Автобуснуудад тортог багасгах шүүлтүүр суурилуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Автобуснуудад тортог багасгах шүүлтүүр суурилуулж эхэллээ

Автобуснуудад тортог багасгах шүүлтүүр суурилуулж эхэллээ

Монгол Улсад  тээврийн хэрэгслийн  тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэхийн хэрээр автомашинаас ялгарч буй утаа агаарын бохирдлын 10 гаруй хувийг эзэлж байна. Хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг үр дагавар учруулж буй автомашины утаанд нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агуулагдаж байдаг аж.  Тэгвэл нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын  хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагатай байгуулсан санамж  бичгийн хүрээнд нийтийн зорчигч тээврийн их багтаамжийн автобусанд тортогжилтын ялгарлыг бууруулах DPF /diesel particulate filter/ шүүлтүүрийг суурилуулжээ.

Нийтийн зорчигч тээврийн гурван баазын тус бүр найман автобусанд буюу нийт их багтаамжийн 24 автобусанд суурилуулахаас өнөөдрийн байдлаар автобус гуравдугаар баазын найман автобусанд суурилуулаад дуусчээ. Нэг автобусанд гурван DPF шүүлтүүр  хэрэглэгддэг бөгөөд автобус шугамд бүтэн өдөр яваад ирэхэд шүүлтүүр нь хав хар өнгөтэй ирдэг аж. Бохирдсон шүүлтүүрийн  тортгийг цэвэрлэхийн тулд тусгай тортог шатаагч төхөөрөмжид хийж цаг гаруй хугацаанд цэвэрлэгддэг байна. Холбогдох байгууллагуудын төлөөлөл өнөөдөр /2018.08.20/ автобус гуравдугаар бааз дээр ажиллаа. 

Монгол Улсын засгийн газраас нэг ч төгрөг гаргаагүй

Зам тээврийн хөгжлийн яамны авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд

Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн яамны авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоос дараах асуултад хариулт авлаа. 

-Туршилтаар 24 автобусанд суурилуулна гэлээ. Цаашдаа шүүлтүүрийг монголдоо үйлдвэрлэх боломж бий юу?

-Авто тээврийн хэрэгслээс үүдэн гарч  байгаа агаарын бохирдлыг хэрхэн бууруулахад бусад орны туршлага болон шилдэг технологи  юу байна вэ гэдгийг эрэлхийлж ажиллаж байна. Агаарын бохирдлын арван хувийг авто тээврийн хэрэгслээс гарч байгаа утаа, 80 орчим хувийг нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснууд гаргаж байгаа. Үүнээс гадна дэлгүүр, рестораны бараа түгээлтийн 6000 гаруй ачааны  машин байна. Нийтийн тээвэрт 2000 гаруй автобус бүртгэлтэй байгаагаас өдөрт 1000 гаруй автобус иргэдэд үйлчилдэг. Агаарын бохирдлыг бууруулах ажлын  хүрээнд олон улсын Жайка” байгууллагаас нийтдээ 24 автобусан дээр төхөөрөмж суурилуулна. Цаашдаа шүүлтүүрийг Монголд үйлдвэрлэж үнэ өртгийг нь бууруулах ямар боломж байгаа вэ гэдгийг судалж байна. Судалгаа маань эхлээд хагас жил болж байна. Цаашдаа жил орчим үргэлжилнэ.

-DPF шүүлтүүр хорт бодисыг хэдэн хувь шүүдэг вэ?

– Шүүлтүүр нь хөө тортгийг 99.9  хувь шүүж байгаа. Цаашдаа  бид тодорхой арга хэмжээ авч ажиллахгүй бол нэг шүүлтүүрээс гарч байгаа 50-60 грамм хөө тортог агаарт цацагдаад бид тэрүүгээр амьсгалаад явж байна гэсэн үг.

-Шүүлтүүр нэг бүрийнх нь үнэ хэд вэ? Цаашид бүх автобусанд суурилуулах уу?

-Зөвхөн туршилтын хүрээнд  24 автобусанд шүүлтүүр тавьж байгаа. Туршилтын ажил учраас үнийг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Мэдээж өндөр үнэтэй байх. Цаашдаа монголдоо үнэ өртөг багатайгаар хэрэгжүүлэх мөн Жайкагийн буцалтгүй тусламжийн хүрээнд  автобусанд нэмж суурилуулах ямар боломж байна вэ гэдгийг судалж байгаа. Жайкагаас 100 хувь гаргаж байгаа. Монгол Улсын засгийн газраас нэг ч төгрөг гаргаагүй.

-Өвлийн улиралд туршсан бол судалгааны үр дүн нь илүү  бодитоор гарах байсан юм болов уу?

-Мэдээж хүйтэнд хэрхэн шүүж байгаа  гэдгийг харах ёстой .Тийм учраас урт хугацаанд туршиж байгаа юм. Цаашдаа үе шаттайгаар хэрэгжээд явна. Өвөл хүйтрээд эхлэхээр  өвлийн цагт хэр шүүж байгаа талаарх нэгтгэсэн тайланг гаргана.

аж ахуй нэгж хувь хүн өөрсдийн хөрөнгөөр суурилуулахад хүндрэлтэй

Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми

Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми  “Япон Улсад бүх дизель хөдөлгүүртэй автобус болон машинуудад  DPF шүүлтүүрийг ашигладаг. Энэ удаагийн төслийн хүрээнд зөвхөн 24 автобусанд  төхөөрөмжийг туршилтын хүрээнд суурилуулж байгаа. Улаанбаатар хотын  хэмжээнд арав орчим мянган дизель хөдөлгүүртэй машин байгаа гэсэн судалгаа бий. Тийм учраас DPF төхөөрөмж суурилуулах шаардлагатай машинуудад шүүлтүүрийг суурилуулах хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд нарийвчилсан төлөвлөгөө хэрэгтэй байх гэж бодож байна. Монгол Улс ирэх 2019 оны тавдугаар сараас  дизель хөдөлгүүртэй машинд хязгаарлалт хийнэ гээд бодлого чиглэл гараад байгаа. Иймээс Жайкагийн зүгээс энэ удаагийн туршилтын төслөөр дамжуулаад тусалж болох бүгдээр туслах болно. Ямар машинд суурилуулахаас  шалтгаалаад DPF шүүлтүүрийн хэмжээ нь өөр өөр. Ерөнхийдөө 500 мянган иенээс 1,5 сая иен орчим байдаг. Шүүлтүүр маань хямдхан төхөөрөмж биш. Тиймээс аж ахуй нэгж хувь хүн өөрсдийн хөрөнгөөр суурилуулахад хүндрэлтэй учраас Монгол Улсын зүгээс бодлого дэмжлэг шаардлагатай гэж үзэж байна” гэв.

Э.Бурам 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж