Хятад дүрэмт хувцас дотоодынхоос илүү эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Хятад дүрэмт хувцас дотоодынхоос илүү эрэлттэй байна

Хятад дүрэмт хувцас дотоодынхоос илүү эрэлттэй байна

Хичээл эхлэхэд ердөө 10 гаруй хоног үлджээ. Үүнтэй зэрэгцээд хичээлийн бэлтгэл ид өрнөж байгаа тул дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл, сургууль, цэцэрлэг, төлбөр зэрэг бэлтгэлд шаардлагатай үнэ ханшийн мэдээлэл бэлтгэлээ. 

Хятад дүрэмт хувцас дотоодынхоос илүү эрэлттэй байна

Хичээлийн бэлтгэлээ хангахаар иргэдийн ихээр зорьж очдог газар нь “Нарантуул” худалдааны төвийн “Баялаг-Ундраа” аж. Сурагчдыг тодотгох нэгэн зүйл нь дүрэмт хувцас. Тиймээс хамгийн түрүүнд сурагчийн дүрэмт хувцас борлуулж буй лангуун дээр очив. Тэнд сурагчдын дүрэмт хувцасны үнэ материал болон сурагчдын наснаас шалтгаалаад ялгаатай байлаа. БНХАУ-аас орж ирсэн сурагчийн дүрэмт хувцас дотоодын үйлдвэрийн дүрэмт хувцсаас харьцангуй хямд байв. Тухайлбал, БНХАУ-аас оруулж ирсэн бага ангийн эрэгтэй сурагчийн дүрэмт хувцсыг 40 мянган төгрөгөөр худалдаалж байна. Мөн охидынхыг 35 мянган төгрөг бол ахлах ангийн сурагчийн дүрэмт хувцас 75-80 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин дотоодын үйлдвэрийн дүрэмт хувцасны бага ангийн сурагчийнх 82-87 мянга, дунд ангийн сурагчийнх 97-100 мянга, ахлах ангийнх 122-134 мянган төгрөгийн үнэтэй байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцас дотоодынхоос харьцангуй хямд байгаа нь өнгөрсөн жилээс хойш юанийн ханш нэмэгдээгүйтэй холбоотой гэж худалдагчид хэлж байв. Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн дүрэмт хувцас дотоодынхоос илүү борлуулалттай байгаа нь үнээс гадна материалтай холбоотой гэнэ. Дотоодод үйлдвэрлэсэн дүрэмт хувцасны 60 хувь нь хөвөн даавуу, 40 хувь нь цэвэр хонины ноос байдаг тул хэрэглээд удалгүй бөөсөрдөг гэдгийг худалдан авагчид учирлаж байлаа.

“Улаанбаартар принт”-ийн дэвтэр бусдаас үнэтэй

Хэрэв таны хүүхэд нэгдүгээр ангид элсч байгаа бол эхний ээлжид дөрвөлжин болон хос шугамтай дэвтэр тус бүр дөрвөн ширхэг, зургийн дэвтэр хоёр ширхгийг бэлтгээрэй. Мөн бүх дэвтрийг хаяглалгүй, гялгар хавтсаар хавтаслаарай. Түүнчлэн өнгийн цаас, баллуур, харандаа үзүүрлэгч, цавуу, хайч, хөх өнгийн үзгэн бал 2-3 ширхэг, 12 өнгийн харандаа бэлтгээрэй. Хамгийн гол нь таны хүүхдийн үүргэвч биеийн жингийнх нь 10 хувиас бага жинтэй байх ёстойг мартаж болохгүй шүү.

Дэвтрийн хувьд 12 хуудастай нь 180 төгрөг, 24-48 хуудастай нь 350-550, 96 хуудастай дэвтэр 1000 төгрөгийн үнэтэй байна. Харин бал нэвтэрдэггүй, цаас бургидаггүй гэдэг утгаараа “Улаанбаартар принт” хэвлэх үйлдвэрийн дэвтэр бусдаас харьцангуй үнэтэй байв. Тодруулбал, 24 хуудастай дэвтэр 380, 48 хуудастай нь 630, 96 хуудастай нь 1250 төгрөгийн үнэтэй байлаа. Зургийн дэвтэр 8-20 хуудастай нь 600-1000 төгрөгийн үнэтэй байлаа.

Харин балны тухайд 300-1500, харандаа 200-800, үзүүрлэгч 500-3000, баллуур 100-1500, баримлын шавар 1500-4000, өнгийн харандаа 1000-8000, усан будаг 1500-3000, фламастер 1500-8000, гортиг 1000-10000, хайч 800-4000, шугам 500-4000, штрик 500-1500 төгрөгийн үнэтэй байна. Үүргэвч 40 мянгаас 180 мянган төгрөгийн үнэтэй байлаа. 

Сурах бичгүүдийг өнөөдрөөс эхлэн тараана

Улсын төсвөөс сурах бичиг хэвлүүлэхэд жилд 4-5 тэрбум төгрөг зарцуулдаг. Ингэснээр сургуулийн номын сангаар дамжуулан I-V ангийн сурагчдыг сурах бичгээр 100 хувь хангадаг. Тиймээс хавар захиалгаа өгсөн л бол сурах бичиг дутах асуудал үүсэх ёсгүй юм. Харин дунд болон ахлах ангийн сурагчдын 40 хувьд буюу зорилтот бүлгийн зарим хүүхдэд номын сангаар дамжуулан сурах бичиг үнэгүй олгодог. Тухайн 40 хувийг сургууль тодорхойлдог. Үнэ төлбөргүй олгож байгаа эдгээр номд элэгдэл, хорогдол гарвал нөхөн хангалтаар дахин хэвлэдэг уламжлалтай. Энэ жил 65 нэрийн сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэж байгаа юм.

Харин ерөнхий боловсролын сургуулийн 186 нэрийн сурах бичгийн 24 нэр төрлийн сурах бичгийг шинээр хэвлэнэ. Шинээр хэвлэх сурах бичгийн хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан байх аж. Сурах бичгийг хэвлээд эхэлсэн бөгөөд өнөөдрөөс /2018.08.20/  эхлэн сургуулиудад түгээх юм байна.  

26 цэцэрлэг, есөн сургууль шинээр үүдээ нээнэ

Урьдчилсан мэдээллээр энэ жил 78 мянган хүүхэд нэгдүгээр ангид, 114 мянган хүүхэд цэцэрлэгт элсэх бол улсын хэмжээнд 26 цэцэрлэг, есөн сургууль шинээр үүдээ нээх юм. Үүний гурав нь сургууль, таван цэцэрлэг нь нийслэлд үүдээ нээх аж.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь сургууль, цэцэрлэгүүдийн өвөлжилтийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнтэй танилцах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Шалгалтаар сургууль, цэцэрлэгийн  захирлуудын ур чадвараас хамаарч хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалт, орчны аюулгүй байдал, ариун цэвэр харилцан адилгүй байгааг анхааралдаа авахыг холбогдох удирдлагуудад үүрэг болгожээ. Мөн хүүхдийн сурах орчны аюулгүй байдлыг цаашид үргэлжлүүлэн шалгаж, ‘аюулгүй’ болох хүртэл өгөгдсөн үүрэг даалгаврыг шалгаж, тайлан мэдээг хүлээж авах даалгавар өгчээ.

Сургалтын төлбөр 300-400 мянган төгрөгөөр нэмэгджээ

Монгол Улсад 96 их, дээд сургууль бий. Үүнд 155 мянган оюутан суралцдаг. Оюутнуудын мэдээлж буйгаар 2018-2019 оны хичээлийн жилд МУИС-ын нэг кредит 11900-19200 төгрөгөөр нэмэгджээ. Ингэснээр оюутан жилд 30-40 кредит судалдаг гэж тооцвол сургалтын төлбөр 300-400 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг аж.

ШУТИС-ийн нэг кредит 2017 онд 66 мянга 250 төгрөг байсан бол энэ хичээлийн жилд 76900-78900 төгрөг болсон байна. Мөн энэ хичээлийн жилд их, дээд сургуулийн төлбөр 2.2 сая төгрөгөөс дээш байгаа аж.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж