“Монгол63 Circuit” нэртэй авто спортын тойрог зам ашиглалтад ороход бэлэн боллоо. Авто тойруулгын ажил энэ оны хавраас эхэлсэн бөгөөд хөрс хуулалтын ажлаа дуусган шинэ хөрсөө дэвсэж асфальтан хучилтаа хийж бэлэн болсон бөгөөд гадна тохижилт болон сандал угсралтын ажил хийгдэж байна. Энэхүү “Монгол63 Circuit” тойрог зам нь Налайхаас Цонжин болдог цогцолбор луу явах замд байрлаж байгаа бөгөөд ‘Баутех Монголиа’ ХХК, “Ариун-Очир” ХХК-ний хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил юм. Авто тойруулга нь нийт 6 га газарт цогцолбор хэлбэрээр баригдах бөгөөд авто тойруулгын замыг Японы “Ebisu Circiut”-н стандартаар хийгдэж байна.
“Mongol63 Circuit” нь дараах үйлчилгээг багтаасан цогцолбор болох юм.
- 830 м асфальтан тойрог зам /10-14м өргөн/
- 1610 хүний суудал бүхий үзэгчдийн асар
- 100 автомашины багтаамж бүхий тамирчдын зогсоол
- Авто кузов, агрегат засвар
- 21 ш автомашины гараж
- Тоноглол, сэлбэг хэрэгслийн дэлгүүр
- Тусдаа үзэгчдийн автомашины зогсоол
- Амрах байр /нэмэлтээр баригдана/
- 1 км урт шулуун замын уралдаан засмал / нэмэлтээр баригдана/
- Дрифтийн машин түрээс”
- Сурталчилгааны самбар түрээс зэрэг үйлчилгээнүүд багтсан.
Монгол улсад дрифтийн спорт хөгжөөд хэдийн 10 гаран жилийг ардаа үджээ. Дэлхийн нийтэд залуу спортын тоонд ордог ч энэ спортыг сонирхдог үзэгч, тамирчдын тоогоороо дэлхийд төдийгүй монголдоо тэргүүлдэг авто спортын нэг төрөл юм. Монголын дрифтийн спортын хөгжүүлэхээр хүчин зүтгэж буй залуус өнгөрсөн хугацаанд нийгэмд маш олон эсэргүүцэл, дарамтыг туулан зүтгэсний үр дүнд өөрсдийн гэсэн зам талбайтай болж бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанаа чөлөөтэй хийх боломжтой боллоо. Жил жил энэхүү бүтээн байгуулалтын зам талбай нэмэгдэн өргөжөөд ирэхээр дрифтийн тамирчдын чадвар өсөж дэлхийн хэмжээний тамирчид төрөн гарах, олон улсын чанартай тэмцээн уралдаанууд зохион байгуулах, зөвхөн дрифтийн спорт гэлгүй засмал замын бусад спорт хөгжих эхлэл суурин болж байна.
Дрифтийн спортыг хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрх, цаг заваа зориулан ажиллаж байгаа. “Баутех Монголиа” ХХК-ний захирал Б.Эрхэмбаяр болон нийт хамт олонд Монголын мянга мянган авто спорт сонирхогчдынхоо өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье. Энэ л талбай дээрээс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулах маш олон тамирчид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.