"Улстөрчдөд МҮЭ-ийн холбоог ашиглах сонирхол байдаг"

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

"Улстөрчдөд МҮЭ-ийн холбоог ашиглах сонирхол байдаг"

"Улстөрчдөд МҮЭ-ийн холбоог ашиглах сонирхол байдаг"

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай багш нарын цалингийн асуудлаар цөөн хором ярилцлаа


-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр үр дүнгээ өгөхгүй бол багш нарын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд есдүгээр сарын 3-нд хичээл эхлүүлэхгүй ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Уг асуудалд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийн хувьд ямар тайлбар өгөх вэ?

-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хэлэлцээрээр зөвхөн багш нарын цалингийн асуудлыг ярьдаггүй. Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг зэрэг төрийн үйлчилгээ үзүүлж буй бүх төрийн албан хаагчийн цалин хөлсний асуудлыг нийтлэг хэлбэрээр авч шийдвэр гаргадаг. Үүний дотор багш нарын цалингийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай байгаа нь үнэн. Төрийн албанд ажиллагсдын цалин хөлсийг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэхгүй байгаа учраас МҮЭ-ийн холбооноос хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлчихсэн байгаа. Есдүгээр сарын 1-нд эсвэл 3-нд ажил хаях үгүй эсэхийг боловсролын салбарынхан өөрсдөө сонгоно. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хамтын маргааны дагуу цалин хөлс нь нэмэгдэхгүй, маргаантай, хүлээлттэй байгаа салбарууд ажил хаялтын хэлбэрт шилжих эсэх нь тухайн салбарын өөрийнх нь эрх байдаг.  Хэрэв гурван талт улсын хэлэлцээр үр дүнтэй болбол багш нарын тэмцлийн үйл ажиллагаа зогсох байх. Уг хэлэлцээрт МҮЭХ-ны гишүүн байгууллага болох БСШУСЯ-ны Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлага орж байгаа. Хэлэлцээрийн дараа  салбарынхаа ҮЭ-ээр дамжуулан боловсролын салбарын ажиллагсад өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх байх гэж бодож байна.  

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос багш нарын ажил хаях эсэх МҮЭХ-оос хамаарна гэдэг тайлбарыг хийж байсан нь ямар учиртай юм бэ?

Багш нарын цалин хөлс дэндүү бага байгаа учраас тэд ҮЭ-ийн байгууллагаараа дамжуулж улсын гурван талт хэлэлцээрт цалин нэмэгдүүлэх асуудлаа тусгуулсан. Уг нь 2014 оноос хойш дээрх саналаа хэлэлцээрт тусгасан ч харамсалтай нь Засгийн газар эдийн засаг хүнд байна гэдэг шалтгаанаар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Ийм учраас ҮЭ-үүд нийтлэг эрх ашгийнхаа үүднээс тэмцлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа. Хөдөлмөрийн хамтын маргааны дагуу зуучлагчийн үйл ажиллагаа дуусаад МҮЭ-ийн холбоо тэргүүлэгчдийнхээ хурлаар уг асуудлыг авч хэлэлцээд дараагийн үе шат буюу Арбитрын үе шатыг дамжих шаардлагагүй гэж үзсэн. Хэрвээ Засгийн газар цалин нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ирэх есдүгээр сараас хуулийн хүрээнд ажил хаялт зохион байгуулна гэдэгт ҮЭ-үүд нэгдсэн. Гэхдээ өнөөдөр шууд ажил хаяхаар боллоо гэдэг шийдвэрийг албан ёсоор гаргаагүй байна. Уг асуудлыг доороосоо МҮЭ-ийн холбоонд санал тавьсны дагуу энэхүү шийдвэрээ гаргасан байгаа.

Хэрвээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ аль нэг тал нь үл биелүүлэх тохиолдолд хуулиар олгогдсон ажил хаях эрх нь тэдэнд бий. Ажил хаялтыг хэзээнээс хэрхэн зохион байгуулах уу гэдгийг тухайн салбар, сургуулийн нийт ажиллагчдын гуравны хоёрын саналаар шийдэгдэх асуудал. Үүнд манай холбооны зүгээс нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хуулийн дагуу явуулахад нь бид дэмжлэг үзүүлж зохион байгуулалтын хувьд оролцох ёстой. Шууд МҮЭХ-ноос өнөөдөр ажил хаяна гээд зарлах эрх байхгүй.

-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр талууд багшийн цалинг нэмэгдүүлэх боломжгүй гэж үзвэл яах вэ?

-МҮЭХ-ны хувьд аливаа үйл ажиллагаа нь хамтын шийдвэрээр явагддаг. Засгийн газар ямар нэгэн дорвитой шийдвэр гаргахгүй, тэдний байр суурьтай  МҮЭ-ийн холбоо  санал нийцэхгүй тохиолдолд цаашид хэрхэн тэмцлийн үйл ажиллагаа явуулах уу гэдэг нь дотоод хамтын шийдвэрийн дагуу гарна. Гэхдээ асуудлыг сөрөг талаас нь харахгүй байна. Цалин нэмэгдүүлэх асуудалд тодорхой үр дүнд хүрэхийн тулд гурван талаасаа ямар гарц гаргалгаа байна уу гэдгийг ярилцана. Бид ОУВС-тай өнгөрсөн долдугаар сарын 30-нд уулзсан. Энэ үеэр ОУВС-гаас цалин нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхэд бэлэн гэсэн албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Өнөөдөр асуудал ийм байдалд хүрч байгаа нь дөрвөн жил хүлээсэн үүргээ биелүүлээгүй үе үеийн Засгийн газрын буруутай үйл ажиллагаатай холбоотой.

-Зарим улстөрчийн зүгээс МҮЭ-ийн холбоо багш нартай нийлээд улс төр хийгээд байна гэдэг тайлбарыг хэлж байсан?

-Аливаа улс төрийн намууд байнга л ийм санаархалтай байдаг. Эрх баригч нь байна уу, сөрөг хүчин нь байна уу улс төрд тоглож байгаа улстөрийн хүчнүүд мөн иргэний хөдөлгөөнийхөнд ҮЭ-ийн байгууллагыг эдийн засгийн эрх ашгаар нь далимдуулж  улс төрийн үйл ажиллагаандаа ашиглах сонирхол байнга байдаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар МҮЭ-ийн холбоо хамтын шийдвэрийнхээ дагуу аливаа үйл ажиллагаанд оролцоогүй байна. ҮЭ-ийн гишүүн нь зөвхөн тухайн ҮЭ-ийн гишүүн дангаараа байна гэсэн хууль эрхзүй Монгол Улсад байхгүй. Манайд үзэл бодлоороо өөр өөр олон намын гишүүд байгаа. Мөн эрх ашгаараа ҮЭ-д нэгдсэн олон намын гишүүд бий.  Жишээ нь би аль нэг намын гишүүнчлэлтэй байлаа гэхэд тэр намын хатгаасаар цалин хөлс нэмэгдүүлэх гэж байна, ингэж тэмцэл зохион байгуулах гэж байна гэж л харддаг.

Өнөөдөр Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж маш доогуур байна. Иргэдийн авч буй цалин хөлс туйлын хангалтгүй байгааг хаа хаанаа мэдэж байгаа. Сонгууль бүрээр улстөрчдөөс ард иргэдийн зүгээс хүсдэг ганц зүйл нь цалин нэмэгдүүлэх асуудал байдаг. Ард иргэдийнхээ хүлээлт болсон гол асуудлыг МҮЭ-ийн холбоо илэрхийлснээрээ аль нэг улс төрийн хүчинтэй холбогдож байгаа зүйл огт биш. Харин МҮЭ-ийн холбоо гүүр нь  болоод  явж байна. Ард түмнийхээ дуу хоолой  МҮЭ-ийн холбоогоор дамжиж орж ирж байгаад  эрх баригчид ихэд хариуцлагатай анхаарч богино хугацаанд иргэдийнхээ төлөө зөв шийдвэр гаргаасай гэж би хариуцлагатайгаар хэлмээр байна. Үе үеийн Засгийн газар иргэдийнхээ орлого, цалин хөлсийг нэмэгдүүлэх  үүргээ биелүүлж ирээгүй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дөрвөн удаа Засгийн газар солигдсон. Улс төрийн энэ тогтворгүй байдал иргэдийн амьдралд шууд нөлөөлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж