The League: Найтсын төгс тооцоо ба Шонхоруудын хариу цохилт

The League

The League: Найтсын төгс тооцоо ба Шонхоруудын хариу цохилт

The League: Найтсын төгс тооцоо ба Шонхоруудын хариу цохилт

Монголын сагсан бөмбөгийн холбооны Дээд лигийн плей-оффын хоёрдугаар шат эхэлсэн. Арван багтай эхэлсэн аяллын шувтарга үед дөрвөн баг тунав. Эндээс хамгийн анхаарал татаж байгаа нь Хаан Шонхорууд баг. Өнгөрсөн жил л Хөгжлийн лигт өрсөлдөж байсан лигийн шинэхэн цэргийг өдийд Хасын Хүлэгүүдтэй тулна гэж олон хүн санаагүй.

Ховд гэх нэрээ Хаан гэж ивээн тэтгэгчээрээ сольсон Шонхорууд эхний шатандаа MVP О.Эрдэнэцогтын багийг буйдан руу шилжүүлсэн. Хүсэн, хүлээсэн шагналаа авсан О.Эрдэнэцогтыг багаа манлайлан аваргын төлөө өрсөлдөнө гэж олон хүн итгэсэн. Харамсалтай нь, 2-0 тэргүүлж явсан цувралдаа дөрөв дараалан хожигдоно гэж хэн санах вэ.

BCH Найтсын төгс тооцоо

Улирлын эхнээс BCH Найтс баг хүснэгтийг тэргүүлэв. Уоррен, Толберт гэсэн хоёр сайн легионертай, монгол тамирчид нь хэдийнэ лигт танигдсан. Ийм багийг долоон тоглолтод буулган авах амаргүй. Гэвч улирлын төгсгөлд нэг л өөр зүйл ажиглагдлаа.

Эхлээд тэд багийн гол тоглогч Толбертыг явуулав. Түүнийг орлох Уорд гэх будагтай талбайн тоглогчийг авчирсан. Мөн улирлын дундуур Д.Дөлгөөнмөрөнг Бродерс руу сольж, түүний оронд Юма Ишиба гэх япон шидэгчийг авлаа.

Уордтой харьцуулахад Ишиба бол ажлын чамлахааргүй гүйцэтгэсэн. Гэтэл Уорд плей-оффд бусдын төсөөлсөн шиг сайн байгаагүй.

BCH Найтс улирлын төгсгөлд дөрөв дараалан хожигдсон. Ингэснээр хүснэгтийн гуравдугаар байр руу унаж, SG Эйпс баг хүснэгтийн тэргүүлэн 100 сая төгрөгийн эзэд болов. Угтаа Найтс ганцхан хожиход л лигийг тэргүүлэх боломж байсан юм. Гэхдээ том зургаараа энэ нь Найтс багт боломж байв. Тэд Эйпс болон Бодонс багуудаас "зугтаж" лигийн финалд хүрэх боломж байсан. Гагцхүү Хүлэгүүд л тэдний урд харагдах шиг.

Шонхоруудыг хүчтэй өрсөлдөгч гэж үзсэн ч араа бодвол хамгийн зөв сонголт нь. Зарим нь Найтсыг өрсөлдөгчөө амлаж авлаа гэх.

Эхний хоёр тоглолтын дараа Найтс 4-0 гэж шүүрдэхээр харагдсан. Улмаар лигийн шилдгүүдийг тодруулж, шагналыг нь гардуулсан. Найтсаас гурван шагналтан төрсөн бол Шонхоруудаас хоёр төрсөн. Ингээд харахаар Шонхорууд зөөлөн боорцог биш.

Шонхоруудын хариу цохилт

Гавьяат дасгалжуулагч С.Тулгын арга барил бол бүрэлдэхүүнийг бүхэлд нь ашиглах. Эхний үед эхний тав, дараагийн үед өөр нэгэн тавт. Дор хаяж арван тоглогчоор тоглосон. Үр дүнд нь А.Батхуяг "Оны шилдэг зургаа дахь тоглогч"-ийн шагнал хүртэв. Сэлгээнээс гэх статустай ч тоглосон минут, үзүүлж буй үр нөлөө нь "MVP"-д яригдахаар нэгэн.

Руки Б.Өсөхбаяр бүр шигшээ багт дуудагдаж байна.

Эхний хоёр тоглолтод Шонхоруудын хожигдсон шалтгаан нь эхний тавтын тааруу тоглолт. Эхнээсээ оноогоор хоцорч эхлэхээр хоёрдугаар үед А.Батхуяг, Норвел, О.Өсөхбаяр нар тэр оноог нөхөх хэрэгтэй болдог. Энэ дээр л зөрүү үүссэн. Цувралын гурав дахь тоглолтоос Шонхоруудын эхний үеийн тав ажлаа сайн гүйцэтгэсэн. Ялангуяа Байрон Уэслигийн довтолгооны оновч илт сайжрав.

Шонхоруудыг Дээд лиг рүү чирсэн Рэйли Россыг явуулах шийдвэр амар байгаагүй нь мэдээж. Гэхдээ Байрон Уэсли бол сонголтгүй сонголт. Металыг финалд хөтөлж, Азид гайхуулсан тамирчин. Метал ч түүний хүссэн цалинг өгөөд үлдээсэн бол арай ч доод лиг рүү унахгүй байв.

Найтстай харьцуулахад Шонхоруудын тамирчид олдсон минут бүртээ боломжоо ашигласан. Э.Тожилдорж, Б.Батмандах, А.Баярхүү гээд Найтсын тооцоолоогүй хөзрүүд С.Тулгын ард байв. Ер нь С.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор залуу тамирчид өсөн дэвждэг. Түүний хөзрийг хэн ч түүн шиг ашигладаггүй гэдгийн тод жишээ нь Найтсын сэлгээнд байсан М.Чинхутаг, Б.Ган-Эрдэнэ нараас харагдана.

Бодонс багт багтаж шингэх нь хэцүүдсэн Ц.Отгонжаргалыг авчирсан нь зөв үйлдэл байсан. Уэслигийн хажууд будагтай талбайд үүргээ сайн гүйцэтгэсэн.

Эсрэгээрээ Найтсын дасгалжуулагч бүтэн улирал сэлгээний тоглогчдоо хөгжүүлээгүй, ашиглах учраа олоогүй. Өндөр хүлээлттэй авчирсан М.Чинхутаг, Б.Ган-Эрдэнэ, Н.Ганбаатар нарт боломж, хугацаа олгоогүй. Угтаа өнгөрсөн жил нь тус, тусынхаа багт гангарсан тамирчид.

Найтсын гарааны тав ажлаа сайн хийсэн ч сэлгээнээс нь оноо залгуулах хүн байсангүй.

Найтсын бүрэлдэхүүнд удаж буй Б.Төгөлдөр, Х.Мөнхтөр, П.Буян-Арвижих зэрэг тоглогчдын үр дүнтэй байдал улам багассаар байна. Драфтаар авсан Т.Гүен ч минут олдсонгүй.

Б.Төгөлдөрийг илүүд үзэж, А.Батхуягийг явуулсан шийдвэрт Найтсын фэнүүд саяхнаас харамсаж эхлэв.

Эцсийн үр дүнд бүрэлдэхүүнээ тултал ашигласан Шонхорууд тулаанд дийлэв. Одоо тэднийг аваргаа хамгаалагч Хүлэгүүд хүлээж байна. Хоёр багийн цувралын эхний тоглолт маргааш/2026.03.18/ 19:10 цагт эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Wwwww 2026-03-17 58.233.101.54

TULGA ch sain dasgaljuulagch l daa…

Avatar

Сонирхогч 2026-03-17 138.252.28.168

Гол нь төвийн тоглогчийн ялгаа байсан, өөр юу ч бишээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж