"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд ХҮН намаас жагсаалтаар нэр дэвшин, парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн П.Ганзоригийг танилцуулж байна.
УИХ-ын 2024 оны сонгуульд ХҮН намаас жагсаалтаар нэр дэвшигчдийн гуравт эрэмбэлэгдэн, парламентын гишүүн болсон П.Ганзоригийг даатгалын салбараас төрсөн тэрбумтан гэж тодорхойлж болно. Ажлын гараагаа “Номин даатгал” компанид актуарчаар эхлүүлж байсан түүхтэй ч төд удалгүй захирал нь болж карьер ахисан бол таван жилийн дараа Монголын Даатгалын Холбооны ерөнхийлөгч болж томорсон. Удалгүй “Монре даатгал” компанийн захирал болсноор гурван жилийн дотор борлуулалтынх нь орлогыг 17 дахин өсгөсөн нь бизнесийнхнийг сортойлгож, даатгалын салбарынхныг алмайруулж байв. “Монре даатгал” компани нь ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржхандын эхнэрийнх юм. Их улс төрд хөл тавих сэжим энэхүү бизнесийг нь удирдаж байсан үеэс эхлэлтэй ч гэж хэлэхэд буруудахгүй болов уу.
Эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагадаа үндэслэн тэрбээр "Их Эрин Холдинг" ХХК-ийг байгуулсан нь эдүгээ даатгал, барилга, банк бус, цахилгаан машины худалдаа, засвар үйлчилгээг үзүүлдэг салбарласан компани болж, хөгжиж байна.
Уг компанийн хамтран эзэмшигч нь Шадар сайд Т.Доржханд гэх бөгөөд хэвлэлээр халаас нэгтэй улстөрчид гэж тодорхойлдог нь ийм учиртай.
Бизнесийн алтан хамтрагчаа Шадар сайд Т.Доржханд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэхдээ намын жагсаалтын гуравт эрэмбэлсэн нь тухайн үедээ хэл ам дагуулаад амжсан ч газар авалгүй унтарсан.
П.Ганзориг гишүүн их улс төрд орж ирэхийн өмнө Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байв. Энэ үеэр Нийслэлийн ИТХ дахь ХҮН намын төлөөлөгч нар цавчаа ногооны асуудлаар шүгэл үлээсэн нь амжилт олж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нарыг албан тушаалаас нь огцруулж, МАН дотор түймэр тавьсан нь бий.
Хуучин автобусыг цоо шинэ хэмээн тайлбарлаж, нийслэлийн нийтийн тээвэрт “шахах”-ын даваан дээр ХҮН намынхны тусламжтайгаар илрүүлж чадсанаар эрх баригч намынхны нийтийн тээврийн салбараас цавчаа хийх гэж байсан үйлдэл илэрч, нийгмийг донсолгосон юм.
Мөн 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН нам найман суудал авч, амжилттай оролцоход цавчаа ногооны дуулиан дэмжлэг болсон гэж хэлж болно.
МАН-ын халаасны нам ч гэж нэрлэгддэг ХҮН –ынхан эдүгээ Засгийн газарт хамтарч байгаа бөгөөд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн оронд П.Ганзориг, Б.Найдалаа нарын гишүүнийг сайдаар томилж магадгүй гэх шуумыг улс төрийн хүрээнээс “нисгэх” болсон. П.Ганзориг гишүүнийг өмнө нь Боловсролын сайдад дэвшүүлж байсан удаатай. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраа байгуулахдаа Боловсролын сайдаар УИХ-ын гишүүн П.Ганзоригийг санал болгосон ч татгалзсан. Иймээс сайд П.Наранбаяр үргэлжлүүлэн боловсролын салбарыг удирдсан юм. Гэхдээ Засгийн газар огцорч болзошгүй болсон тул танхим нэр бүхий сайд нарт хариуцлага тооцох асуудлаа түр хойшлуулан, азнаж байгаа тухай дуулдах болсон.
Иймээс П.Ганзориг гишүүн эрчим хүчний салбарыг удирдах эсэх нь Г.Занданшатарын танхим тогтож үлдэх эсэхээс хамаарах болоод буй.
Эрх баригч нам УИХ-аар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцүүлэхээр болох үед тэрбээр “Засгийн газар тогтвортой ажиллах ёстой” гэдэг байр суурь барьж байв.
Мөн Л.Оюун-Эрдэнийн танхим унаж, шинэ Ерөнхий сайдыг томилох шаардлага үүсэхэд УИХ-ын гишүүн П.Ганзориг "Засгийн газрын тэргүүнийг парламентаас сонгох ёстой" гэх байр суурь илэрхийлж байсан нь эдүгээ гай болж, карьер өгсөх боломжгүй болгож ч мэдэхээр буй.
Засгийн газраар тогтохгүй, УИХ-ын даргыг ч суудлаас нь хөдөлгөж болзошгүй улс төрийн тогтворгүй байдлыг бий болгоод буй Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн П.Ганзориг мэдээлэл хийх үеэрээ ХҮН нам ажлын хэсэг байгуулан, төслийг судлахаар болсон тухай дуулгаад байна. Энэ талаар тэрбээр “Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон ч УИХ-ын гишүүний дархан эрхийн хойно хамгаалагддаг байдлыг эрх зүйн зохицуулалтыг агуулгын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд анхаарах асуудлууд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудалд намын төлөөллийн төв байгууллагаас санал оруулна гэх мэт асуудал байгаа учраас судлах ажлын хэсэг гаргаж байна. Хуулийн төслийг нарийвчлан судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг Г.Уянгахишиг гишүүнээр ахлуулан байгуулсан” гэсэн юм.
УИХ-ын гишүүн П.Ганзориг нь ХҮН намын ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар ажиллаж байна.
Тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үеэрээ Авлигатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн нийт орлого 67 сая, 2.2 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 50 саяар үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй, 356 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай, 70 саяын үнэт эдлэлтэй, 326 сая төгрөгийн хадгаламжтай, 681 сая төгрөгийн авлагатай зээлгүй гэж мэдүүлжээ.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 2001-2005 онд Монгол Улсын Их Сургууль, Математик Компьютерийн Сургууль, математикч, бакалавр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2005-2008 онд "Номин Даатгал" ХХК, актуарч
- 2008-2011 онд "Номин Даатгал" ХХК, гүйцэтгэх захирал
- 2010-2013 онд "Монголын Даатгалын Холбоо"-нд Ерөнхийлөгч
- 2018 оноос "Үндэсний Стратегийн Хүрээлэн", УЗ-ийн гишүүн
- 2016-2020 онд "Их Эрин Холдинг" ХХК, ТУЗ-ийн дарга
- 2020-2024 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
- 2020-2024 онд Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, бүлгийн дарга
- 2015 онд ХҮН намын УЗ-ийн гишүүн
- 2016-2020 онд ХҮН намын Хариуцлагын ерөнхий хорооны дарга
- 2021 оноос ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
- 2017 онд Хөдөлмөрийн Хүндэт медаль
ГАДААД ХЭЛ
- Англи
Г.ХОРОЛ
3,569.17
















































Нэргүй 2026-03-17 202.70.43.34
Математик, Байгалийн ухаан + Банк Санхүүгийн мэргэжилтэй хүн байнаа яахав. Үзэл суртлын Хэл, Нийгмийн салбарын мэргэжил биш бна ямар ч бсан
судлаач 2026-03-17 202.21.116.2
Залуу хүн гэхэд учиргүй үсэрч харайгаад байдаггүй боломжын залуу шиг харагддаг. Харин Доржханд бол овилгогүй нөхөр. ХҮН нам Ганзоригт сайдын суудал өгөх ээлж нь болсон байхаа. буруу хүний үгэнд орохгүй бол дүн нуруутай, зарчимтай ажиллаж чадах хүн шүү. амжилт хүсье.
Нэргүй 2026-03-17 103.212.119.215
Математикч хүн юм бол яах гэж улс төрд орсон юм бэ? Тоогоо ойлгодоггүй хүн л байж таарна
DF 2026-03-17 202.70.43.201
Nohoin b**s