Дараагийн буудалцаан Говь-Алтайн Бигэрт болж магадгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Дараагийн буудалцаан Говь-Алтайн Бигэрт болж магадгүй байна

Говь-Алтай аймгийн Бигэр, Есөнбулаг сумын Алтан-Уул хэмээх газар ихээхэн алтны нөөц илэрсэн нь өдгөө аймгийн иргэд, удирдлагын хооронд томоохон шуугиан дэгдээж байдал ноцтой хэмжээнд хүрээд байгаа тухай нутгийн иргэд мэдээлж байна. Тус газар гараар алт олборлож байсан иргэд өнгөрсөн намар ихээхэн хэмжээний алтны нөөц илрүүлжээ. Иргэдийн хэлж байгаагаар “нинжа” нар өдөртөө л тав зургаан сая төгрөг хийж огцом баяжицгааж байсан байна. Тэрхүү газрыг саяхнаас Маркополо /Ганбаатар захиралтай “Макс” компанийн охин компани гэх/ хэмээх компани хашаа хашиж, нийгмийн хэв журмын хамгаалалтын албаар хамгаалуулан иргэдийн дотогш нэвтрүүлэхгүй болгосон байна. Тэнд гараар алт олборлож амьдралаа залгуулж байсан 50 орчим мянган иргэн амь амьдралынхаа төлөө томоохон тэмцэл өрнүүлээд байна. Амлалт нэхэх Ард түмний холбооны Говь-Алтай аймгийн салбар энэхүү тэмцлийг удирдаж байгаа юм байна. Ирэх даваа гарагт буюу есдүгээр  сарын 13-ны даваа гарагт иргэд Бигэр сумын нутагт цугларч тэмцлээ эхлүүлэхээр болжээ.
Тиймээс Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянга өчигдөр Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригттой уулзаж хууль бусаар олгогдсон лицензийг даруй цуцлаж, уг асуудалд анхаарлаа хандуулахыг сануулсан байна. Сайд Д.Зоригт лицензийг цуцлах тушаалыг АМГТХЭГ-т өгчихөөд байгаа ажээ. Гэсэн ч Маркополо компани өрмийн машин, бусад техникээ талбайд оруулан олборлолт хийж байгаа тул иргэд ширүүн тэмцэлд бэлдэж эхэлснийг Амлалт нэхэх ард түмний холбооныхон хэлж байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж