Хамтарсан засаг энэ намартаа нүд аних уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Хамтарсан засаг энэ намартаа нүд аних уу?

МАХН-ын бага хурал болж өндөрлөлөө. Дарга нарынх нь төлөвлөсөн ёсоор элдэв шуугиан араасаа дагуулсангүй. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу болж, экс Ерөнхийлөгчийн мэдэгдэл нохой хуцахын дайтай ч юм болсонгүй. МАХН-д Ардчилсан намынхныг хөөн явуулах хүсэлтэй хүмүүс цөөнгүй бий. Тэднийг нэгтгээд удирдаад, манлайлаад явчих лидер байхгүй нь асуудлыг өндөр авахуулж чадахгүй яваа гол шалтгаан. УИХ-д 14 гишүүнийг нь халаасандаа хийсэн Н.Энхбаяр одоохондоо энэ талаар дуугарсан зүйл үгүй. Эхний ээлжинд хуучин намдаа нөмөр нөлөөгөө сэргээх гээд үзэж байна. Ийсүүс шиг ахин амь орж, МАХН-даа ноёрхлоо олж чадахгүй  бол өөрийг нь цовдолсон С.Баяр тэргүүтэй еврейчүүдтэй өөр аргаар үзэх бас нэг хувилбар байгаа. Тэр нь нөгөө 2002 онд өөрийнх нь санал болгож байсан Монголын Ардчилсан Хөгжлийн Нам гэгчийг М.Энхсайхан болон бусад нөхдүүдтэйгээ нийлж байгуулах явдал юм. Ингэх дээрээ тулах юм бол хамтарсан Засгийн газрын тухай хүчтэй дуугарч мэднэ.

Намдаа ахин төрөх найдлагаа одоохондоо алдаагүй учир намын нэр, шинэчлэл, чиглэл гэх мэтийн зүйлс ярьж гишүүдээ айлгаж цочоохгүй тактик баримталж байж мэднэ. Хүмүүсийн аллерги хөдөлгөхөөс илүү таалагдах замыг сонгож, одооноос дээрэлхүүлсэн бүхнийг өмөөрөгч, ядарч зүдэрсэнд тус бологч Тимур болон түүний нөхдийх шиг ажиллаж амьдарна хэмээн олон нийтэд зарлаад яваа. “Үйлийн үрийн шалтгаан нь үнэн” гэдэг шиг одоо ямар байдалд орчихоод яваа нь өөрөө өмнө нь хэрхэн аашилж аяглаж байсантай шууд холбоотой. Таалагдагүй хүмүүсээ хэрхэн хүнийсгэж, хагаралдуулж, гадуурхаж байсныг нь бусад нь сураад өөрт нь ашиглачихсан. 2004 оноос хойш түүний хэмжээлшгүй эрх хумигдсанаар МАХН-аас  албан тушаал авч чадалгүй хоцрогсод айж эмээлгүйгээр жигүүр фракц зохиож эхэлсэн. Үр дүнг нь удаан хүлээлгэлгүйгээр хүртсэн. 2005 оны Хөвгсөл дэхь нөхөн сонгуулиар Ө.Энхтүвшин нэр дэвшиж ялалт байгуулсан, араас нь Т.Ганди, нарийн бичиг Т.Гантулга, Ж.Бат-Эрдэнэ, А.Базархүү, Ч.Жаргалсайхан нар албан тушаал авангуутаа амаа хамхисан. Ард иргэдийн амьдрал ахуй, шударга ёс, эх орон, онц их хурал, хариуцлага  гэх мэтээр зөв сайхан юм ярьж шаардлага мэдэгдэл хүргүүлнэ.

Даргын сэнтийд залрахаараа хэлсэн ярьсан бүхнээ мартдаг амнезийн хам шинжийг үзүүлдэг. Намынхаа дарга нарын өөдөөс юм дуугардаггүй хэрнээ буусан хойно нь элдэв үг чулууддаг Ц.Нямдорж энэ хам шинжийг хамгийн ихээр зэвүүцэн хүлээн авдаг. Зургаан жилийн өмнөөс ууган намд анх туссан гэх энэ өвчин Ардчилсан намд халдварллаа ухааны зүйлийг тус намын Ц.Нямдоржоор тодрох гээд байгаа Э.Бат-Үүл ярьсан. МАХН-аас халдвар авсан этгээдүүдээр Ардчилсан хүчний холбооныхон тодроод байна. Тэд өнгөрсөн хавар Ардчилсан Намын Үндэсний зөвлөлдөх хороонд болох болохгүй бүхий л аргыг хэрэглэж байж цөөнгүй суудлыг авсан. Хамтарсан Засгийн газрын нэг номерийн дайснаар өнөөдөр тодроод байна. Тэд  жигүүрийнхны туршлагыг Ардчилсан намд нэвтрүүлэх гээд байгаа гэсэн хардлагыг ихээр дагуулж байгаа юм. Гол дүрд тоглогсдын нэг болох Фортуна Н.Батбаяр. 2008 оноос хойш Ерөнхий сайд болох хүсэлтэйгээ ил тодоор илэрхийлж, ийм их төсөв дээр сууж буй гүйцэтгэх засаглалын тэргүүнд атаархаж буйгаа  хэд хэдэн удаа хэлсэн. Энэ намар хотын зам засварын ажилтай танилцах нэрийн доор их хэмжээний төсвийн мөнгөөр  тоглож байгааг нь зад шүүмжилсэн. Харамсалтай нь, хамтарсан Засгийн газрын нөлөөнд автсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тод томруунаар мэдээлж өгөөгүй. Нөгөө нэг баатар нь С.Эрдэнэ. Надаас өөр энэ засгийг шүүмжлэх хүн байхгүй, анх байгуулагдах гэж байхад нь ганцаархнаа сөрж зогссон гэх мэтээр тэмцлээ эхлүүлсэн. Энэ талаас нь бодохоор тоглоомны гадна үлдсэн нөхдүүд танхим унагаах гээд байгаа ч юм шиг. Засгийн газраас Ардчилсан намынхан үнэнээсээ гарах юм бол 2 жилийн дараа болох сонгуульд ялалт байгуулах магдлал уг нь гараад ирэх юм. Гэхдээ тэд ингэж чадах уу. “Эрдэнэт”  үйлдвэрийн совет ирэх сард хуралдахаар товоо тогтоочихсон. Даргын асуудлыг ярихгүй гэж байгаад л сольдог уламжлал энэ үйлдвэрт бий. Энэ удаад “Эрдэнэт”-ийн шинэ захирлаар Ардчилсан намаас, тэр дотроо Ардчилсан хүчний холбооноос хүн тавих сураг хүчтэй дуулдаж байна. Хэрвээ байдал ингэж эргэх юм бол Ардчилсан хүчний холбоо МАХН-ын жигүүрийнхний “өвчинг” авсан нь бүрнээ нотлогдох юм. Ийм тохиолдолд хамтарсан Засгийн газарт нэг ч бодит буюу потенциал дайсан үлдэхгүй. 2012 оны сонгуулийн дараа МАХН-тай дахиад хамтран төр барих байх гэсэн ганц л найдлага үлдэх байх даа.

Сүхээ овогтой Наранбаатар                         

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж