Бордооны хомсдолын далд аюул

Бордооны хомсдолын далд аюул

Бордооны хомсдолын далд аюул

Ойрхи Дорнодын мөргөлдөөн үргэлжилж, Ормузын хоолой хаагдсан нь газрын тосны үнийн өсөлтөд нөлөөлсөн билээ. Гэхдээ энэ нь зөвхөн газрын тос, хий нийлүүлэлтээр хязгаарлагдахгүй бөгөөд хөдөө аж ахуйн чухал "судсанд" ч нөлөөлж байна. Энэ талаар "NEWS" агентлагийн "Дэлхийн эдийн засаг" буландаа онцолж байна.


Ираны Исламын хувьсгалт гвардын корпусын (IRGC) ерөнхий командлагчийн ахлах зөвлөх Эбрахим Жабари гуравдугаар сарын 2-нд дэлхийн газрын тос, байгалийн хийн 20 хувийг тээвэрлэдэг Ормузын хоолойг "хаасан" гэж мэдэгдсэн. Улмаар газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.доллараас дээш өссөн юм. Түүнчлэн мэргэжилтнүүд өөр нэг том асуудал ойртож байгааг анхааруулж байна. Энэ нь бордооны хомсдол. Бордоо нь ургац тариаланд маш чухал тул хомсдол үүсвэл дэлхийн хүнсний хангамжид ноцтой аюул учирч болзошгүй.

БОРДООНЫ ХОМСДОЛ 

Дэлхий даяар бордооны хомсдол үүсэх гол шалтгаан нь эрчим хүчний нийлүүлэлт, тээвэрлэлт, болон үйлдвэрлэлийн доголдлууд юм. Дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг карбамид бордоог Персийн булангийн орнууд үйлдвэрлэж, экспортолдог. Ингэхдээ Ормузын хоолойгоор тээвэрлэдэг боловч мөргөлдөөний улмаас энэхүү нийлүүлэлт тасалдаж байна. Персийн булангийн ихэнх бордооны үйлдвэрүүд байгалийн хий ашиглан бордоо үйлдвэрлэдэг. Харин хийн хомсдол болон тээвэрлэлтийн доголдлын улмаас хэд хэдэн үйлдвэр бордооны үйлдвэрлэлээ зогсоох эсвэл багасгахад хүрсэн байна.

Катар улсад "LNG" (шингэрүүлсэн байгалийн хий) байгууламж гэмтсэний тул  улсын эрчим хүчний компани "QatarEnergy" хийн үйлдвэрлэлээ зогсоосон. Үүний улмаас дэлхийн хамгийн том бордооны үйлдвэрлэлээ зогсоосон байна. Катарын хийн үйлдвэрлэл буурсан нь бусад улс орнуудад ч нөлөөлсөн.

Энэтхэг улс гурван бордооны үйлдвэрийнхээ үйлдвэрлэлийг бууруулсан бол Бангладеш улс таван үйлдвэрийнхээ дөрвийг нь хаасан байна.

АНУ-д одоогийн байдлаар бордооны нийлүүлэлт ойролцоогоор 25 хувийн дутагдалтай байна. Үүнтэй зэрэгцэн бордооны үнэ хурдан өсөж буй. Ойрхи Дорнодоос гаралтай бордооны үнэ 40 орчим хувиар өсөж, тонн нь 500 ам.доллараас 700 гаруй ам.доллар болжээ. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үнэ ойролцоогоор 60 хувиар өссөн байна.

ПЕРСИЙН БУЛАНГИЙН ОРНУУД ДЭЛХИЙН БОРДООНЫ ХЭРЭГЦЭЭНИЙ ХЭДЭН ХУВИЙГ ХАНГАДАГ ВЭ?

Тээврийн үйлчилгээний компани болох "Signal Group"-ийн мэдээлснээр, дэлхийн бүх бордооны 20 орчим хувийг Персийн булангийн бүс нутагт үйлдвэрлэдэг. Түүнээс ч чухал нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг карбамид бордооны 46 хувь нь мөн адил тус бүс нутгаас гардаг. Тэр дундаа "Qatar Fertiliser Company" (QAFCO) нь дэлхийн хамгийн том карбамид бордоо нийлүүлэгч гэж тооцогддог бөгөөд дангаараа дэлхийн карбамид бордооны 14 хувийг нийлүүлдэг.

Өгөгдөл, аналитикийн компани болох "Kpler"-ийн хийсэн дүн шинжилгээгээр, Ормузын хоолойг хаах ажиллагаа үргэлжилсээр байвал дэлхийн бордооны худалдааны гуравны нэг хүртэлх хувь тасалдаж болзошгүй байна.

Учир нь Энэтхэг, Пакистан, Хятадын далбаатай цөөн хэдэн хөлөг онгоц л Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрэх зөвшөөрөл авсан юм. "Morningstar"-ийн шинжээч Сет Голдштейний хэлснээр, азотын бордооны үнэ одоогийн түвшнээс ойролцоогоор хоёр дахин, фосфатын үнэ 50 орчим хувиар өсөх боломжтой болжээ.

ЯМАР УЛС ОРОН ХАМГИЙН ИХ ХАМААРАЛТАЙ ВЭ?

2024 оны байдлаар Азийн орнууд Персийн булангийн бордооны экспортод хамгийн их хамааралтай байсан. Тухайлбал, Персийн булангийн карбамид бордооны 35 хувь болон бордоо хийхэд ашигладаг хүхрийн экспортын 53 хувь, аммиакийн экспортын 64 хувийг импортолдог байжээ. Ялангуяа Энэтхэг, Бразил, Хятад зэрэг томоохон хөдөө аж ахуйн орнуудын хувьд нийлүүлэлт тасалдахгүй байх нь хамгийн чухал. Мөн Марокко, АНУ, Австрали, Индонез зэрэг улс ч их хэмжээгээр худалдан авдаг аж. Энэтхэг улс бордооны хувьд Ойрхи Дорнодоос ихээхэн хамааралтай бөгөөд карбамид болон фосфатын бордооны 40 гаруй хувийг энэ бүсээс авдаг. Бразил улс бараг бүх бордоогоо импортоор авдаг бөгөөд үүний бараг тал хувь нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг аж. Улмаар Персийн булангийн бүс нутагт ямар нэгэн саатал гарвал нийлүүлэлтэд ноцтой эрсдэл үүсэх боломжтой гэсэн үг юм.

БОРДООНЫ ХОМСДОЛ ЯАГААД ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛД ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Бордооны хомсдол нь хүнсний үйлдвэрлэлд маш их нөлөө үзүүлнэ. Учир нь дэлхийн хойд хагаст хоёрдугаар сарын дунд үеэс тавдугаар сарын эхэн хүртэл үр тариа тариалах үе бөгөөд бордоо хомсодсоноор ирэх ургац хураалт багасна. Ургац бүр өөр өөр төрлийн, өөр өөр хэмжээний бордоо шаарддаг ч том хэмжээний газар тариалан бараг бүгд бордоонд тулгуурладаг. Түүнчлэн 2022 онд Украины дайн эхэлсний дараа Оросын хямд байгалийн хийд түшиглэх боломжгүй болсон Европын бордооны үйлдвэрлэл буурч байжээ. Энэ нь дэлхий даяар бордооны асуудал аль хэдийн эхэлсэн байсныг илтгэж байна.

Персийн булангаас нийлүүлдэг бордоонд түшиглэдэг Энэтхэг, Бразил, Хятад зэрэг орон мөн дэлхийн хамгийн том хүнс үйлдвэрлэгчид юм.

Энэтхэг нь цагаан будаа, улаан буудай, буурцаг, жимс тариалдгаараа хүнсний гол үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд 2024 онд дэлхийн будааны экспортын ойролцоогоор дөрөвний нэгийг хангажээ. Бразил нь дэлхийн шар буурцгийн бараг 60 хувийг үйлдвэрлэж, сахар, эрдэнэ шиш зэргийг экспортолдог. Хятад улс цай, саримс, мөөг зэрэг олон төрлийн хүнс үйлдвэрлэж, дэлхийд нийлүүлдэг. Хэрэв бордоо үнэтэй эсвэл олдоц муутай болбол зарим фермерүүд бордооны хэрэглээг багасгах эсвэл огт хэрэглэхгүй байх магадлалтай. Энэ нь ургацын хэмжээ буурахад хүргэнэ. Улмаар цагаан будаа, улаан буудай, эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг гол хүнсний ургац багассанаар дэлхийн хүнсний нийлүүлэлт буурч, хүнсний үнэ өсөх юм. Тэр дундаа импортоос хамааралтай орнуудад хүнсний хомсдол үүсч болзошгүй. Дашрамд Хятад улс дотоодын тариаланчдынхаа хэрэгцээг хангах зорилгоор карбамид зэрэг бордооны экспортоо хязгаарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-24 66.181.177.135

Манайх Хөвсгөлийн фосфорын ордоо ашиглаач хэзээ үхнэ гэдийн

Avatar

zailyyl 2026-03-24 66.181.177.128

Xylxuni

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж