2035 он гэхэд хүн төрөлхтөнд “хоёр дахь дэлхий” шаардлагатай болох эрсдэлтэй

2035 он гэхэд хүн төрөлхтөнд “хоёр дахь дэлхий” шаардлагатай болох эрсдэлтэй

2035 он гэхэд хүн төрөлхтөнд “хоёр дахь дэлхий” шаардлагатай болох эрсдэлтэй

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг Монгол Улсад 16 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлгийг /2026.03.19/  зохион байгуулж, уур амьсгалын өөрчлөлт болон түүнтэй тэмцэх арга замын талаар санал бодлоо солилцов. Хэлэлцүүлэгт оролцсон судлаачидын байр суурийг хүргэж байна.


БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ БОЛ СОНГОЛТ БИШ, ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддорж:

-Сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхийн зэрлэг амьтдын тоо толгой дунджаар 73 хувиар буурсан нь энгийн нэг тоон үзүүлэлт бус, байгаль орчны доройтлын ноцтой дохио юм. Энэ нь жил бүр дунджаар 2.6 хувийн бууралтад хүрч буйг илтгэнэ. Уг дүгнэлт нь 1970–2020 оны хооронд 5,495 зүйлийн 35,000 орчим популяцийн судалгаанд үндэслэсэн бөгөөд амьдралын бүх орчинд доройтол гүнзгийрч байгааг харуулж байна. Ялангуяа цэнгэг усны экосистем хамгийн ихээр өртөж 85 хувиар буурсан бол хуурай газрынх 69 хувь, далайн орчинд 56 хувийн бууралт ажиглагджээ. Энэ нь экосистемийн тэнцвэр алдагдаж, амьдралын суурь нөхцөл доройтож байгааг илтгэнэ.

Байгаль бол зөвхөн хамгаалах ёстой зүйл биш, харин хүн төрөлхтний оршин тогтнохын үндэс билээ. Өнөөдөр дэлхийн хуурай газрын 30 хувь, далайн эрэг орчмын 24 хувь нь хүн төрөлхтөнд амин чухал 14 төрлийн экосистемийн үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр бүс нутгийг хамгаалалтад авах нь дэлхийн хүн амын 87 хувьд шууд үр өгөөж өгөх боломжтой. Иймээс байгаль хамгаалал нь зөвхөн экологийн асуудал биш, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурь нөхцөл юм.

Гэвч бодит байдал дээр хүн төрөлхтөн байгалийн нөөцийг нөхөн сэргэх чадвараас нь 30 хувиар давуулан ашиглаж байна. Хэрэв энэ хандлага хэвээр үргэлжилбэл 2035 он гэхэд хүн төрөлхтөнд “хоёр дахь дэлхий” шаардлагатай болох эрсдэл бодитой нүүрлэх болно. Энэ нь ирээдүйн хийсвэр таамаг бус, өнөөгийн буруу хэрэглээний шууд үр дагавар юм.

Ийм нөхцөлд “3М” зарчим онцгой ач холбогдолтой. Нэгдүгээрт, 2030 он гэхэд 12.5 сая га газар нутагт биологийн олон янз байдал болон экосистемийн үйлчилгээг сэргээх зорилт дэвшүүлж байна. Хоёрдугаарт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүдийг хэрэгжүүлэх замаар 36,000 гаруй хүний амьжиргааг сайжруулах зорилготой. Гуравдугаарт, 99.3 сая га нутагт байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Эдгээр зорилтууд нь байгаль хамгааллыг дан ганц экологийн асуудал бус, хүний хөгжилтэй уялдсан цогц бодлого болохыг илтгэнэ. Иймээс бид байгаль хамгааллыг тусдаа салбарын асуудал гэж үзэх бус, хөгжлийн бодлогын салшгүй хэсэг болгон авч үзэх шаардлагатай.

Эцэст нь хэлэхэд, байгаль орчны доройтол нь ирээдүйн бус, аль хэдийн эхэлсэн бодит хямрал юм. Үүнийг даван туулахын тулд улс орон, байгууллага, иргэн бүрийн оролцоо чухал. Байгаль хамгаалах нь бидний үүрэг төдийгүй, оршин тогтнох баталгаа юм.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА АМЬД ЕРТӨНЦИЙН ШИЛЖИЛТ

МУИС-ын Биологийн тэнхимийн багш Ө.Баярсайхан:

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт эрчимжихийн хэрээр амьд ертөнцийн газарзүйн тархалт хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Энэ нь зөвхөн байгаль орчны асуудал төдийгүй хүний сайн сайхан байдал, экосистемийн тогтвортой байдал, улмаар уур амьсгалын тогтолцоонд хүртэл гүнзгий нөлөө үзүүлж буй цогц үзэгдэл юм.

Уур амьсгалын нөлөөгөөр зүйлүүдийн тархалтын хүрээ өөрчлөгдөж, шинэ бүс нутаг руу шилжих нь хүний амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Шууд нөлөөлөлд халдварт өвчний шинэ голомт үүсэх, хүнсний нөөцийн тогтворгүй байдал нэмэгдэх зэрэг орно. Харин шууд бус нөлөөлөл нь экосистемийн эрүүл мэнд доройтож, байгалийн үйлчилгээ алдагдах хэлбэрээр илэрдэг. Цаашлаад зарим зүйлүүдийн тархалтын өөрчлөлт нь уур амьсгалын тогтолцоонд “буцах холбоо” үүсгэж, дулаарлын хурдыг нэмэгдүүлэх эсвэл сааруулах боломжтой. Монгол орны хувьд энэхүү өөрчлөлт тодорхой ажиглагдаж байна.

Өндөр уул, ой тайга, говь хээрийн бүсэд амьдардаг олон зүйл амьтад амьдрах орчноо даган өндөршил болон газарзүйн хувьд шилжих хандлагатай болжээ. Гэвч энэ шилжилт нь энгийн дасан зохицол бус, оршин тогтнохын төлөөх тэмцэл болон хувирч байна.

Тухайлбал, ирвэс нь Монгол Алтай, Говь Алтай, Хангайн уулархаг бүсэд 900–3500 метрийн өндөрт тархан амьдардаг бөгөөд өнөөдөр “устаж болзошгүй” ангилалд багтаж байна. Түүний амьдрах орчны доройтол, идэш тэжээлийн хомсдол, хууль бус агнуур, уул уурхайн үйл ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлт нь гол аюул болж байна. Үүнтэй адил хүдэр, ойн булга зэрэг ой тайгын амьтад мөн адил хууль бус агнуур, ойн түймэр, амьдрах орчны хумигдлаас үүдэн эрсдэлд орж байна.

Мөн цаа буга, аргаль, янгир зэрэг уулын бүсийн амьтад уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн дарамт, уул уурхайн нөлөөгөөр амьдрах орчноо алдаж, популяцийн хувьд тасрах аюулд хүрч байна. Эдгээр зүйлүүдийн ихэнх нь “эмзэг” болон “ховордож болзошгүй” ангилалд багтаж буй нь байгаль орчны доройтол ямар түвшинд хүрснийг тод илтгэнэ.

Харин тагийн болон асганы огдой зэрэг зүйлүүд одоогоор “анхааралд өртөхөөргүй” ангилалд багтаж байгаа ч өндөр уулын хязгаарлагдмал орчинд амьдардгаараа дэлхийн дулааралд онцгой мэдрэмтгий хэвээр байна. Энэ нь ирээдүйд эрсдэл нэмэгдэх магадлал өндөр байгааг анхааруулж байна.

Эндээс нэг чухал дүгнэлт гарч байна. Амьтдын тархалтын өөрчлөлт нь байгалийн энгийн хувьсал бус, харин хүний үйл ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлтийн нийлмэл дарамтын үр дүн юм. Хэрэв энэ хандлага үргэлжилбэл зөвхөн амьтдын хувь заяа бус, хүний амьдрал өөрөө эрсдэлд орно.

Иймээс бодлогын түвшинд дараах чиглэлд анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, амьтдын шилжилт хөдөлгөөнийг дагасан, харилцан уялдаатай хамгаалалтын бүс нутгийн сүлжээг бий болгох. Хоёрдугаарт, уур амьсгалд дасан зохицсон байгаль хамгааллын менежментийг нэвтрүүлэх. Гуравдугаарт, хууль бус агнуур, уул уурхай, ойн доройтлыг бууруулах бодлогыг чангатгах. Дөрөвдүгээрт, орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан тогтвортой ашиглалтын тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай

ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДАГАВАР БА НИЙГМИЙН СОРИЛТ

МУИС-ийн профессор С.Эрдэнэсүх:

-Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн жам ёсны хэлбэлзэл бус, харин хүний үйл ажиллагааны шууд үр дагавар болох нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлагдсан бодит үнэн юм. Хүн амын өсөлт, аж үйлдвэрийн эрчимтэй хөгжил нь органик түлшний хэрэглээг огцом нэмэгдүүлж, агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн агууламжийг тасралтгүй өсгөж байна.Сүүлийн 60–70 жилийн хугацаанд нүүрсхүчлийн хийн агууламж ойролцоогоор 10–12 хувиар нэмэгдэж, 1900-аад оны эхэн үеийн 0.029 хувиас 2020 он гэхэд 0.034 хувь болж өссөн нь үүний тод илрэл юм. Байгалийн хүчин зүйлс, тухайлбал галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт зэрэг нь тодорхой хэмжээнд нөлөөлдөг ч өнөөгийн нөхцөлд хүний үйл ажиллагаа давамгайлж байгааг үгүйсгэх аргагүй.

Агаар мандал дахь хүлэмжийн хий болох нүүрсхүчлийн хий (CO₂), метан (CH₄), азотлог исэл (N₂O), озон (O₃)-ийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр дэлхийгээс ялгарах дулааныг буцаан барих чадвар өсөж, “нэмэлт дулаарал”-ыг бий болгож байна. Үнэндээ хүлэмжийн үзэгдэл байхгүй байсан бол дэлхийн дундаж температур одоогийнхоос 33°C-ээр хүйтэн байх байлаа. Гэвч хүний үйл ажиллагааны улмаас энэхүү байгалийн тэнцвэр алдагдаж, дулаарал эрчимжсээр байна.

Аж үйлдвэржилтийн өмнөх үетэй (1850–1900) харьцуулахад дэлхийн дундаж температур аль хэдийн 1.2°C-ээр нэмэгдсэн байна. Хэрэв хүлэмжийн хийн ялгарлыг бодитоор бууруулахгүй бол 2100 он гэхэд CO₂-ийн агууламж 1000 ppm-ээс давж, дэлхийн температур 4°C-ээс дээш өсөх эрсдэлтэй. Энэ нь экосистемийн тэнцвэрийг алдагдуулж, хүний амьдралд ноцтой үр дагавар авчрах хэмжээнд хүргэнэ.

Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлт илүү хурдацтай явагдаж байна. 1940–2022 оны хооронд агаарын жилийн дундаж температур 2.46°C-ээр нэмэгдсэн бөгөөд ялангуяа 1988 оноос хойш дулаарал эрчимжсэн байна. Орон зайн тархалтаар авч үзвэл нийт нутгаар 2–3°C-ийн дулааралт ажиглагдаж, хамгийн их нь Улаанбаатар хот, Хөвсгөлийн Мөрөн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум орчимд 3.4°C хүрсэн нь дэлхийн дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Энэ нь Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг бүс нутгийн нэг болохыг харуулж байна.

Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал биш, харин нийгмийн олон талт сорилтыг дагуулж байна. Дулаарал, хуурайшилт нь усны нөөцийг багасгаж, баталгаатай ус, ариун цэврийн үйлчилгээний хүртээмжийг хязгаарласнаар халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байна. Ялангуяа алслагдсан хөдөө орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сул байгаагаас жирэмсэн эхчүүд, нярай хүүхдүүд, ахмад настнууд зэрэг эмзэг бүлгийнхэн илүү их эрсдэлд өртөж байна.

Мөн уур амьсгалын өөрчлөлт нь хүний хөгжлийг дараах үндсэн чиглэлүүдэд хүчтэй сааруулж байна. Үүнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал; усны нөөц ба усны аюулгүй байдал; байгалийн гамшиг болон уур амьсгалын эрсдэлд өртөмтгий байдал; экосистем ба биологийн олон янз байдал; хүний эрүүл мэнд зэрэг орно.

Үүний зэрэгцээ хөдөө орон нутгаас хот суурин газар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, нийгмийн дарамтыг улам бүр нэмэгдүүлж байна. Үүний улмаас нийгмийн үйлчилгээний хүртээмж буурах, хүн амын өвчлөл нэмэгдэх, агаар болон хөрсний бохирдол ихсэх, хот орчмын бэлчээр доройтох, ажилгүйдэл өсөх зэрэг асуудлууд улам хурцдаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2026-03-20 107.122.93.143

Бүлт бүлт үсрэх юмаа.Модон жорлонгоосоо.салаагүй байж дэлхийг аварна айн.хэ2.Ёстой хошног чинь байлгүй дээ.

Avatar

Зочин 2026-03-20 202.55.188.86

Оюу толгойтой хэт их маргаж буланд шахах нь Монгол Улсад оновчгүй болно.Оновчтой хэмжээнээс илүү шахалтанд оруулж болохгүй,явж явж хятадын гарт орно.

Avatar

Нэргүй 2026-03-20 66.181.189.253

дайн дажин гээч уур амьсгал ус далайд ямар их бохирдол үүсгэж байгааг хүн төрөлхтөн мэдэж байгаа .дэлхий нас маш богинохон болсон сүйрэл ойрхон болсон.

Avatar

з 2026-03-20 202.126.89.139

та нар их мэдэмхийрэх нь яамай Наад Туул гол голоо устгахаас хамгаалах талаар яривал арай ойрын өлзий болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж