Хөндөх сэдэв: Сүрьеэгээр 2024 онд 1,2 сая хүн нас баржээ

Хөндөх сэдэв: Сүрьеэгээр 2024 онд 1,2 сая хүн нас баржээ

Хөндөх сэдэв: Сүрьеэгээр 2024 онд 1,2 сая хүн нас баржээ

Жил бүрийн гуравдугаар сарын 24-нд дэлхий нийтээр Дэлхийн сүрьеэгийн эсрэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр бол зүгээр нэг тэмдэглэлт өдөр биш, харин хүн төрөлхтөнд аюул заналхийлсээр буй “чимээгүй тахал” хэмээх сүрьеэ өвчний эсрэг анхаарлаа хандуулах чухал өдөр юм. Сүрьеэ нь уушгийг голчлон гэмтээдэг, агаараар дамжин халдварладаг халдварт өвчин. Mycobacterium tuberculosis нянгаар үүсдэг энэ өвчин ханиах, найтаах, ярих үед агаарт тархсан бичил дуслаар бусдад халдварладаг. Харамсалтай нь, зарим хүмүүс өвчний шинж тэмдгийг анзааралгүй уддаг нь халдварын тархалтыг улам нэмэгдүүлдэг байна.

Сүрьеэгийн нийтлэг шинж тэмдэг нь удаан үргэлжлэх ханиалга, жин буурах, халуурах, шөнө хөлрөх, ядрах зэрэг аж. Гэхдээ эдгээр нь заримдаа маш сул илэрдэг тул хүмүүс энгийн ханиад, ядаргаа гэж андуурч, эмнэлэгт оройтож ханддаг. Үүнээс үүдэн оношилгоо хожимдож, эмчилгээ хүндрэх эрсдэл нэмэгддэг байна.

Дэлхий дахинд сүрьеэ өвчнийг “чимээгүй тахал” гэж нэрлэдэг нь учиртай. 2024 оны байдлаар 10.7 сая хүн энэ өвчнөөр өвчилж, 1.23 сая хүн нас барсан нь халдварт өвчний шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байгааг харуулж байна. Гэсэн ч 2000 оноос хойш 83 сая хүний амийг аварсан нь оношилгоо, эмчилгээний ахиц дэвшил гарсныг илтгэнэ. Харин эмэнд тэсвэртэй сүрьеэ дэлхий дахинд тулгамдсан асуудал хэвээр бөгөөд эмчилгээний амжилт харьцангуй бага түвшинд байна.

Монгол Улсын хувьд ч сүрьеэ нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан асуудлын нэг хэвээр байна. 2025 оны байдлаар 2851 тохиолдол бүртгэгдсэний дотор хүүхдийн болон эмэнд тэсвэртэй хэлбэрийн өвчлөл тодорхой хувийг эзэлж байна. Нийслэл Улаанбаатар хотод өвчлөл улсын дунджаас өндөр байгаа нь хүн амын нягтаршил, агааржуулалт муу орчин, хөдөлгөөний идэвхжил зэрэг хүчин зүйлтэй холбоотой. Мөн Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгуудад өвчлөл харьцангуй өндөр байгаа нь анхаарал татаж байна.

Сүрьеэ өвчний тархалтад нөлөөлдөг хамгийн том эрсдэл бол оройтож оношлогдох, эмчилгээг дутуу хийх явдал юм. Судалгаагаар эмчилгээгээ бүрэн хийлгээгүй нэг хүн 10–15 хүнд халдвар тараах эрсдэлтэй байдаг.

Нөгөө талаар нийгэм дэх ялгаварлан гадуурхалт, айдас, буруу ойлголт нь хүмүүсийг өвчнөө нуух, эмчилгээ хийлгэхээс зайлсхийхэд хүргэдэг нь халдварын гинжин хэлхээг таслахад саад болдог.

Гэсэн хэдий ч сүрьеэ бол эмчлэгддэг өвчин. Орчин үеийн эмчилгээний аргууд сайжирснаар эмчилгээний хугацаа богиносож, илүү үр дүнтэй болсон. Эмийн мэдрэг сүрьеэгийн эмчилгээ урьд нь зургаан сар үргэлжилдэг байсан бол одоо дөрвөн сар болж богиноссон гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Харин эмэнд тэсвэртэй хэлбэрийн хувьд ч тарилгын урт хугацааны эмчилгээнээс татгалзаж, 9–12 сарын хугацаанд ууж хэрэглэх эмийн горимд шилжиж байна.

Мөн оношилгооны хувьд ч ахиц гарсан. Түргэвчилсэн шинжилгээгээр хоёр цагийн дотор сүрьеэгийн нян болон эмэнд тэсвэржилтийг илрүүлэх боломжтой болсон нь өвчнийг эрт илрүүлэхэд чухал үүрэгтэй.

Хамгийн чухал нь урьдчилан сэргийлэлт. Хүн бүр жилдээ нэг удаа эрт илрүүлэгт хамрагдаж, өөрийн эрүүл мэндэд анхаарах нь энэ өвчнөөс хамгаалах хамгийн энгийн атлаа үр дүнтэй арга юм. Хэрэв 14 хоногоос дээш хугацаанд ханиалгаж байгаа бол заавал эмчид хандах хэрэгтэй. Мөн дархлаагаа дэмжих, агааржуулалт сайтай орчинд байх, олон хүн цугласан газар халдвараас сэргийлэх дадлыг хэвшүүлэх шаардлагатай.

Сүрьеэтэй тэмцэхэд зөвхөн эмч, эрүүл мэндийн байгууллагаас гадна иргэн бүрийн оролцоо чухал. Өвчтэй хүнийг ялгаварлах биш дэмжих, үнэн зөв мэдээллийг түгээх, эмчилгээг бүрэн хийлгэхэд нь туслах нь халдварыг зогсоох бодит алхам юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2026-03-24 66.181.160.104

fuck utaa,,;; fuck uls tur ,,,FUCK HULGAICH ULS TURCHID

Avatar

Зочин 2026-03-24 66.181.179.238

Тэр 15 азгүй хүнүүс нь хэн хэн юм бол ? хэ хэ . Наад нарчигаа хэ хэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж