Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2018.08.17/ нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр “AGRO UB PARK”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс баталсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г зохион байгуулж, төвийн зургаан дүүргээс ажилгүй иргэдийг хүнсний ногоо тарих, даршлах зэрэг сургалтад хамруулдаг байна.
“Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-ний хүрээнд хүнсний ногоо тариалах хүсэлтэй, 40-өөс дээш насны ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтанд оруулж, тодорхой төлөвлөгөөний дагуу хүнсний ногоо тариалах арга барилд сурган, чадавхижуулдаг байна. Мөн “Тариалалтын технологи, ХАБЭА-н анхан шатны мэдлэг олгох” тэнхимийн сургалт, “Хүлэмжийн нарийн ногоо арчлах, хамгаалах, даршлах практик сургалтад хамруулж байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр хотын өмнө тулгарч буй гол асуудал бол иргэдийг орлоготой болгох юм. Энэ үүднээс ХНХЯ, Засгийн газартай хамтраад олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Үүний нэг нь энэхүү төсөл. 2011 оноос хэрэгжиж эхэлсэн ч 2016 онд үйл ажиллагаа нь доголдоод байсан. Үүнийг Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авсны үндсэн дээр үйл ажиллагаа хэвийн байдалд орсон. Төслийн ач холбогдол нь газар тариалан, хөдөө аж ахуйд ажиллах сонирхолтой төвийн зургаан дүүргийн 40-өөс дээш насны ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулаад, тодорхой зардлыг нийслэлээс гаргаж байгаа. Үүнд хүнсний ногоо нарийн ногооны үр, арчилгаа, усалгаа, тээвэрлэлтийн зардал багтаж байгаа. Иргэд үрээ тариад, арчилгаа хийгээд, намар хурааж авах үйл ажиллагаанд оролцдог. Үүний хажуугаар иргэдийг сургалтад хамруулдаг. Эндээс суралцаад хувиараа ногоо тариалах ажил эрхлээд явсан иргэд нэлээд их байна. Энэ оны байдлаар нийтдээ 800 гаруй өрхийн 50 гаруй бүлгийн иргэд хамрагдсан” хэмээв.
Энд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, төвийн зургаан дүүргийн ажилгүй иргэд хамрагддаг. Энэ жилийн хувьд 53 га-д тариалалт хийсэн. Үүний 32 га-д төмс, 21 га-д нь хүнсний нарийн ногоо тариалсан. Мөн хүлэмжийн ногоо тариалж байна. Нэг хүлэмжээс жилдээ дунджаар 5-8 сая орчим төгрөг олж байна. Үүнийг тухайн бүлгийн иргэд хувааж авдаг. Нэг өрхөөс нэг хүн гэдэг утгаараа нэг өрх дунджаар 3.5-5 сая төгрөгийн орлоготой ажилладаг. Газар хагалахаас авахуулаад эцсийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх хүртэл зардлыг нийслэлээс даадаг” хэмээн “AGRO UB PARK”-ийн агрономич Ж.Сүрэнжав ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.