Банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар хэн юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

Банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар хэн юу хэлэв?

Банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар хэн юу хэлэв?

Монголбанкнаас банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд олон хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулаад байна. Эдийн засаг тогтвортой өсөхөд банк, санхүүгийн систем чухал үүрэгтэй бөгөөд салбарын хүчин чадал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор эрх зүйн зохицуулалтыг цогцоор нь өөрчлөн, шинэчилж буй билээ. Тэгвэл банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн гол ач холбогдол юу вэ. Эрх зүйн шинэчлэл манай улсын санхүүгийн системд ямар давуу талыг бий болгох вэ. Энэ асуудлаар эдийн засагч, судлаачид байр сууриа илэрхийллээ.


Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр:

Өнгөрсөн 2014-2017 онуудад тулгарч байсан эдийн засгийн хүндрэлийг бид амжилттай даван туулж, эргэн эдийн засгийн өсөлтийн хандлагадаа орж байна. Ийм цаг үед бид ирэх жилүүдэд учирч болох түүхий эдийн үнийн бууралт, эрсдэлд бэлтгэлтэй байх, төсөв, мөнгөний тогтолцооны эрсдэл даах чадварыг сайжруулах арга хэмжээг авах ёстой. Ийм ч учраас Монголбанк, Сангийн яамны зүгээс төсөв, санхүү, банкны тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжуудыг боловсруулан УИХ-аар батлууллаа. Банкны тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн эдгээр хууль тогтоомж, эрх зүйн орчны ач холбогдлыг бид жирийн өдрүүдэд буюу эдийн засгийн өсөлт сайн, хямрал, хүндрэлгүй байх үед төдийлөн мэдрэхгүй.  Харин түүхий эдийн үнэ ханш унах, гадаад зах зээлд хямрал үүсэх, хөрш орнуудын эдийн засгийн өсөлт саарах, гадаад худалдааны эргэлт эрс буурах зэрэг хүндрэлтэй нөхцөл үүсэхэд эдгээр хуулийн дагуу авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн ач холбогдол илрэн гарах болно. Өөрөөр хэлбэл бид тайван цагт үерээс хамгаалах далан байгуулж байгаа гэсэн үг. Үерийн далан байгуулсны ач холбогдлыг жирийн өдрүүдэд бус байгаль цаг уурын гамшиг тохиолдсон үед, үер болсон үед л бид асар хөрөнгө зарцуулж үерийн далан байгуулах нь ямар чухал ач холбогдолтой болохыг ойлгодог. Үүнтэй адилаар Банкны салбарын тогтвортой байдлыг хангах хууль, энэ хуулийн үзэл баримтлалын хүрээнд Монголбанкнаас батлан гаргаж байгаа Банкуудын чанаргүй активын хэмжээг бууруулах стратеги, Зээлийн хүүг бууруулах стратеги зэрэг бодлогын ач холбогдол нь дараагийн удаад учирч болох эдийн засаг, санхүүгийн хямрал, хүндрэлээс сэргийлэх, түүнийг хохирол багатай даван туулахад чиглэгдэж байгаа стратегийн бодлогын тун чухал, цаг үеэ олсон арга хэмжээнүүд юм.

Эдийн засагч Б.Найдалаа:

Монголбанкнаас банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд олон чухал хууль батлуулсан. Хамгийн сүүлд Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль батлагдаад байна. Цаашдаа ч шат дараатайгаар цөөнгүй хууль батлагдах болов уу. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль анхандаа татвар төлөгчдийн мөнгөөр банкийг санхүүжүүлэх нь гэх шүүмжлэлтэй нэлээд тулгарсан. Үүнд би ямар нэгэн сонирхлын зөрчилгүйгээр мэргэжлийн хүний үүднээс товч тайлбар хэлье. Банкны санхүүгийн чадавхийг хэмждэг гол үзүүлэлтийн нэг нь банкны өөрийн хөрөнгө. Банк олон нийтээс хөрөнгө татаж бусдад зээл олгодог. Олгосон зээл, актив нь чанаргүйтэж алдагдал үүсвэл банк алдагдалыг өөрийн хөрөнгөөр хариуцаж, олон нийтээс татсан хөрөнгөө буцаан төлөх чадвартай эсэхийг өөрийн хөрөнгийн хэмжээ илэрхийлдэг. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкуудад AQR-ын үнэлгээ хийгдсэн. Энэ үнэлгээгээр  манай банкны салбарт 500 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө дутагдалтай байна гэсэн дүгнэлт гарсан. Банкууд бол мэдээж өөрийн хөрөнгө дутагдаагүй гэж үзэж байсан. Ийм учир арилжааны банкуудад өөрийн хөрөнгийн шаардлагыг хангах хугацаатай үүрэг даалгаврыг Монголбанкнаас өгсөн юм билээ. Банкуудын хувьцаа эзэмшигч, удирдлагууд энэ хугацаанд багтааж шинээр хөрөнгө оруулах, хувьцаагаа бусдад худалдаж хөрөнгө оруулалт татах, муу зээлтэйгээ ажиллах зэргээр арга хэмжээ авах учиртай. Дахин хөрөнгөжүүлэх гэдэг нь энэ ажлаа хангалттай хийж чадахгүй, банк өөрийн хөрөнгийн дутагдалтай байсаар байвал төр оролцож, банкны эздэд өөрийн хөрөнгөөр нь хариуцлага хүлээлгэж, банкны хувьцаанаас авч, банкийг хэвийн үйл ажиллагаанд шахан оруулна гэсэн үг. Ингэж байж банкны систем хэвийн ажиллаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих учиртай юм.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:

Монгол улсын эдийн засаг, банк санхүүгийн болон бусад салбар өнөөдөр хөгжлийн нэн эгзэгтэй цаг үед байгаа гэж үзэж болно. Эдийн засаг, санхүүгийн салбарын хэмжээ, цар хүрээ нэмэгдсэн. Үүний зэрэгцээ эдийн засгийн нөхцөл байдал дотоод, гадаад хүчин зүйлсээс шалтгаалж тогтворгүй байгаа нь аливаа салбарын ирээдүйг зөв харж, зөв төлөвлөхийг биднээс шаардаж байгаа билээ. Энэ цаг хугацаанд банкны  салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Төв банкны зүгээс салбарын гол хуулиудыг шинэчлэн батлуулсан нь цаг үеэ олсон чухал ажил болсон гэж хувьдаа үзэж байна. Энэхүү эрх зүйн шинэчлэлийн үр дагавар нь ойрын ирээдүйд банкны салбарын хөгжил, улс орны санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд эерэг нөлөөгөө үзүүлэх эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Төв банкны тухай, Банкны тухай хуулиудын хүрээнд Монголбанкны бие даасан хараат бус байдал, засаглал, удирдлыг шийдвэр гаргалтын асуудлыг шинэ түвшинд гаргаснаас гадна банкны салбарын хяналт шалгалтын тогтолцоог өөрчилж эрсдэлд суурилсан хэлбэр шилжүүлсэн нь чухал алхам юм. Эдгээр гол өөрчлөлтүүд нь өнөөдөр Монгол улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед цаг банкны салбарын үйл ажиллагааг сайжруулах, санхүүгийн нөхцөл байдлыг эрүүлжүүлэх хүрээнд ач холбогдол өндөртэй юм. Сүүлд батлагдсан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулиудын хувьд ч дээрхтэй ижил байр суурьтай байна. Эдгээр хуулиуд батлагдсанаар мөнгө угаах терроризмтай тэмцэх тал дээр эрх зүйн нөхцөл байдал сайжрахаас гадна, ОУ-н тавцанд бидний нэр хүнд баталгаажих боломжтой юм. Эдийн засгийн нөхцөл байдал дээр дурдсанчлан тогтворгүй цаашдын хандлагыг урьдчилан таамаглах боломж бага байгаа энэ цагт банкны салбарын тогтвортой байдлыг хамгаалах нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх гол арга зам гэж харж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж