Түүх, соёлын дурсгалт зүйлд хяналт тавих талаарх бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

Түүх, соёлын дурсгалт зүйлд хяналт тавих талаарх бага хурал болно

Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлс хөдөө орон нутагт их байдаг ч харуул хамгаалалт муутайгаас болж түүх, соёлын өв алдагдсаар байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хийсэн шалгалтаар тогтоожээ.
Үүнтэй холбоотойгоор “Түүх, соёлын дурсгалт зүйл, түүнд тавих хяналт” сэдэвт онол практикийн бага хурлыг  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Эрүүгийн цагдаагийн газраас хамтран маргааш Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд  зохион байгуулах гэж байна.
Онол практикийн бага хурлаар Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйлсийг гэмт халдлагаас хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэхэд төр засаг, холбогдох яам, газар, иргэд,  төрийн бус  байгууллагын анхаарлыг хандуулж, хууль, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох талаар санал бодлоо солилцох аж. Хуралд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ХЗДХЯ, БСШУЯ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Гаалийн ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Палеонтологийн төв, Соёлын өвийн төв, ЮНЕСКО-ийн Монгол дахь үндэсний комисс зэрэг 14 төрийн болон төрийн бус байгууллага оролцоно.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж