“Дисковер Монголиа”-гийн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

“Дисковер Монголиа”-гийн эргэн тойронд

Монгол Улсад хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхрол татдаг салбар нь мэдээж уул уурхай. Тиймээс ч найман жилийн өмнөөс уул уурхайд хөрөнгө оруулагчдыг урин дуудаж “Дисковер Монголиа” бага хурлыг зохион байгуулж заншсан. Энэ удаагийн хөрөнгө оруулагчдын бага хурлын хоёр өдрийн хуралдаан Хүүхдийн ордонд болж өндөрлөлөө. Хурлын үеэр болсон онцлог сонин содон үйл явдлаас доорх мэдээллийг бэлтгэлээ.

Байшинд багтаагүй үзмэр

Ингэж нэрлэж болохуйц нэгэн сонирхолтой үзмэрийг “Уул уурхай дэд бүтэц тээвэр” компанийнхан дэлгэн тавьсан байлаа. Тэрхүү үзмэр нь Хүүхдийн ордны үзэсгэлэнгийн танхимд багтахааргүй учир ордны гадна талын талбайд байрлуулсан байлаа. Энэ бол ХБНГУ-д үйлдвэрлэсэн “Мерседез бенз” тусгай зориулалтын автомашин юм. 120 тоннын даацтай сая шахам ам.долларын өртөгтэй энэхүү аварга техникийг оруулж ирснээрээ тус компани байгаль орчинд үзүүлэх сөрөг үзүүлэлтийг бууруулж чадна хэмээн тооцоолж байгаа ажээ. Өнөөдөр уул уурхайн салбарт ашиглаж буй техникүүүдийн хувьд 40-50 тоннын даацтай ч 80 хүртэл тонноор ачдаг учир газрын хөрсөнд үзүүлэх даралт, хөрс эвдэх сөрөг тал нь маш өндөр байдаг ажээ. Өөрөөр хэлбэл “Мерседез бенз”-ийн зориулалтын тээврийн хэрэгслийн нэг квадрат метр талбайд үзүүлэх даралтын хэмжээ эрс бага байдаг байна.

Өвөрмөц үзмэр

Уул уурхайн үзэсгэлэнгээс галд шатдаггүй улавч, ус нэвчдэггүй цув,  1500 тонн ачаа унасан ч ажрахааргүй гутал гэхчилэн олон гайхалтай зүйлсийн талаар мэдэж болохоор байлаа. Тэдгээрээс  хамгийн этгээд гэж хэлж болох нэгэн үзмэрийн тариан түрүүгээр чимсэн талх байсан юм. Энэхүү үзмэрийг  “Черчилл” ХХК тусгайлан зассан тавцан дээр хүндэтгэн залсан нь содон байлаа. Тиймээс тус компанийн захирал Барри Эвансаас энэхүү талх ямар учиртайг асуусан юм. Тэрбээр хэлэхдээ:
-Манай   англичууд  ургацын баяраараа ийм хэвтэй талх үйлдвэрлэдэг уламжлалтай. Олон зуун жилийн өмнөөс тариачид тариагаа багцлан босоо байдлаар байрлуужл хатаадаг байсан. Тиймээс яг түүнтэй адил дүрс бүхий талх барьж, ургацын баяраараа сүмд мөргөхдөө бурханд талархлаа илэрхийлж өргөн барьдаг уламжлал тогтсон юм. Тэрхүү талхаа хот тосгоныхон болоод айл хотлынхондоо амсуулж хувааж иддэг. Ингэж тэнгэр бурхнаа аргадан тахиж, дараа жилдээ ургац арвин байхыг билэгддэг. Түүнчлэн
-Тариан түрүү өөд авирч буй хулганыг дүрсэлсэн нь ямар учиртай юм бол?
-Тариа байгаа газарт хулгана байнга байдаг шүү дээ. Тиймээс хамтад нь дүрслэхээс аргагүй биз дээ хэмээн өгүүллээ.

Эрчүүд олонтой хурал

Уулыг нурааж, усыг эргүүлдэг уул уурхай гэдэг аргагүй л эрчүүдийн “тоглоом” гэдэг нь “Дисковери Монголиа-2010”-ын үеэр анзаарагдаж байлаа. Бага хуралд оролцогчдын 90 гаруй хувь нь эрчүүд. Үлдсэн цөөн хэдхэн хувийг эзлэх бүсгүйчүүд бол ихэнхдээ үйлчилгээний албаныхан. Харин хаа нэгхэн тааралдах эмэгтэй уурхайчид нь эршүүд гэж жигтэйхэн. Муухан эр хүнтэй бол бараг л “барилдчихаар” харагдана. Гадаадын зочид дотор ч ганц нэгхэн бүсгүйчүүд ирсэн нь содон харагдаж байлаа.

Монголоор илтгэгч

“Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл” хэмээн их яруу найрагч дуун алдаж байсан монгол хэл өдгөө эрлийзжиж гүйцжээ. Социализмын үед орос хэлээр багагүй баяжсан унаган хэл маань өдгөө англи, хятад, солонгос, япон, герман гээд хольц ороогүй хэл үгүй боллоо. Ялангуяа хүүхэд залуучуудын хувьд чамирхан дэгжирхэж гадаад үг хэллэг, аялга оруулан ярих нь элбэг болсон. Дээрээс нь гадаадынхан оролцсон хурал цуглаан  болгоныг англи хэлээр зохион байгуулах  харамсалтай. Төмөр замынхны хувьд л гэхэд үндсэн илтгэлүүдээ орос хэл дээр тавьж, англи, хятад хэлээр орчуулдагаас гадаад хэл мэдэхгүй бол монгол хүн очих бараг  шаардлагагүй юм билээ. Хаана яваагаа ч мартаж төөрөлдөхөд хүрсэн ийм үед “Дисковери Монголиа-2010”-ын индэр дээр гадаадын зочин монгол хэлээр илтгэл тавьсан нь гайхалтай санагдаж байлаа. Монгол хэлний аялга болоод үг үсгийн алдаагүй маш цэвэрхэн дуудлагаар лекц уншсан хүн бол “Эрдэнэ Монгол” компанийн олон нийтийн харилцааны зөвлөх Жон Лайонс юм. Монголчууд нь хүртэл гадаадаар илтгэл тавьсан уул уурхайн бага хурлын индрээс монгол хэлээр хэлээр илтгэл тавьсан ганц хүн нь тэр байлаа.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж