголд хуурамч зайрмаг оруулж ирсэн эсэх талаар МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Оюунцэцэгээс тодрууллаа.

-Монгол Улс хэдэн орноос хэчнээн хэмжээний зайрмаг импортолж байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд энэ 2018 он гарснаар таван аж ахуйн нэгж ОХУ-аас давхардсан тоогоор 95 удаагийн импортоор 15.6 мянган тонн зайрмаг, хоёр аж ахуйн нэгж БНСУ-аас 33.1 тонн зайрмаг импортолсон байна.

-Зайрмагийг хилээр орж ирэхэд ямар шалгалт хийдэг вэ?

-Импортын хяналтыг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын конвенц, олон улсын болон үндэсний стандарт, холбогдох дүрэм, техникийн зохицуулалт зэргийг баримтлан хийдэг. Зайрмаг импортлоход зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байх ёстой. Мөн шаардлага хангасан хуулийн этгээдтэй гэрээ хийсэн байх шаардлагатай. Засгийн газрын 233 дугаар тогтоолоор зайрмаг нь их эрсдэлтэй бүтээгдэхүүнд хамаардаг. Уг бүтээгдэхүүнийг импортлоход гарал үүслийн бичиг, үйлдвэрийн чанарын гэрчилгээ, лабораторийн шинжилгээний дүн, худалдааны гэрээ зэрэг баримт бичиг шаардлагатай. Импортлох үед эдгээрт баримт бичгийн үзлэг хийгээд дараа нь бүтээгдэхүүнд биет үзлэг хийдэг.  Ингэхдээ тээвэрлэлт, бүтээгдэхүүний хаяг шошго зэргийг нь шалгадаг. Мөн эрсдэлтэй бүтээгдэхүүн тул импортлох бүрд нь лабораторийн шинжилгээнд хамруулдаг.  

-Зайрмаг импортлоход ихэвчлэн ямар зөрчил илэрдэг вэ?

-Одоогоор зайрмаг дээр ямар нэгэн зөрчил илрээгүй.

-ОХУ-аас Монгол руу хуурамч зайрмаг импортолсон байх юм. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Бид импортоор орж ирж буй бүтээгдэхүүнд биет үзлэг хийдэг, мөн лабораторийн шинжилгээнд хамруулдаг. Тиймээс хуурамч зайрмаг орж ирэх үндэслэлгүй. Импортоор орж ирж буй тухайн бүтээгдэхүүний үйлдвэр нь олон улсын чанарын удирдлагын тогтолцооны шаардлага хангасан байх ёстой. Чанарын удирдлагын тогтолцооны шаардлага хангасан үйлдвэрээс бүтээгдэхүүн импортлох хуультай. Ийм шаардлага хангаагүй бүтээгдэхүүн манайд орж ирэх боломжгүй.

Амтлаг, чихэрлэг зүйл нь архи, тамхитай адил хүнийг донтуулдаг

Мэргэжилтний хэлж буйгаар Монголд хуурамч, чанаргүй зайрмаг орж ирээгүй, тийм боломж байхгүй гэнэ. Харин хуурамч зайрмаг үйлдвэрлэн түүнийгээ Монгол руу нийлүүлсэн гэх фирм бусдын патентыг ашигласан үндэслэлээр ОХУ-д Захиргааны хариуцлага хүлээгээд байгаа юм.

Тус фирмийн бусдын бүтээгдэхүүнийг дуурайлгаж хийсэн зайрмаг Монголчуудын эрүүл мэндэд ноцтой аюул үүсгэсэн бол яах вэ. Тиймээс иргэд дор бүрнээ өөрийн эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай байна.

Зайрмаг хүний биед ямар ашигтай талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяраас тодрууллаа.  

-Зайрмаг хүний биед ямар ашигтай вэ?

-Зайрмагийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хийдэг ч сүүн бүтээгдэхүүнд тооцогддоггүй. Учир нь, зайрмагт агуулагдаж буй тослог, чихрийн хэмжээ, илчлэг өндөртэй тул эрүүл хүнсэнд багтдаггүй. Мөн сахар, илчлэгээрээ чихэр, ундаанаас өндөр найрлагатай байдаг.

-Чихэрлэг зүйл эрүүл мэндэд сайн биш гэдгийг хүмүүс мэддэг хэр нь хэрэглэсээр байгаа. Энэ хэрэглээг хэрхэн зохицуулах вэ?

-Амтлаг, чихэрлэг зүйл нь архи, тамхитай адил хүнийг донтуулдаг. Хэрэглэх тусам давтамж, хэмжээ нь нэмэгдээд л байдаг.  Тиймээс насанд хүрсэн хүн өдөрт 25-30 грамм сахар хэрэглэж болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага амтлаг бүтээгдэхүүнийг долоо хоногт 3-4 удаа хэрэглэхийг зөвлөдөг. Тиймээс идэж, ууж байгаа зүйлээ тооцоолох шаардлагатай. Насанд хүрсэн хүн өдөрт 1800-2400 ккал илчлэг авах ёстой. Үүгээр тооцоолоод өөрийн идэж, ууж байгаа зүйлийн илчлэгийг тооцох шаардлагатай.  

-Иргэд хоолны дараа дессерт болгон зайрмаг идэх нь элбэг байдаг. Энэ хэвшил эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?

-Бидний бие хоолыг шингээх гэж байтал энгийн нүүрс ус агуулсан ундаа, чихэр нь хоол боловсруулалтыг удаашруулж, улмаар шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүйд хүргэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж