Ерөнхийлөгчид “гологдох” дараагийн элчин  Б.Хурц уу?

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид “гологдох” дараагийн элчин  Б.Хурц уу?

Ерөнхийлөгчид “гологдох” дараагийн элчин  Б.Хурц уу?

Одоогоос дөрвөн сарын өмнө Монгол Улсын Засгийн газраас хилийн чанадад суугаа хоёр Элчин сайдыг эгүүлэн татаж, зургаан улсад суух Элчин сайд нарыг томилохоор нэр дэвшүүлсэн. Энэ тухай Ерөнхийлөгчтэй зөвшилцөх саналаа хүргүүлсэн. Гэвч Ерөнхийлөгч дөрвөн Элчин сайдыг томилохыг дэмжиж, хоёр нэр дэвшигчийг хоёр удаа түдгэлзүүлсэн. Засгийн газраас Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Энхцэцэг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Я.Ариунболд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар Н.Тулга, Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэр, Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарь нарыг санал болгосон ч Ерөнхийлөгч Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг томилохоос татгалзаж, Засгийн газарт өөр нэр дэвшигч томилох саналаа хэлсэн. Харин Ерөнхийлөгчийн дэмжсэн Элчин сайдуудаас Япон улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Д.Батжаргал өнгөрсөн баасан гаригт итгэмжлэх жуух бичгээ авсан. Харин бусад Элчин сайдууд итгэмжлэхээ хэзээ авах нь тодорхойгүй байна. Гэхдээ тэднийг Ерөнхийлөгч, УИХ дэмжсэн учраас итгэмжлэхийг нь удахгүй гардуулах бололтой.

-Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нар томилогдохоо 450 ХОНОГ, Б.Хурц итгэмжлэхээ 270 хоног хүлээж байна

Элчин сайдад нэр дэвшигчдээс хамгийн удаан хүлээгдэж байгаа хоёр хүн бол Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нар. Тэднийг анх Япон, Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 2017 оны тавдугаар сар буюу одоогоос нэг жил зургаан сарын өмнө нэр дэвшүүлж байсан. Гэвч шинэ Ерөнхийлөгч дэмжээгүй учраас өөр улсад томилохоор санал болгосон ч дахин татгалзаад буй. Ийнхүү хамгийн удаан томилогдохоо хүлээн, хоёронтоо татгалзсан хариу сонссон хоёр нэр дэвшигчийг томилох эсвэл өөр нэр дэвшигчдийг оруулж ирэх үү гэдэг асуудал Засгийн газрын түвшинд яригдаагүй л байна. Тэдэнтэй мөр зэрэгцэн итгэмжлэхээ хүлээж буй бас нэгэн хүн бол Б.Хурц. Засгийн газраас 2017 оны арваннэгдүгээр сарын 1-н буюу одоогоос есөн сарын өмнө Засгийн газраас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулах саналаа УИХ-д хүргүүлж байв. Ерөнхийлөгч, УИХ ч гэсэн түүнийг дэмжсэн бөгөөд БНСУ-ын талаас өнөөдрийг хүртэл хариу ирэхгүй байна гэсэн тайлбарыг хийж буй. Тэрбээр томилогдож байсан Элчин сайд нараас хамгийн дуулиантай бөгөөд удаан хүлээж байгаа хүний нэг. Тагнуулын ерөнхий газрын даргаас нь чөлөөлсний дараа шууд Элчин сайдаар томилохоор нэр дэвшүүлсэнд нь олон нийт төдийгүй зарим улстөрчид ч эсэргүүцэж, нээлттэй сонсгол хүртэл зохион байгуулж, хуулийн байгууллагаар шалгуулаад амжсан. Б.Хурцыг томилохгүй байгаа шалтгаан  юу вэ. Гадаад харилцааны сайд төдийгүй албаныхан “БНСУ-ын талаас хариу ирүүлээгүй байна” гэх ганц өгүүлбэрээс өөр тайлбар өнөөдрийг хүртэл өгсөнгүй. Манайхан шиг бүхэл бүтэн улсын Элчин сайдыг томилох эсэх асуудал ийм удаан хариу өгөхгүй байна гэдэг юу л бол, эндээ л асуудалтай биз гэх яриа ч улс төрийн хүрээнд гарах болж. Солонгосчууд хэрэв Б.Хурцыг томилохыг дэмжихгүй байгаа бол дэмжихгүй байна гэсэн хариугаа аль эрт өгчихмөөр санагдах. Бүхэл бүтэн есөн сарын хугацаанд ийм асуудлыг шийдэхгүй, хариу өгөхгүй байх хэмжээний улс нь БНСУ л бололтой.  Арай Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нар шиг Ерөнхийлөгчид “гологдох” дараагийн Элчин сайд болж байгаа юм биш биз дээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж