Алдарт Н.Жокович түүхэн ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Алдарт Н.Жокович түүхэн ялалт байгууллаа

Алдарт Н.Жокович түүхэн ялалт байгууллаа

Мэргэжлийн талбайн теннисний Цинциннати мастерс тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд АТР-н дэлхийн экс номер нэг Сербийн Н.Жокович шувтрагын тоглолтонд Швейцарын Р.Федерерийг 6-4, 6-4 харьцаатай хожиж анх удаагаа Цинциннати Мастерс тэмцээнд түрүүлсэн. Энэ түрүүгээрээ Н.Жокович мэргэжлийн талбайн теннисний ертөнцөд нэгэн шинэ түүхийг нээсэн байна.

Эрэгтэй теннисчдийн АТР-н Мастерс-1000 тэмцээн нь нэр хүнд, цар хүрээгээрээ Их Дуулга тэмцээний дараа орох бөгөөд жилийн турш нийт есөн Мастерс тэмцээн зохиогддог. Урьд өмнө нь АТР Мастерс тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн теннисчин гарч байгаагүй бол Н.Жокович бүгдэд нь түрүүлсэн анхны теннисчин болж байна. Тэрээр ялалт байгуулсныхаа дараа “Энэ бол үнэхээр онцгой мөч юм. Би Цинциннатин ялалтын цомыг анх удаагаа бариад зогсч байна” хэмээн ярьжээ. Н.Жокович Цинциннати мастерс тэмцээнд өмнө нь таван удаа финалдаж байсан ч тухай бүртээ ялагдаж байсан.

Үүнээс гадна Сербийн алдарт теннисчин Н.Жокович дөрвөн Их Дуулгад  түрүүлсэн цөөхөн теннисчний нэг байсан бол АТР Мастерс тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн анхны теннисчин болж байна. Түүний амжилтыг Р.Федерер, Р.Надал, Э.Мюррей, А.Агасси, П.Сампарс, Р.Эмерсон болон Р.Лаур нарын аль нь ч үзүүлж байгаагүй юм.

Сербийн Новак Жоковичийн хүртэж байсан Мастерс тэмцээний түрүү:

  1. Индиан Уэлльс: 2008, 2011, 2014, 2015, 2016 он
  2. Миами опен: 2007, 2011, 2012, 2014, 2015, 2016 он
  3. Монте-Карло мастерс: 2013 он
  4. Мадрид опен: 2011, 2016 он
  5. Италийн опен: 2008, 2011, 2014, 2015 он
  6. Канадын опен: 2007, 2011, 2012, 2016 он
  7. Цинциннати мастерс: 2018 он
  8. Шанхайн мастерс: 2012, 2013, 2015 он
  9. Парис мастерс: 2009, 2013, 2014, 2015 он 

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж