Нөхөн сонгуульд Э.Бат-Үүл нэр дэвшихээр болжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.18-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгуульд Э.Бат-Үүл нэр дэвшихээр болжээ

Нөхөн сонгуульд  Э.Бат-Үүл нэр дэвшихээр болжээ

Хэнтий аймгийн 42-р тойрогт явагдах нөхөн сонгуульд улс төрийн намууд хэдийнээ бэлдэж эхэлсэн. Энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Улсын дээд Шүүхэд бүртгэлтэй 14 нам Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн ч 13 намыг бүртгэж улмаар намуудад батламжийг нь гардуулж өгсөн. Батламжаа гардаж авсан намууд наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-нийг дуустал хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах бөгөөд бие даан нэрээ дэвшүүлэгчид наймдугаар сарын 31-ний өдрөөс ирэх сарын 6-ны өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд нөхөн сонгууль явагдаж буй тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа явагдана.

Нөхөн сонгууль ойртож байгаа энэ үед сонгуульд горилогчдын нэр эхнээсээ тодорч буй. Сүүлийн мэдээллээр, АН-аас нөхөн сонгуульд нэр дэвшигч тодорхой болжээ. Тодруулбал, хотын дарга асан Э.Бат-Үүл УИХ-ын сонгуулийн 42-р тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байгаа гэдгийг ойрын эх сурвалж хэллээ.  Хэнтийд өвдөг шороодсон Ардчилсан намын экс Засаг дарга Ж.Оюунбаатарыг дахин сойх болов уу гэсэн таамаг яригдаж байсан боловч АН Э.Бат-Үүлийг намдаа суудал авчирна гэж үзсэн бололтой

МАХН энэ сарын сүүлээр намынхаа Бага хурлаар нэр дэвшихээ тодруулна гэдгийг тус намын Нарийн Бичгийн Дарга Б.Тулга онцолсон. Одоогоор нэр дэвших магадлалтай хүмүүсээр намын дарга Н.Энхбаяр мөн дэд дарга С.Ганбаатар, Хэнтийн аймгийн Түмтийн дарга н.Ононбаяр нарын нэр яригдаж байгаа юм. Н.Энхбаярыг өнгөрсөн хавраас хойш 42-р тойргийг ойр ойрхон “эргэх”  болсон гэдгийг нутгийн иргэд хэлдэг.

МАН-ын хувьд нөхөн сонгуульд нэр дэвших боломжтой хэд хэдэн хүний нэр улс төрийн хүрээнд яригдаж буй. Гэхдээ есдүгээр сарын 4-нд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ шийднэ. Түүнээс өмнө тодорхой судалгаа хийж, нэр дэвшиж ялалт байгуулах боломжтой хүнийг шалгаруулна гэж төлөвлөж байгаа” гэдгийг МАН-ын Генсек Д.Амарбаясгалан хэвлэлийнхэнд мэдээлсэн.

Ямартаа ч  нөхөн  сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ гэдэг есдүгээр сарын 4-нд тодорхой болно. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэж, материалыг шалгаж байж нэр дэвшигчийн үнэмлэхийг нь албан ёсоор олгох учиртай. Гол өрсөлдөөн хэн хэний дунд өрнөх вэ гэдгийг харах хугацаа ойртсоор.

Э.ЖОНОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж