1950-1953 он хүртэл үргэлжилсэн Солонгосын иргэний дайны улмаас хагацсан хүмүүсийн уулзалт болж байна. Өмнө нь хоёр улсын эрх баригчид энэхүү уулзалтыг зохион байгуулж байжээ. Харин одоо болж буй уулзалтыг гурван жилийн дараагаар зохион байгуулж байгаа юм байна. Уулзалтад Өмнөд болон Хойд Солонгосын өндөр настнууд оролцож байгаа бөгөөд 101 настай ахмад хүртэл оролцож байна. Өмнөд Солонгосоос 89, Хойд Солонгосоос 83 нь хүн оролцохоор тус тус сонгогджээ.
“Би түүнийг өдий хүртэл амьд үгүйг мэдэхгүй явж байсан. Ийм өдөр тохионо гэж хэзээ ч төсөөлж байсангүй” хэмээн 92 настай Ли Кейм-Сеом сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр дайнаас болж өөрийн нөхөр, дөрвөн настай хүүгээсээ хагацсан аж.
“Би одоо 90 настай, хэзээ үхэхээ мэдэхгүй байна. Би энэ удаагийн уулзалтад оролцох болсондоо үнэхээр баяртай байна” гэж дүү нартайгаа уулзахаар явж буй Мүн Хүюн-сок ярьжээ.
Солонгосын дайн нь олон сая хүмүүсийг гэр бүлээс нь салгасан бөгөөд өнгөрсөн 18 жилийн туршид хоёр Солонгосын эрх баригчид тус уулзалтыг 20 удаа зохион байгуулж байжээ. Уулзалтад оролцох Өмнөд Солонгосын ахмадууд Хойд Солонгосын хил давж Кумганг уулын жуулчны баазад гурав хоногийн хугацаатайгаар байрлах бөгөөд өдөрт ердөө хэдхэн цагийн турш уулзуулахаар төлөвлөжээ. Тэдэнтэй цуг эмч болон сувилагч нар биеийн байдлыг нь хянахаар цуг явах аж.
Эх сурвалж: BBC
Г. Батмандах