Хөр цас ханзарч, уулын энгэр борложээ. Гар утасны цаг агаар найман хэмийн дулаан заах бөгөөд салхи тогтуухан, тэнгэр цэлмэг байгаа нь хүүхэд, хөгшдийн хүсэн хүлээсэн өдөр гэмээр. Ням гаригийн өглөө 9:00 цагийн үед биднийг очиход Богдхан уулын зүүн нуруу, Скай резортын зүүн талын хормойд иргэд машинаа байрлуулж, алхалтаа эхлүүлэхэд бэлдэж байлаа.
Анзаараад байхад, ихэнх нь гэр бүлээрээ ирсэн бололтой. Хүүхдүүд уул өөд хурд мэдэн хөөцөлдөн гүйх ч төд удалгүй ядарч "намайг хүлээгээрэй" гэж хашгирах нь сонсогдоно. Ингэхдээ хүүхдүүд нохойгоо дагуулан явах бөгөөд зарим нэг нь муураа тэвэрсэн харагдана. Амьтад нааш нэг цааш нэг давхиж эзнийхээ хөлийг ороон өнхөрч унах нь сэлүүхэн газарт ирж биеийн чилээгээ гаргаж байгаадаа баярлаж буйгаа илэрхийлж байна уу гэлтэй. Настай голдуу, нярай хүүхэдтэй иргэд уулын хормойд ширээ сандал засаж тухлах ажээ.










Дээш алхаж мод руу ойртох тусам шувуудын жиргээнээс өөр аниргүй, нам гүм ноёлно. Тэнд хэн ч тайтгарлыг олж, амар амгаланг мэдрэх боломжтой. Ингэж Богдхан уулын Хүрэлтогоотын амыг өгсөж дөрвөн км орчим алхахад тэмээн хад нэртэй газарт ирэв. Энд хүмүүс амарч отоглох боломжтой газар байх бөгөөд хэсэг хүмүүс сууж цайлна. Тэд бол “APU hiking” клубийнхэн. Ажиглаад байх нь ээ ууланд тогтмол алхдаг хүмүүсийн хувцас хэрэглэл өөр байх ажээ. Ихэнх нь ууланд алхахад зориулсан халтирч, гулгахаас сэргийлсэн арзгар ултай гутал, хөнгөн бөгөөд салхи нэвтрүүлдэггүй хүрэм, өмд, таяг, нүдний шил зэргийг зүүсэн харагдана. Сүүлийн жилүүдэд ууланд алхдаг хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр иргэд сонирхлоороо нэгдэж алхалтын клуб байгуулан Ням гариг бүр ууланд алхахыг хэвшил болгож байгаа гэнэ.












Анх алхаж эхлэхэд миний зүрх цээжинд биш тархинд цохилдог байсан. Нүд харанхуйлаад л, зүрх хурдан хурдан цохилдог байлаа. Тэгэхэд нь “заа бүтэхгүй юм байна” гээд шантраад буцаж байсан удаатай. Зүгээр л эхэл. Их багаас үл хамаараад алхаад л бай. Хамгийн чухал нь эхлэл хэмээн ярих түүнийг Т.Баярхүү гэдэг.
"ЗҮРХНИЙ ЭМ УУХ, ЗҮРХ ӨВДӨХ ГЭДГИЙГ МАРТСАН БАЙНА"
“APU hiking” клубийн гишүүн Т.Баярхүүгийн хувьд хамгийн анх 2012 оноос хойш ууланд алхаж эхэлсэн байна. Учир нь түүний хувьд зүрхний асуудалтай болж жил бүр эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг болжээ. Ингэж явсаар ууланд алхахыг хэвшүүлснээр эмнэлэгт хэвтэх, зүрхний асуудал гээчийг мартаж чадсан байна. Тэрбээр, “Ууланд алхах маш олон талын ач холбогдолтой. Миний хувьд 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл 14 дэх жилдээ алхаж байна. Энэ хугацаанд зүрхний эм уух, зүрх өвдөх гэдгийг мартсан байна. Алхсанаар цусны эргэлтийг сайжруулж, зүрхний үйл ажиллагааг маш сайн дэмждэг. Ерөнхийдөө ууланд алхсанаар биеэ эрүүл болгохоос гадна одоо бол миний амьдралын нэг хэсэг болж хобби болсон доо. Энэ 14 жилийн хугацаанд Монгол Улсынхаа өндөр, өндөр оргилуудад авиралт хийсэн. Ингэж өөрийгөө сорьж, байгалийн сайхныг үзэж биширч явж байна. Манай ажлынхны хувьд энэ клубээ байгуулаад амралтын өдрүүдээр хамт алхаж бэлтгэлээ хийдэг. Ингэхдээ гэр бүлийнхнээ дагуулаад улаанбаатарын ойр орчмын ууланд алхалт хийж байгаа. Хүйтний оргил, Саяны нуруу, Асралт хайрхан гэх мэт ууланд авирсан байна.
Алхаад, алхсанаар эрүүл болсныг маань мэддэг хүмүүс нүдэнд дээр нь хүн бие нь сайжраад эрүүл болоод байхаар дагаж алхах, алхалтыг амьдралдаа хэвшил болгосоор байгаа.
Дээрээс нь манай Улаанбаатар өвөлд ямар их утаатай байдаг билээ. Тэр ч утгаараа мод бол жилийн дөрвөн улиралд хүчил төрөгч ялгаруулдаг учир цэвэр агаараар амьсгалах боломжийг олгодог. Цэвэр агаар бол муухан эмээс илүү эм болдог. Тайвшруулдаг гээд үнэхээр олон ач холбогдолтой, алхъя гэж бодож байгаа бол эхлэх хэрэгтэй. Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг шүү дээ. Ядраад байвал бага алх, дараа нь нэг алхам илүү алх. Өвөл хүмүүс алхахад хэцүү гэж боддог юм шиг байна лээ. Өвөл модонд маш дулаахан, салхигүй, нөмөртэй байдаг. Алхдаггүй улирал гэж байхгүй” гэв.

Түүний хувьд 2023 онд Covid-19 туссан байна. Улмаар зүрхний өвчин нь буюу хэм алдалт нь сэдэрчээ. Ингээд эмчилгээгээ хийлгэж байгаад тухайн оныхоо тавдугаар сард Европ тивийн ноён оргил болох 5642 метр өндөр Эльбрусийн оргилд гарчээ. Тухайн үед нэлээд хэцүү байсан ч авиралтаа амжилттай хийсэн байна. Одоо Т.Баярхүүгийн гэр бүлийнхэн түүнийг маш сайн дэмждэг. Өндөр ууланд авиралт хийж эхэлж байхад нь эхлээд айдастай байсан бол одоо олон хоногоор авиралт хийхээр явахад бүх зүйлийг нь бэлдэж өгдөг хамгийн том дэмжигч нь болжээ. Алхаж эхлэхэд дэмжих, уруу татдаг хамтрагч байх нь хамгийн чухал байдаг. Тийм багаа, хамтрагчаа олоорой гэж зөвлөж байлаа. Түүний хувьд авирахыг мөрөөддөг нэгэн том оргил бий, тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд тасралтгүй бэлтгэлээ хийж байгаа ажээ.
"ХҮҮХЭД НЭГ ӨДӨР Ч БОЛОВ УТАСНААС ХОЛ БАЙХ, ЯРИЛЦАХ БОЛОМЖ ОЛДДОГ"

“APU hiking” клубийн хамгийн бага гишүүн найман настай Энэрэл. Энэрэл өнөөдөр хоёр дахь удаагаа алхаж буй. Өмнө нь Цэцээ гүний оргил руу клубийнхэнтэйгээ хамт 12 км зайд алхсан. Энэ нь түүнд маш их таалагдсан учир энэ Ням гариг өглөө 7:00 цагт босч аав, ээжийгээ даган алхаж байгаа нь энэ. Түүний хувьд багийнхнаасаа хоцрох нь битгий хэл хөөр баяр дүүрэн, догдлон цуваанд орж алхах аж. Хааяа нэг зогсч амрахдаа уулын оройг ширтэж, хөлөөрөө цас хөдөлгөн зогсоно. Энэрэл уг клубт аав, ээжийнхээ хамт нэгдсэн. Тэд байнга биш ч боломжтой үедээ зав гарвал алхахыг хичээдэг гэнэ. Клубт нэгдэж алхаж эхэлснээр олон эерэг өөрчлөлтүүд гарсан байна. Хүүхэд нэг өдөр ч болов утаснаас хол байх, ярилцах боломж олдож байгааг хэлж байсан юм.
Цаашдаа алхалтыг амьдралын нэг хэсэг хэвшил болгохыг зорьж байгаа гэнэ. Зарим хүмүүсийн хувьд алхмаар байсан ч байнгын хамтрагч олдоггүй учир хойш суудаг аж.
Тиймээс “Би хүн танихгүй юм чинь” гэж хойш суулгүй клубт нэгдэх нь илүү үр дүнтэй гэдгийг “APU hiking” клубийн гишүүн Н.Одгэрэл /Энэрэлийн ээж/ хэлж байлаа. Тэрбээр, хотын их стресс, утаанаас хэсэгхэнч гэсэн холдож алхахыг хэвшил болгоорой гэж уриалсан юм.
Ууланд алхаж буй хүмүүсийн дийлэнх нь эрүүл мэндийн хувьд ямар нэг шалтгаантай түүнээсээ алхалтын ачаар ангижирч чадсан учир амьдралдаа хэвшил болгожээ. Тэдний нэг бол О.Анхнаран. Тэрбээр, суудлын ажил хийдэг учир жин маш их нэмж 85 килограмм жинтэй болсон байна. Улмаар алхалтыг хэвшүүлж, клубт нэгдсэнээр 15 килограмм жин хасаж чаджээ. О.Анхнаран ууланд алхалт хийгээд таван жил болж байгаа гэнэ. Түүний хувьд алхалт шүд угаахтай ижил хэвшил болсон байна. Харин Б.Баяннэмэхийн хувьд мөн л ууланд алхаад арав гаруй жил болж буй. Энэ хугацаанд мөн л Монголынхоо өндөр өндөр оргилуудад гарч дөрвөн бэрх цом авсан байна. Б.Баяннэмэхийн хувьд мөн л ядаргаанаас үүдэж саажилт үүссэн ч алхалтын ачаар эрүүл болж хөл дээрээ алхаж чаджээ. Ууланд алхах нь энэ их завгүй амьдралын хэмнэлд ажлын ачаалал, нийгмийн янз бүрийн асуудлаас салж, хоорондоо ярилцаж, туршлагаа хуваалцсанаар биеийн эрүүл мэнд болоод сэтгэл санааны хувьд сэргээж, бие биеэ ойлгох гүүр болж чаддаг ажээ.






















Богдхан уулын орой дээрээс хот бүхэлдээ харагдах бөгөөд хөнгөн хөх утаа суунаглах аж. Уулын оройдоо нэлээд зузаан цасан бүрхүүлтэй байсан ч биднийг буцаж буух үед 12:00 цаг болж нар дээр хөөрч цас хайлж, халтиргаа нэлээд үүссэн байв. Ирэх долоо хоногт цаг агаар улам дулаарах учир ууланд алхахаар төлөвлөж байгаа хүмүүс халтиргаа гулгаанаас хамгаалах хэрэгсэлтэй, хувцсаа тохируулан өмсөхийг зөвлөж байна.
Мөн батлагдсан маршрутын дагуу аялж, өөр зам жим үүсгэхгүй байхад анхаарах нь чухал байна.
Мөн аялах үеэрээ хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйлдэл хийж болохгүйгээс гадна зөвшөөрөгдсөнөөс бусад цэгт буудаллаж, ил задгай гал түлэх нь хориотой юм.
Гэрэл зургийг Б.Батцагаан
3,576.02






















































Нэргүй 2026-03-23 49.0.139.189
Клубт нь яаж элсэх вэ
Нэргүй 2026-03-23 206.212.255.68
Зүрх хэсэгтээ сайжрах л байх. Тулгуур эрхтэн, таван булын шаариг нь нураад унахаар, хөлгүй болно доо.
Нэргүй 2026-03-23 43.242.242.59
Надад маш их таалагдлаа. Хамгийн гол нь алхснаар зүрх судасны өвчнөөс салсан гэдэг нь олзуурхууштай мэдээлэл байлаа. энэ хавар заавал Цэцээгүний оргил дээр гарна. Цаашдаа Улаанбаатарын ойролцоох өндөр оргилуудад гарах юм байна. Одооноос багаа бүрдүүлнэ. Сайхан мэдээлэл өгсөнд Баярлалаа