МАН-ын эв нэгдлээс хамаарах реформ

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

МАН-ын эв нэгдлээс хамаарах реформ

МАН-ын эв нэгдлээс хамаарах реформ

 -М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын эв нэгдэл, эр зоригоос хамаарна-

Зам тээврийн хөгжлийн яаман дээр гарсан хүн амины хэргийн улмаас Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга М.Энхболдод хаяглан нэгэн албан бичиг хүргүүлжээ. Ерөнхийлөгчийн албан бичигт “…Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, Төрийн албаны зөвлөлийн дарга зөвлөлийн үйл ажиллагааг зангидаж, удирдаж ажиллаж чадахгүй байгаа тул ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлөх”-ийг санал болгосон байна. Цаашлаад төрийн албаны зөвлөл хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд яам, агентлагийн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг томилоход төрийн албаны тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллахгүй, төрийн жинхэнэ албаны болон удирдах ажилтны томилгоог хуульд нийцүүлэх, шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байгаагаас улс төржилт туйлдаа хүрч байгааг ч Төрийн тэргүүн анхааруулж.

Төрийн албаны зөвлөл төрд биш улстөрчдөд үйлчилдэг болсон хийгээд ямар нэгэн томилгоо болгоны ард улстөрчдийн хушуу, хуруу оролцдог нь Монголын төрийн бичигдээгүй хууль. Төрийн албаны сонгон шалгаруулалт өгч байгаа хүний өмнөөс ичиж үхмээр, хөгийн бүр элэг хөшмөөр болчихсон л доо.  Тухайн хүндээ тохируулж зарладаг, нээлттэй нэртэй хаалттай сонгон шалгаруулалт  болдог, тогтолцоогоо өөрчлөхгүй бол болсоор ч байх биз.

Энэ бүхэн ганцхан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоод биш улстөрчдөд бүр цаашлаад тогтолцоондоо байгаа юм. Хэрэвзээ буруутныг ол гэвэл өнгөрсөн 25 жил засаг барьсан АН, МАН хоёр л хариуцлага хүлээх ёстой. Монголын төрийг ээлжлэн барьсан тэд төрийн албыг “захын хар овоохой” болгож хувиргачихаад өнөөдөр ниргэсэн хойно нь ниргээд сууж байгаа нь хүртэл улс төржилт шүү.

Тиймээс л Х.Тэмүүжингийн жиргэсэнчлэн хувь хүний бус тогтолцооны өөрчлөлт рүү явахаас өөр сонголтгүй болсон гэсэн үг.

Сайд өөрчлөгдөхөд төрийн алба тэр чигтээ өөрчлөгддөг, даргын  орон тоо нэмэгдэхэд дагаад төрийн хүнд суртал, төсвийн зардал нэмэгддэг аксиомыг өөрчлөхөөс тогтолцооны шинэчлэлтийг эхлүүлэх ёстой.

Үүнийг засахгүйгээр зөвхөн хувь хүнд, Цогоо, Батаа хоёрт хариуцлага тооцоод өнгөрөх юм бол Ерөнхийлөгчийн албан бичигт дурдсанчлан төрийн албаны улс төржилт зогсох нь юу л бол. Яг л хорт хавдрыг эмчлэхийн тул үзүүрийг нь тайрахаас илүү уг үндсээр нь эмчлэх шаардлагатай болдогтой адилхан.

Үндсэндээ төрийн албанд нүүрлэсэн идээ бээрийн эмнэхийн тулд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэгэнтээ санаачилж байсан “Том төрөөс ухаалаг төр рүү’ шилжихээс өөр аргагүй. Илүү тодорхой хэлбэл, хуулиар өөрт нь оногдсон эрх үүргийнхээ хүрээнд төсөрхөн төсөвтэй, цомхон бүтэцтэй, технологийн дэвшлийг чадмаг ашиглаж хууль, бодлогын хэрэгжилтийг төгс хангаж чаддаг тийм л төр Монголд үгүйлэгдэж байна аа гэсэн үг.

Монголын төр хэт таргалсан, хэт цадчихсан хүн шиг болоод удаж байгаа.  Гурван сая хүнээс 180 мянга нь төрд ажилладаг. Тэдний дийлэнх нь  улстөрчдийн ах дүү, найз нөхөд, хамаатан садангууд.  Хувийн байгууллагад гурван хүний хийх ажлыг нэг хүн хийдэг бол төрийн байгууллагад нэг хүний хийх ёстой ажлыг гурван хүн хийдэг. Хувь, төр хоёрын нэг ялгаа энэ.

Төрийн бүтэц томрохын хэрээр  зам засах, барилга барих, нүүрс ухах, нүүрс зөөх гээд бүх ажлыг төр өөрөө хийх сонирхол нь нэмэгдсэн. Ямар сайндаа л эр эмгүй цэрэгт татаж, төмөр зам барина гэж мунхаглаж суух вэ дээ. Цалин бага хэрнээ яагаад төрийн албанд орох гэж үхэлддэг юм бэ.

Энэ бүхнийг цэгцлэхийн тулд Үндсэн хуулиа өөрчлөх нь У.Хүрэлсүхийн хийх хамгийн чухал хийгээд хамгийн том реформ болжээ. Өөрөөр хэлбэл, ниргэсэн хойно нь хашгирахаас илүү өвчнийхөө шалтгааныг олж цаг алдалгүй эмчлэх нь М.Энхболдын парламентын гэрийн даалгаврын нэг сэдэв болоод удаж буй.

Энэ сэдвийг сандал суудлын хэрүүлээр сэвэх нь дуулианыг дуулианаар намжаахаас биш асуудлыг уг үндсээр нь эмчилж чадахгүй. Өөрөөр хэлбэл, Зам тээврийн хөгжлийн яаманд нүүрлэсэн барцад Засгийн газрын огцруулах улс төр мөн ч нөгөө талаас нь харвал Ардын засгийг огцруулснаар төрийн алба цэвэршчих юм биш. 16 биш зуун засаг огцруулсан ч Монголын төрийн албанд нүүрлэсэн асуудал цэгцрэхгүй. Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр Ж.Эрдэнэбатыг У.Хүрэлсүхээр, У.Хүрэлсүхийг хэн нэгнээр солилоо гээд МАН-ын гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орохоос төрийн албанд ёс зүй төлөвшихгүй.

Төрийн албанд ёс зүй төлөвших нь зөвхөн нэг хүнээс биш нийгэм, эдийн засаг, улс төрийн реформоор шийдэгдэх учраас Үндсэн хуулийг өөрчлөх нь М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын эв нэгдэл, эр зоригоос хамаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж