Манай улс жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” болгон орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар энэ жилийн наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 25-ныг хүртэл ‘Залуучуудын хөгжлийн сар’ аян болгон зарлаж, тус аяны хүрээнд төрийн болон төрийн бус, ОУ-ын байгууллагууд хамтран нийт 24 үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
“Залуучуудад ээлтэй, аюулгүй орон зайг бий болгоё” уриатай “Залуучуудын хөгжлийн сар” аяныг Монгол Улсын төр, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нэгдмэл бодлоготой байлгах зорилгоор зохион байгуулж байна.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Залуучуудын хөгжлийн сар аяныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байгаа юм. Энэхүү аяны үр дүнд 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон энэхүү хуулийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт шинээр байгуулсан Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны талаар мэдээллийг иргэдэд танилцуулах болно” гэв.
Монгол Улсын нийт хүн амын 33.7 хувийг буюу гурван хүн тутмын нэгийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа. Тэдний 26.6 хувь нь суралцаж, 47.3 хувь нь хөдөлмөр эрхэлж, 14.4 хувь нь ажилгүй байна. Хөдөлмөр эрхэлж буй залуучуудын 20.2 хувь нь аж үйлдвэрийн салбарт, 50.8 хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байна. Идэвхтэй ажил эрхлэх боломжтой, хөдөлмөрийн насны залуучуудыг нарийн мэргэшсэн ажлын байранд холбож, тогтмол орлоготой болгох нь улсын хэмжээнд тулгамдсан асуудал болоод байна.
Иймээс эрүүл чийрэг, оюунлаг, бүтээлч залуучууд манлайлсан Улаанбаатар хотыг бий болгохын тулд “Залуучуудын хөгжлийн сар” аяныг тохиолдуулан олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.