Трампын "санаанд багтсан" Харг арал

Трампын "санаанд багтсан" Харг арал

Трампын "санаанд багтсан" Харг арал

АНУ өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн (2026.03.13) шөнө Ираны Харг аралд хүчтэй цохилт өгсөн. Энэхүү арал нь Ираны хувьд чухал газрын тосны төв юм. Улмаар цохилт өгсөн нь Ираны удирдагч нарт Ормузын хоолойг хаасны хариу болгон, дарамт өгч буй явдал гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн. Гэхдээ Харг арлын газрын тосны дэд бүтцэд цохилт өгөхгүй байхаар шийдсэн гэж тэрбээр хэлсэн ч Иран цаашид Ормузын хоолойгоор нэвтрэх гэсэн танкеруудад халдлага үйлдэх юм бол шийдвэрээ буцаах болно гэж сүрдүүлжээ. "Манай зэвсэг бол дэлхий нийтийн мэддэг хамгийн хүчирхэг, боловсронгуй нь боловч ёс суртахууны үүднээс би арлын газрын тосны дэд бүтцийг устгахгүй байхаар шийдсэн" гэж Трамп Баасан гаригийн орой "Truth Social" дээр бичжээ. "Гэсэн хэдий ч Иран эсвэл өөр хэн нэгэн Ормузын хоолойгоор хөлөг онгоц чөлөөтэй, аюулгүй нэвтрэхэд саад учруулах ямар нэгэн зүйл хийвэл би энэ шийдвэрээ нэн даруй эргэн харах болно" гэж тэрбээр мэдэгдсэн юм.

АНУ-ын Төв командлалын газар "Америкийн хүчин Ираны газрын тосны экспортын гол терминал болж үйлчилдэг, дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг орчим нь дамждаг Персийн булангийн нарийн усан зам болох Ормузын хоолойноос хойд зүгт 300 милийн зайд орших Харг арал дээрх 90 орчим цэргийн бай руу цохилт өгсөн" гэж мэдэгдсэн.

Мөн 2500 орчим АНУ-ын тэнгисийн цэрэг болон нэг хөлөг онгоц Ойрхи Дорнод руу явж байгаа гэсэн мэдээллийн дараа Трамп арлыг эзлэхийг оролдож магадгүй гэсэн таамаглал нэмэгдээд байна.

Трампын Ираны талаарх бодлого, довтлох шийдвэрийг чиглүүлэхэд нөлөө үзүүлсэн Бүгд найрамдах намын гишүүн Линдси Грэм арлыг хянах нь дайныг богиносгож болзошгүй гэж үзэж байна. "Дайны үед дайсны тал Харг арал шиг мөргөлдөөний үр дүнг эрс өөрчилж болох ганц байг өгөх нь ховор байдаг" гэж тэр "X" дээр бичжээ. Мөн "Хэрэв Иран Харг арлаас газрын тосны дэд бүтцээ хянах эсвэл ажиллуулах чадвараа алдвал эдийн засаг нь сүйрнэ. Харг арлыг хянаж буй хүн энэ дайны хувь заяаг шийднэ" гэж онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр Тэнгисийн цэргийн корпусын албан ёсны уриа болох "Семпер Фи" гэсэн үгээр мессежээ төгсгөсөн байв. Түүний энэхүү мэдэгдэл Трамп Харг аралд удаан хугацаанд анхаарлаа хандуулж байсан бололтой гэх таамгийг өдөөж буй. 1988 онд "The ​​Guardian" сонинд өгсөн ярилцлагадаа Трамп үүнийг гадаад бодлогынхоо өргөн хүрээнд дурдсан байдаг. "Би Иранд хатуу хандах болно. Тэд биднийг сэтгэл зүйн хувьд зодож, биднийг тэнэг харагдуулж байна. Манай цэргүүд эсвэл хөлөг онгоцнуудын нэг рүү нэг л гал нээвэл би Харг арал дээр дугаарлана. Би тэнд хүрч, бүгдийг авах болно" гэж тэрбээр хэлсэн байжээ.

ХАРГ АРАЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Манхэттэний гуравны нэг орчимтой тэнцэх хэмжээтэй Харг арал нь Иран улсын эрчим хүчний салбарын чухал төв юм. Энэ арал нь тус улсын түүхий газрын тосны экспортын дийлэнх хэсгийг хариуцдаг бөгөөд газрын тосны ордууд болон дэлхийн зах зээлийн хоорондын гол холбоос болдог. Персийн буланд, Ираны эргээс 24.14 км зайд орших тус арал нь том хэмжээний газрын тосны танкеруудыг зогсоож, экспортын түүхий нефть ачих боломжийг олгодог гүний усан боомтуудтай.  "Харг арал жилд 78 тэрбум ам.долларын эрчим хүчний орлого олдог бөгөөд Ираны бусад боомтуудад боломжгүй, дахин давтагдашгүй гүний усан зогсоолтой" гэж АНУ-ын Сангийн яамны хориг арга хэмжээний албан тушаалтан асан, Вашингтонд төвтэй Ардчиллыг хамгаалах сангийн ахлах зөвлөх Миад Малеки "TIME" сонинд ярьжээ.

Түүний хэлснээр, Иран газрын тосны экспортын орлогынхоо талаас илүү хувийг зэвсэгт хүчинд хуваарилдаг бөгөөд цэргийнхэн ихэнх баррелийг бие даан эзэмшдэг.

Мөн тэд газрын тосны ихэнх хэсгийг ихэвчлэн Хятадад зардаг. Ингэснээр Харг боомт зөвхөн Ираны эдийн засгийн гол тулгуур төдийгүй цэргийн орлогын гол эх үүсвэр болдог. Одоогийн мөргөлдөөнөөс өмнө тус терминал нь Ираны түүхий газрын тосны экспортын 90 орчим хувийг хариуцдаг байсан. Арлаас газрын тос тээвэрлэх нь Ираны засгийн газрын орлогын гол эх үүсвэр болдог. "NBC"-ийн иш татсан шинжээчийн хэлснээр, Иран 2025 онд 53 тэрбум ам.долларын цэвэр газрын тосны экспортын орлого олсон нь жилийн ДНБ-ийх нь 11 орчим хувьтай тэнцэж байна.

"Хэрэв Харг руу халдаж, эрчим хүчний дэд бүтцийг нь сүйтгэвэл Ираны түүхий эдийн экспортын 90 хувь нь зогсоно" гэж Куинси хүрээлэнгийн суурин судлаач Амир Ханджани "TIME"-д ярьжээ. "Мөн Персийн булангийн Арабын орнуудын эрчим хүчний дэд бүтэц рүү Иран асар их хариу арга хэмжээ авах болно. Бидний одоог хүртэл харснаас ч илүү их цохилт өгөх болно" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.

Ираны газрын тосны экспортод гол үүрэг гүйцэтгэдэг тул Харг арлын үйл ажиллагаанд гарсан аливаа саад тотгор нь бүс нутгаас хальж, дэлхийн газрын тосны зах зээл болон Персийн булан, Оманы буланг холбосон Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэрлэлтэд нөлөөлж болзошгүй юм.

Цахилгаан танкерууд арлын терминалуудаар газрын тосыг тогтмол ачдаг. Дараа нь Хятад зэрэг гадаадын худалдан авагчдад тээвэрлэдэг. Сүүлийн өдрүүдэд хиймэл дагуулын зургуудаас харахад Харгт олон тооны танкерууд түүхий нефть ачиж байгааг харуулж байна гэж далайн тагнуулын "TankerTrackers.com" компани мэдээлэв. Харг арлаас экспортолсон газрын тосны ихэнх хэсэг нь эцэстээ Хятад руу явдаг. Учир нь Хятад улс Иранд тавьсан барууны хоригийг үл харгалзан газрын тосны гол худалдан авагчдын нэг хэвээр байна. Хятад руу экспортлох эрчим хүчний тээвэрлэлт нь Ираны газрын тосны орлогын нэлээд хэсгийг бүрдүүлдэг. Мөн Ираны засгийн газрыг санхүүжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

ИРАН ХЭРХЭН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?
Иран улс олон жилийн турш газрын тосных нь байгууламжид халдлага үйлдвэл хүчтэй хариу арга хэмжээ авна гэж анхааруулж ирсэн. Мөн Персийн булангийн бүс дэх газрын тосны байгууламжуудыг онилж хариу авч магадгүй гэдгээ мэдэгдэж байв. Тиймээс Харг аралд халдлага цаашид үргэлжилж, даамжирвал дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, нефтийн үнэ огцом өсөх эрсдэлтэй юм. Шинжээчид ч Харг арал ноцтой аюулд өртвөл Иран Персийн булангийн орнуудын нефтийн байгууламжуудад пуужин болон дроноор довтлох ажиллагаагаа нэмэгдүүлж болзошгүй гэж үзэж байна. Эдгээр орнуудын зарим нь өмнө нь пуужин, дроны халдлагад өртөж байсан юм.

Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи хэлэхдээ, хэрэв Ираны эрчим хүчний байгууламжуудыг онилбол Иран Ойрх Дорнод дахь Америкийн компаниудын байгууламжууд, эсвэл АНУ хувь эзэмшдэг компаниудын байгууламжуудыг онилж магадгүй гэж мэдэгдэж байсан. Гэхдээ хариу цохилт өгөхдөө хүн ам ихтэй бүсийг зориуд онилохгүй, болгоомжтой ажиллана гэж тэрбээр нэмж хэлсэн байдаг. Мөн Ираны зэвсэгт хүчин Арабын нэгдсэн Эмират улсын хэд хэдэн хотод цохилт өгөх боломжтой гэж анхааруулжээ. Учир нь Ираны тал АНУ-ын хийсэн халдлагыг Арабын нэгдсэн Эмират улсын зарим байгууламжаас явуулсан гэж үзэж байгаа юм.

Харг арал өмнө нь 1980-аад оны Иран-Иракийн дайны үеэр халдлагад өртөж байсан.

Тодруулбал, Иракийн хүчин тус арлын газрын тосны байгууламжууд руу удаа дараа бөмбөгдөлт хийж байсан. Эдгээр халдлага нь экспортын дэд бүтцэд ихээхэн хохирол учруулсан. Довтолгооноос үл хамааран Иран байгууламжуудаа засварлаж, газрын тосны тээвэрлэлтээ хэвийн үргэлжлүүлсээр байв. Түүнээс хойш хэдэн арван жилийн хугацаанд Тегеран Харгийг агаарын довтолгооноос хамгаалах систем, байгууламж, газар доорх хадгалах саваар бэхжүүлсэн бөгөөд энэ нь цэргийн дайралтын үед ч түүхий нефтийн экспортыг үргэлжлүүлэх боломжийг хангах зорилготой юм.

ЭХ СУРВАЛЖ: TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-17 103.168.34.226

Маанагхан ISUU минь Харг арал хаанахын ч хувь заяаг шийдэхгүй. Америкууд ч Харг арал дээр бууж амиа золиослохгүй. Ил задгай Харг арал дээр цэрэг байрлуулж бай болгох тэнэг арми хаа ч бхгүй. Times мэтийн зохиолчдын эвлэлээс битгий орчуулж бай. Аа бас Харг арал дээр Ираны ПВО байгаагүй, байх ч үндэсгүй юм. Өчүүхэн жижиг арал дээр Нефтийн терминалын хажууд пуужин байрлуулах тэнэг хүн Дэлхийд бхгүй. Тиймээс тэнд пуужин устгасан гэж байгаа бол үлгэр. Та үлгэрт итгэсэн бнаа л гэсэн үг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж