Утааг бууруулах үлгэр автобусны шүүлтүүрээр үргэлжлэх үү?

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Утааг бууруулах үлгэр автобусны шүүлтүүрээр үргэлжлэх үү?

Утааг бууруулах үлгэр автобусны шүүлтүүрээр үргэлжлэх үү?

Нийслэлчүүдийн амьдралыг нийтийн тээвэргүйгээр, тэр дундаа том оврын автобусгүйгээр төсөөлөхөд бэрх. Өглөөг хамтдаа угтаж, үдшийг хамтдаа үддэг автобусны үйлчилгээ, ариун цэвэр, тохижилт гээд тоочвол асуудал цөөнгүй. Гэвч энэ удаад нийтийн тээврийн хэрэгслийн нэг том оврын автобусны ялгаруулж буй хорт утааг онцолъё. Нийтийн тээврийн үйлчилгээнд 1200 гаруй автобус бүртгэлтэй байгаагаас өдөр бүр 930-940 автобус их, дунд угсраа буюу троллейбус иргэдэд үйлчилдэг. Харамсалтай нь, 1200 автобусны 80-аас дээш хувь нь наймаас дээш жилийн насжилттай. Энэ олон автобусны цөөнгүй нь хар, утаа савсуулан давхидаг. Хотын төв замын дагуух нийт тоосонцрын 80 хувийг автобусууд “үйлдвэрлэдэг” гэх үзүүлэлт ч бий. Хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг үр дагавар учруулж буй автомашины утаанд нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агуулагдаж байдаг ажээ.

Нийтийн тээврийн газрын зүгээс аль болох байгаль орчинд ээлтэй хар утаа гаргадаггүй хүрээлэн буй орчноо бага бохирдуулдаг тээврийн хэрэгслийг сонгох хүсэлтэй байдаг байна. Гэсэн хэдий ч энэ чиглэлийн өндөр технологийн автобуснууд үнэ ханш нь ердийн автобуснаас 1.5-2 дахин илүү үнэтэй. Үүнийгээ дагаад ашиглалтын зардал өндөр байдаг учир төсөв мөнгөндөө баригдан БНСУ-ын нийтийн тээвэрт ашиглаж байсан 7-8 жил болсон автобусыг Монгол Улсад ашиглаж байна. Уг нь гадаадаас өндөр өртөгтэй, хуучин автобус худалдан авахын оронд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь хамгийн зөв алхам гэж үзэх хүмүүс цөөнгүй. 

Автомашин, тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдээс агаар бохирдуулсны төлбөр авдаг. Ингэхдээ автотээврийн хэрэгслийн нэгж километр зайд явахад ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээгээр нь бүлэглэх ангиллыг суудлын автомашины хөдөлгүүрийн багтаамж, автобус, ачааны автомашины даацаас хамааруулан төлбөрийг авдаг. Татвар нь ангиллаас шалтгаалаад 1800-9500 төгрөг байдаг бөгөөд жолоочид жилд нэг удаа татвараа төлдөг байна.

Энэ төлбөрийн зарцуулалтыг ил тод болгож хар утаа ялгаруулагч автобусуудыг шинэчлэхэд яагаад зарцуулж болохгүй гэж.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын хүрээнд 2019 оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон тогтоол гарсан. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар дизель түлшнээс ялгарах хорт утааг 98 хувь шүүдэг DPF /diesel particulate filter/ тортогжилтын ялгарлыг бууруулах шүүлтүүрийг Япон Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд автобуснуудад 2016-2017 оны өвөл, зуны улиралд автобуснуудад туршсан байна. Тэгвэл судалгааны ажлаа баталгаажуулах үүднээс “Автобус бааз 1”, “Автобус бааз 3”, “Сутайн Буянт” ХХК гэхчлэн гурван баазын тус бүр найман автобус буюу нийт 24 их багтаамжийн автобусанд шүүлтүүрийг суурилуулаад дуусчээ.

Нэг автобусанд гурван DPF шүүлтүүр хэрэглэгддэг бөгөөд машины төрөл болон шүүлтүүрийн хэмжээнээс шалтгаалаад нэг шүүлтүүрийн үнэ ойролцоогоор 11-33 сая төгрөгийн өртөгтэй аж. Холбогдох албаныхан “Энэхүү шүүлтүүр  нь Улаанбаатар хотод хийгдсэн туршилтаар хөө болон хүхэр ихтэй түлшний тортогийг 80-аас дээш хувиар бууруулж байсан нь судалгаагаар тогтоогдсон. Хүйтний улиралд тэсвэртэй, элэгдэл багатай, олон жилийн туршид ашиглах боломжтой. Цаашдаа шүүлтүүрийг Монголд үйлдвэрлэж үнэ өртгийг нь бууруулах ямар боломж байгаа вэ? гэдгийг судалж байна” хэмээн сурталчилаад эхэлсэн байгаа.

Гэхдээ энд тэндээс оруулж ирсэн, эдэлгээ, чанар муутай, “шахааны” хэдэн автобус нь тэрхүү шүүлтүүрийн ид шидийг үзэх үү гэдэг бас  л асуудал. Анхнаасаа хямдыг нь бодон хуучин автобус сонгож авчиран шүүлтүүр тавина хэмээх нэрийдлээр дундаас нь мөнгө унагах гэсэн арга хэмээн хардах хүмүүс ч цөөнгүй бий. Шүүлтүүрийн  гайхамшигтай эсэхийг цаг хугацаа  л харуулах биз.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж