"Гэрлэлтийг бат бэх, тогтвортой байлгахад ухаан, тэвчээр шаардагддаг"

Хуучирсан мэдээ: 2018.08.18-нд нийтлэгдсэн

"Гэрлэлтийг бат бэх, тогтвортой байлгахад ухаан, тэвчээр шаардагддаг"

"Гэрлэлтийг бат  бэх, тогтвортой байлгахад ухаан, тэвчээр шаардагддаг"

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг  ‘Монголын эмэгтэйчүүдийн Сан’-гаас залуу гэр бүлүүдэд боловсрол олгох зорилгоор “Бат бөх, тогтвортой гэр бүлийг байгуулах нь” гэр бүлийн сургалтыг  өнөөдөр /2018.08.18/ зохион байгууллаа. Тус сургалтын хүрээнд Гэр бүл судлаач мэргэжилтэй, НҮБ-ын Хүн амын  Нутагшил суурьшлын хөтөлбөрийн Нийгэм жендэрийн ажилтан  Н.Золзаяа  хэрхэн бат бөх, тогтвортой гэр бүлийг бий болгох талаар  сургалтад хамрагдсан эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч лекц уншлаа. Тэрбээр лекцийн үеэр “Хайр сэтгэлдээ хөтлөгдөөд гэрлэх бол амархан харин тэр гэрлэлтийг 30-40 жил хадгалахад ухаан, тэвчээр шаардагддаг. Эхнэр,нөхөр хоёр өөрсдийнхөө онцлогийг мэдэх нь гэр бүл харилцан ойлголцоход чухал ач холбогдолтой.  Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүл болсноор эхнэр, нөхрийн харилцаа үүсдэг. Эхнэр, нөхрийн харилцаа гэдэг нь зөвхөн эхнэр, нөхрийн хооронд явагдаж байгаа харилцаа боловч гэр бүлийн үндсэн уур амьсгалыг бүрдүүлэгч суурь харилцаа юм. Гэр бүл орших уу, эс орших уу гэдэг нь эхнэр нөхрийн харилцаанаас  шууд хамаарч байдаг. Гэр бүл болох үйл явцтай хамт эхнэр нөхрийн хооронд эрх үүргүүд үүсч байдаг. Харилцан бие биеэ хэрэгцээгээр хангаж байх нь эрх үүргийн гол зарчим юм. Үүнд эдийн засгийн хэрэгцээ, сэтгэл санааны хэрэгцээ, хайрлах, хайрлуулах хэрэгцээ, бэлгийн хэрэгцээ гэхчилэн нэрлэж болно. Эхнэр нөхөр хоёр хувийн хүсэл бодлын дагуу бие биеэ сонгодог. Ингэхдээ хувийн дадал зуршлаа харилцан нэг нэгэндээ зохицуулах тохируулах хэрэгтэй болдог. Эндээс эхлэн эхнэр нөхрийн сэтгэлзүйн нийцтэй байдал гарч ирнэ.  

Гэр бүл болсон л бол хүссэн, хүсээгүй  хадамтай болдог. Амьдрал дээр хадмуудаа муулах нь элбэг. Нэгэнт хайртай хүү эсвэл охинтой нь гэр бүл болсон бол  хадмуудаа хүндлэх, ойлгож хүлээж авах нь маш чухал. Ялангуяа эхнэр, нөхрүүд харилцаандаа ‘Танай ээж, аав ийм, тийм’ гэж гоочилж ярих нь зохисгүйг залуу гэр бүлүүдэд зөвлөв. Мөн тэрбээр “Гэр бүл бат  бөх байхын хамгийн чухал зүйлсийн нэг нь бэлгийн харилцаа” гэдгийг онцлоод бэлгийн харилцаанд хосууд сэтгэлзүйгээ бэлдэхээс гадна хүндэтгэлтэй хандах хэрэгтэй” гэлээ.

Энэ үеэр гэр бүл судлаач  Н.Золзаяатай цөөн хором ярилцлаа. 

-Бат бөх, тогтвортой гэр бүлийг бий болгоход эхнэр, нөхөр юуг анхаарах нь зохистой  вэ?

-Залуу гэр бүлд тулгамдсан олон асуудал гардаг.  Хайр сэтгэлдээ хөтлөгдөөд гэрлэх бол амархан харин тэр гэрлэлтийг бат тогтвортой байлгахад ухаан, тэвчээр шаардагддаг. Ялангуяа бие биеийнхээ онцлог зан аашийг ойлгохгүйгээс үүдэж зөрчил үүсдэг. Байгалаасаа эрэгтэй, эмэгтэй хүний онцлог өөр өөр. Энэ бүхнийгээ харилцан ойлгож хүлээн зөвшөөрөх  нь бат бөх гэр бүл бий болгоход үндэс суурь нь болдог.

-Хэдэн настайдаа гэр бүл зохиох нь тохиромжтой вэ?

-Гэр бүл зохиоход тохиромжтой дундаж нас бол 24 гэж үздэг.  Хэт эрт гэрлэх нь учир  дутагдалтай. Энэ үед сэтгэлзүйн болон эдийн засаг, боловсролын хувьд бэлэн бус байдгаас үүдэж гэр бүлийн тогтворгүй байдал үүсгэх магадлал өндөр. Мөн эсрэгээрээ хэт орой гэрлэлт нь сайн зүйл биш. Бие биедээ тавигдах шаардлага нь нэмэгдэхээс гадна олон жил ганцаараа амьдарснаар  бусадтай зохицох байдал нь багасдаг.  

-Монгол залуусын гэр бүлийн харилцаандаа гаргадаг нийтлэг алдаа нь юу вэ?

-Гэр бүлд  цаг үргэлж шахам өөрийн санаанд нийцэхгүй, хэрэгцээг нь хангахгүй зүйлтэй эвлэрч, тэвчих юм уу анзаараагүй дүр гаргах, тэнд эзлэх өөрийн байр суурийг үе үе эргэж харж байх, оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг шийдэх хэрэгтэй болдог. Тэдгээрийг цаг тухайд нь шийдэж хосууд хоорондоо ярилцаж давж туулах маш чухал. Хоорондоо илэн далангүй ярилцдаггүйгээс үүдэж зөрчил үүсэх нь элбэг. Манай хосууд маш бага ярилцдаг нь харагддаг л даа. Аливаа асуудлыг хамтдаа л ярилцаж даван туулах хэрэгтэй.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж