Зам, тээврийн осолд өртөгсдийн олонх нь 5-9 насныхан

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Зам, тээврийн осолд өртөгсдийн олонх нь 5-9 насныхан

Зам, тээврийн осолд өртөгсдийн олонх нь 5-9 насныхан

Удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, сургууль, цэцэрлэгтээ яарсан багачууд завгүй өдрүүд эхэлнэ. Энэ л үед томчууд, хүүхдүүдийн санамсар болгоомжгүй байдлаас болж зам тээврийн осолд өртөх нь олширдог гэнэ. Зам тээврийн осол гэмтэл Монгол Улсад төдийгүй дэлхий дахины тулгамдсан асуудлуудын нэг. Хувь хүний санамсаргүй, болгоомжгүй байдлаас олон хүн зам тээврийн ослоор амиа алдаж буйг статистик тоо баримтууд харуулдаг. Олон улсын статистикийн газраас хийсэн судалгаагаар Монгол Улс явган зорчигчдод хамгийн эрсдэлтэй орны жагсаалтыг тэргүүлжээ. Тэр дундаа осолд өртсөн бага насны хүүхдийн тоогоор дэлхийн улс орны жагсаалтыг манлайлж байгаа нь харамсалтай. Өнгөрсөн 2017 онд улсын хэмжээнд 1112 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 54 нь амь насаа алдаж, 225 нь хүнд гэмтсэн байна.

Нийслэлд явган зорчигч хүүхдүүд осолд өртөх нь их байдаг бол  орон нутагт тээврийн хэрэгсэлд зорчиж яваад гэмтэх, амиа алдах нь их. Өөрөөр хэлбэл, автомашинд явж байгаад гэмтсэн, нас барсан тохиолдол элбэг байдаг аж. Зам тээврийн осолд өртөж гэмтэж нас барсан хүүхдүүдийн насны байдлыг авч үзвэл 0-6 насны хүүхдүүд гурван хувь, 7-14 насны хүүхдүүд 58,4 хувийг, 15-16 насны хүүхдүүд 25 хувийг эзэлж буй.

Энэ сарын 16-ний өдөр Замын цагдаагийн  албанд гэмт хэргийн шинжтэй 13 дуудлага ирснээс гурван дуудлага нь бага насны хүүхэд осолд өртсөн дуудлага байжээ. Тодруулбал, тус өдөр Чингэлтэй дүүрэгт автомашины жолооч нь явган зорчигч Баянзүрх дүүргийн аравдугаар хороонд оршин суух зургаан настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээсэн байна. Харамсалтай нь явган зорчигч Х нь явган хүний гарцаар  гарч байжээ. Мөн энэ өдөр Чингэлтэй дүүрэгт Энхтайвны өргөн чөлөө,  автомашины жолооч иргэн Б нь явган зорчигч Сонгино хайрхан дүүргийн иргэн дөрвөн настай эрэгтэй М-ийг мөргөж гэмтээсэн.

Хамгийн сүүлийн баримтыг  дурдахад Сонгино хайрхан дүүрэгт жолооч  есөн настай эрэгтэй  Э-г мөргөж гэмтээжээ. Эндээс юу харагдаж байна гэхээр замын хөдөлгөөнд бие даан оролцож байгаа хүүхдүүд осолд их өртөж байна. Өөрөөр хэлбэл, бага болон дунд ангийн хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь түгээмэл. Статистик үзүүлэлтээс харахад зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн 42.8 хувь буюу олонх нь 8-14 насныхан буюу ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эзэлж байгаа юм. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцогч жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо анхааралтай, дүрэм зөрчихгүй оролцохгүй бол өөр олон хүүхдийн амь нас эрсдэх, гэмтэж болзошгүй. 

Хүүхдүүд  гэлтгүй  томчуудын осолд өртсөн тохиолдлын дийлэнхийг гарцгүй газраар зам хөндлөн гарснаас үүдэж байна. Энэ нь явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмийг төдийлөн мөрддөггүйг харуулж байна. Хэдхэн секунд хүлээгээгүйнхээ төлөөсөнд явган зорчигч насан туршдаа тахир дутуу, цаашилбал амь насаа ч алдах аюултайг олон хүн ойлгодоггүй нь амиа алдахад хүргээд байгааг албаныхан өдөр бүр сануулж буй. Гэвч хэнэггүй иргэд тоолгүй явсаар эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирсоор байгаа юм. Нөгөө талдаа гарцаар гарч байгаа бага насны хүүхдийг мөргөсөн жолооч нар ч хариуцлагатай байх ёстой. 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж