Нийслэлийн залуучуудын байгууллага үүсч, хөгжсөний 95, нийслэлийн хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хүүхэд, Залуучуудын Эвлэл хамтран “Залуучуудын орон сууцны цогцолбор”-ын туршлага судлах уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 16-ны өдөр байгуулав.
Тус уулзалт хэлэлцүүлэгт нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Доржхорол, нийслэлийн Хүүхэд, Залуучуудын Эвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Энхмандах, Ж.Рэнцэн-Амгалан, нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын Газар зохион байгуулагч А.Энхханд болон барилгын компанийн төлөөллүүд, дүүргүүдийн Залуучуудын хөгжлийн төвийн ажилтан, албан хаагчид оролцож, “Залуучуудын орон сууц цогцолбор”-ыг хэрхэн бүтээн байгуулж байсан талаар туршлага судалж, одоо хэрэгжүүлэх боломж, нөхцөлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Доржхорол “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар нь нийслэлийн хүн амын гуравны нэг хувийг эзэлж буй залуучуудын асуудлыг дангаараа эрхэлдэг төрийн захиргааны байгууллагын хувьд залуучуудын амьдралд тулгамдаж буй орон сууцны асуудлаар энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Залуучуудын орон сууцны цогцолборыг бүтээсэн ахмад үеийнхний туршлагыг өнөө үед нэвтрүүлэх талаар үе үеийн төлөөлөл, төрийн болон хувийн хэвшлийг оролцуулан, зах зээлийн үнээс хямд өртгөөр худалдаалах боломжтой орон сууцыг бүтээн байгуулахаар судалж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, бололцоог судлан ажиллаж байна” гэж хэллээ.
Нийслэлийн Хүүхэд, Залуучуудын Эвлэлийн нэгдүгээр Нарийн бичгийн дарга асан Б.Энхмандах “Залуучуудын дундаас янз бүрийн ажил мэргэжлийн шилдэг 36 залууг барилгын бригад болгон зохион байгуулж, Улаанбаатар хотын 11 дүгээр хорооллын 9 давхар барилгын 1 орцыг гэрээгээр тэдэнд өгч, байрны барилга угсралт, сантехник, цахилгааны ажлын өртөгтэй нь дүйцүүлэн 2-3 жижиг барилгын өрлөгийн ажлыг гүйцэтгүүлээд, дээр нь өөрсдийнх нь орох байрных нь засал чимэглэлийн ажлыг өөрсдөөр нь гүйцэтгүүлж, залуучуудыг орон сууцжуулах туршлагыг 1987 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус барилгыг 1988 онд ашиглалтад хүлээлгэн өгч, анхны 36 залуу өрх өөрсдийн гар бие оролцсон орон сууцтай болж байлаа. Өнөөгийн залуучууд, залуу гэр бүлүүдэд хамгийн их тулгамдсан асуудлын нэг бол орон сууцны асуудал юм. Тиймээс залуучууд та бүхэн ахмад үеийн сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн барилгын дэд бүтэцтэй холбоотой, нарийн мэргэжил шаардсан ажлыг мэргэжлийн компаниар гүйцэтгүүлэн, гадна, дотор засал болон тохижилтын ажлыг залуучууд өөрсдөө хийж, илүү хямд үнээр орон сууцанд орох боломж байна” хэмээв.
Мөн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар нь үе үеийн залуучуудын байгууллагын сайн туршлагыг нэвтрүүлэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын ивээл дор “Гурван үеийн чуулган”-ыг наймдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.