Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-Засгийн газраас эдийн засаг 6,8 хувийн өсөлттэй байна гэдгийг онцолсон. Гэтэл өнөөгийн ард иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал энэ тоог эрс үгүйсгэж байна. Төсвийн орлогын өсөлт, татварын орлого буурсан үед эдийн засаг сэргэсэн нь хэр бодитой вэ?
-Монгол Улсын эдийн засаг далайд гарцгүй, ганцхан улсад экспортынхоо 92 хувийг гаргадаг учраас хамаарал маш өндөртэй. Манай экспортын орлогын 70 хувийг гуравхан төрлийн түүхий эд бүрдүүлж байна. Тэгэхээр орлого төвлөрүүлж буй энэ түүхий эдийн орлогыг маш оновчтой төлөвлөхгүй бол биднээс үл хамаарсан савлагаа үүсэх маш их эрсдэлтэй. Хамгийн их анхаарах ёстой бүтээгдэхүүн бол нүүрс. Зэс бол ямар нэг байдлаар боловсруулсан, эрэлт хэрэгцээ нь тогтмол байдаг металл учраас савлах нь бага. Гэтэл нүүрс чинь эрчим хүчний нөөцөөс гадна тухайн улсын баримталж буй бодлогоос хамаарч үнэ нь маш их савалж байна.
Бид энэ савалгаатай орлого дээр тулгуурлаж болохгүй. Оны эхний хоёрдугаар сард гараад байгаа Монголын экспортын бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал 40 гаруй хувь болж байгаад маш их баяртай байна.
Цаашдаа энэ зөв хандлагаа бариасай. Дахиад нүүрсний орлогоо давамгай болгоё гээд салбар яам болон аж ахуйн нэгжүүд 90-100 сая тонн давуулахаар хөөцөлдөж байна. Энэ бол бодлогын алдаа. Тухайн үедээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн түвшинд нүүрс борлуулалтын хэмжээгээ нэмж болно. Харин улс орны тухайд, гадаад худалдааны бодлогын хувьд бол алсын хараагүй, ойрын ашиг сонирхлыг илүү бодсон алхам юм.
Ийм байдлаар савлагаа ихтэй нүүрсний орлогыг үнийн бууралтын биет хэмжээгээр нөхөж болно гэж яваад байвал цаашид экспортын орлогын хувьд нэг улсаас улам бүр хамааралтай болох эрсдэлтэй. Эсрэгээрээ Монгол Улсын урт хугацааны бодлого эдийн засаг төрөлжсөн, тогтвортой байх ёстой. Тогтвортой байя гэвэл бид аль болох үнийн савалгаатай түүхий эдээ багасгаад савалгаа багатай, металл болон дэлхийн зах зээлд эрэлттэй бусад эрдэс баялгийн экспортоо нэмэх чиглэл рүү явах ёстой.
Хоёрт, Монгол Улсын маш том онцлог бий. Дэлхий дээр өнөөдөр бэлчээрийн мал аж ахуйтай улс гурваас дөрөвхөн байгаа. Энэ онцлогоосоо хамаараад Монголд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмэгдсэн өртгийг тооцохдоо гарцаар нь тооцдоггүй. Дэлхийн бусад бүх улс орон мал аж ахуйн салбартаа нядалсан мах, саасан сүү сааль, ашигласан ноос ноолуураар нь тооцдог. Гарц нь яг аж үйлдвэртэй адилхан. Гэтэл манайд бэлчээрийн мал аж ахуйн учраас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын малчин нэг жилд хэчнээн кг мах, сүү хэрэглэж байгааг мэдэхгүй. Яг хэдийг худалдан борлуулж байгаа вэ гэх тоон статистик байхгүй. Зөвхөн төв суурин газарт борлуулж буй тодорхой тооны мах, сүүний мэдээлэл бий.
Монгол Улс НҮБ-ын статистикийн газартай зөвлөж байгаад 1990-ээд оноос хойш мал аж ахуйн салбарт малын нас дэвшилтийг тооцох гэдэг аргад тулгуурлан энэ салбарын эдийн засгийн өсөлтийг тооцож байна. Тэр нь юу гэхээр өнгөрсөн жилд гарсан хурга, ишиг энэ жил төлөг болж байгааг нэмүү өртөг бий боллоо, эдийн засаг өслөө гэж тооцдог. Тэр малын амьдын жин өсч, өнгөрсөн жил 50 мянга байсан бол 70 мянга болж нэмэгдсэн. Малын амьдын жин өссөн байж болох ч гагцхүү бид нэмэгдсэн ашиг шимийг бүрэн ашиглаж чадаж байгаа эсэх нь тодорхой бус. Бид хүнсний салбар дээр аж үйлдвэрийн аргаар нядалсан мах, үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, үйлдвэрийн аргаар боловсруулсан үр тариа, гурил гурилан бүтээгдэхүүнийг бодитой тоолж бүртгэж байна. Бусад хэсгийг нь онолын хувьд тооцож байгаа. Өнгөрсөн 2024 онд найман сая толгой мал хорогдож, 2025 онд өвөлжилт сайн байсан учраас эдийн засгийн өсөлт илүүү сайн гарлаа гэж үзжээ. Эдийн засагч, судлаачдын зүгээс цаашид энэ аргачлалыг Монголын өнөөгийн бодит нөхцөл байдалтай төдийлөн нийцэхгүй байна гэж үзвэл олон улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудтай энэ талаар зөвлөлдөж, энэ аргачлалыг дараагийн шатны ямар аргачлал руу шилжүүлж болох вэ гэдгээ бодож, хэлэлцэх хэрэгтэй болно.
-Монгол Улсын гадаад өр нэг жилийн дотор 4.5 тэрбум ам.долларт хүрлээ. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ийм байхад Засгийн газраас бонд гаргаж, өрийг өрөөр дарах зохицуулалт хийж байгаа нь хэр зөв гэж харж байна вэ?
-Хөгжиж байгаа улс орны хувьд гадаад улсаас зээл тусламж авахаас өөр аргагүй. Бид дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр бага учраас тодорхой салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд зээл тусламж авч байгаа. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэр байна. Энэ үйлдвэрийг дотоодын эх үүсвэрээр барих боломжгүй учраас ийм байдлаар бүтээн байгуулалтыг хийх нь зөв. Энэ бол мэдээж улс орны макро эдийн засгийн үзүүлэлттэй холбоотой учраас нийт авч байгаа зээлийн үлдэгдлийн хязгаар байх ёстой. Тэр нь ДНБ-ий хэдэн хувь ч гэдэг юм уу. Одоогоор бид гадаадын өрийн зохистой хязгаарын энэ шаардлагыг хангаж байгаа.
Бонд гаргах тухайд зорилго нь бас өөр өөр. Өнгөрсөн 2016, 2017 онд Эдийн засаг хүндэрсэн учраас төсвийн алдагдлаа нөхөх зорилгоор бонд гаргаж байсан. Засгийн газраас 2026 онд гаргаж байгаа "Сенчири-5" бонд бол Сангийн яамны тайлбарлаж байгаагаар “Бага хүүтэй бонд гаргаад бондын үйлчилгээний зардал буюу хүүгийн төлбөрийг багасгах зорилгоор гаргаж байгаа” гэдгийг онцолсон. Илүү өндөр хүүтэй бондоо, бага хүүтэй бондоор сольж байгаа юм. Тэгэхээр энэ бол байж болох зохицуулалт. Нийт өрөө нэмээгүй гэсэн үг. Хамгийн чухал асуудал бол гадаад зээлийн ашиглалт. Үндэсний аудитын байгууллагын дүгнэлтэд байнга энэ талаар дурддаг. Гадаад зээлийг зөв зүйлдээ ашигласан уу. Жишээлбэл, эрчим хүчний салбарт 10 аймгийн дулааны цахилгаан станц, Даланзадгадын дулааны станц барих гээд маш чанаргүй зээл авсан.
-Гадаад худалдааны тэнцэл эерэг байна гэдэг төсөөллийг танилцуулсан нь ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээртэй холбоотой юу?
-Худалдааны түр хэлэлцээрийг одоогоор дүгнэж хэлэхэд тун хэцүү. Өмнө нь хийсэн худалдааны хэлэлцээрүүдийг харахад ямар ч үр ашигтай хэлэлцээр хийж байгаагүй. Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад /өмнө нь ГАТТ гэсэн байгууллага байсан/ элсэхдээ тухай үедээ эдийн засагт маш их ахиц дэвшил авч ирнэ гэж хэлээд “Анх санаачлагчаар элсвэл давуу талтай” гэж яаран элссэн.
Гэвч Монгол Улс эндээс давуу тал олж авч чадаагүй, харин гадаад худалдааны тарифын хувьд өөрийн боломжийг боомилсон.
Яагаад гэхээр тус холбоонд элссэнээр бусад улсаас авч байгаа импортын барааны татвараа таван хувь буюу бага байлгах амлалт авсан. Хэрвээ энэ байгууллагын гишүүн байгаагүй бол Монгол Улс газар тариалангийн салбарт үнэ цохидог импортын бараа бүтээгдэхүүндээ өндөр татвар тогтоож болох байсан. Гэтэл бид өөрөө энэ боломжоо хязгаарласан. Хоёрт, 2016 онд Япон улстай байгуулсан Эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрээс бас л үр ашиг хүртэнэ гэж бодсон ч одоо эсрэгээрээ байгаа. Японы экспорт өсч, Монголынх хэвээрээ байна.
Тэгэхээр одоогийн онолын түвшинд урьдчилан тооцоолоод байгаа ЕАЭЗХ-ны Худалдааны хэлэлцээр бодит байдал дээр хэрэгжихдээ ямар байх вэ гэдгийг дүгнэж хэлэхэд цаг хугацааны хувьд эрт байна. Өнөөдөр онолын түвшинд “хэрвээ” гэдэг үүднээс тооцоолж байгаа. Дор хаяж Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлээд Төв Азийн улс орнууд руу хүргэхэд тээвэр ложистикийн хувьд бүрэн нээлттэй юу гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Гадаад худалдааны явцад ачаа тээврийн маш олон асуудал гардаг. Тэгэхээр гадаад худалдааны тэнцэл эерэг байна гэдэг нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлт Монгол Улсад айхтар нөлөөлөхгүй юм байна. Одоогийн бидний төсөөлж байгаа түүхий эдийн экспорт өндөр байх юм байна гэдэг төсөөлөл дээр үндэслэж байгаа юм.
"АЛСЫН ХАРААГҮЙ, БОДЛОГОГҮЙ ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ ГАРАХААС СЭРГИЙЛЖ ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭГ БОЛОВСРУУЛДАГ"

Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, дунд хугацааны төлөв байдлын таамаглалаа танилцуулсан. Гэвч Засгийн газар болон УИХ-аас улсын төсөв батлахдаа хэт тэлэлттэй, “дүлий” байдлаар баталдаг гэж судлаачид шүүмжилдэг. Та бүхний гаргасан зөвлөмж, дүгнэлт, таамаглалыг төсөв батлахдаа тусгахгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Монгол Улсын эдийн засаг 2010 он хүртэл уул уурхайн салбарын түүхий эдээс хамаарал харьцангуй бага байх үедээ жилдээ нэг удаа буюу намар улсын төсвөө баталдаг байсан. Түүнээс хойш түүхий эдийн үнэ ханшийн огцом өсөлт гарсны дараа Монгол Улсын төсвийн орлого огцом бүрдэж, огцом унах зэрэг савлагаа үүсч эхэлсэн. Үүнээс болгоомжлохын тулд Төсвийн тогтворжуулалтын санг байгуулж, дунд хугацаанд төсвөө төлөвлөдөг байх зарчим руу шилжсэн. УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар дунд хугацааны төсвийн хүрээгээ баталж байгаа гол онцлог нь улсын төсвийнхөө орлого, зарлагын хязгаарыг зөв төлөвлөх асуудал. Монгол Улсад олон улсын байгууллагуудаас одоо ч гэсэн анхааруулж, зөвлөж байна. Өнгөрсөн онд Азийн хөгжлийн банкны шинжээчдийн боловсруулсан Монголын эдийн засгийн байдлын талаарх нэгэн тайланд “Монгол Улсын Засгийн газар түүхий эдийн экспортын орлогыг төлөвлөхдөө оновчтой бус, хэт өөдрөг байдлаар төлөвлөж байна. Үүнийг сайжруулах шаардлагатай” гэдэг зөвлөмж өгсөн. Энэ бол бидний ойрын хугацаанд анхаарч зайлшгүй засч залруулах ёстой асуудал мөн. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийг боловсруулахдаа төсвийн орлогыг ихэнх тохиолдолд хэт өөдрөг төлөвлөж ирсэн.
УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Төсвийн хүрээний мэдэгдлээр ирэх гурван жилийн төсвийн орлого, зарлагын хязгаарыг тогтоож өгдөг.
УИХ-аас хуулиар тогтоож өгсөн энэ зарлагын дээд хязгаарт багтаагаад салбар яамдууд тус бүрдээ ирэх онд ямар үйл ажиллагаа явуулж, ямар зардалтай байх вэ гэдгээ төлөвлөх ёстой. Гэтэл манайд одоогоор үүнийг зөв ойлгохгүй, гажуудалтай ойлгож хэрэгжүүлж байна. Өнгөрсөн намар улсын төсвийн ил тод байдлын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг харахад улсын төсвийг дунд хугацаагаар төлөвлөж байгаа үндсэн зарчмаа огт ойлгохгүй байсан нь анзаарагдсан.
Ирэх гурван жилээр төсвийн хязгаарыг тогтоож байгаа явдал бол эдийн засгийн савлагаа болон төсөвт хэт дарамт, ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлж, оновчтой төлөвлөлт хийх боломжийг олгож байгаа чухал арга хэрэгсэл юм.
Ирэх 2027 онд Эрүүл мэнд, Боловсролын сайдын төсвийн хязгаар энэ шүү гэдэг тоо гэсэн үг. Гэтэл өнгөрсөн оны төсөв бэлтгэж байгаа явцаас харахад, манай салбарын яам, агентлагууд маш олон ажлыг бүгдийг нь нэг дор, нэг амьсгаагаар хийх гэж оролдож байна. Жишээлбэл, нэг сайд нь бид ирэх оны төсвийг төлөвлөсөн чинь хийх ажил маань 50 тэрбум төгрөг байна. Улсын төсөвт багтахгүй цаана нь таван тэрбум төгрөг байна гэж танилцуулдаг. Төсвийн зарлагын хязгаарыг давсан санал оруулж ирж байна. Гэтэл Монголд ийм хуулийн зохицуулалт, зүйл заалт огт байхгүй.
Монгол Улсын Үндсэн хуулиараа УИХ өөрөө төсвийн бодлогыг тодорхойлж, батлах, хяналт тавих үүрэгтэй. Энэ үүргээрээ Төсвийн хүрээний мэдэгдэл гэдгийг хуульчлан баталж байгаа юм. Тэгэхээр Засгийн газар ч, салбарын яамд ч гэсэн УИХ-аас тогтоож өгсөн энэхүү төсвийн хязгаар дотор ирэх жилд хийж хэрэгжүүлэх ажил, зарцуулах төсвөө багтаан төлөвлөх ёстой. Тэрнээс биш 2028, 2029 онд хийх гээд байгаа бүх ажлаа нэг дор хийх гэж оролдоно гэсэн үг биш. Манай улстөрчид ингэж ойлгоод л нэг амьсгаагаар буюу 2028 оны УИХ-ын сонгуулиас өмнө бүхий л амлалтаа, зорьж буй ажлаа нэг дор хийх гэж оролдож байгаа нь төсвийн хэт тэлэлтийг, үрэлгэн зарцуулалтыг бий болгож байна.
Ийм алсын хараагүй, бодлогогүй төсвийн зарцуулалт гарахаас сэргийлж дунд хугацааны төсвийн хүрээг боловсруулан баталж байгаа юм.
Ирэх жилүүдэд хэрэгжүүлэх ажлаа, хөрөнгө оруулалтаа зөв оновчтой төлөвлөөд, үүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн орлого, бодит нөхцөл байдалтайгаа уялдуулан боловсруулна гэсэн үг. Хоёр дахь өөрчлөлт нь 2023 оны зун Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу макро эдийн засгийн төсөөллийг Засгийн газар буюу хэрэгжүүлэгч байгууллага өөрөө хийж болохгүй юм байна гэж үзсэн. Тиймээс хараат бус, бие даасан институци боловсруулах нь илүү оновчтой, зохистой юм байна гэж үзээд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг орон тооны гишүүд болгосон. Мөн макро эдийн засгийн төсөөллийг Төсвийн тогтвортой зөвлөл боловсруулж байхаар өөрчилсөн. Төсвийн тухай хууль, Төсвийн Тогтвортой байдлын тухай хуульд оруулсан дээрх өөрчлөлтийн дагуу бид Монгол Улсын ирэх жилүүдийн макро эдийн засгийн төсөөллийг гурав дахь жилдээ боловсруулаад байна.
Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хуулийн 27-р зүйлд “27.1.2.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулсан макро эдийн засгийн төлөв байдал, дүн шинжилгээ, тооцоонд үндэслэсэн байх” гэсэн заалтыг нэмж тусгасан.
Онцлог ялгаа нь юу гэхээр, өмнө нь Төсвийн хүрээний мэдэгдлийг Сангийн яам өөрөө боловсруулдаг байсан учраас өөрийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ашиг сонирхолдоо нийцүүлэн бодит бус, хэт өөдрөг төсөөллийг хийж байсан. Нүүрсний үнэ, орлогыг маш өндөр төлөвлөж байгаад өөртөө таарсан хязгаараа батлуулж авснаар төсвийн бодлого оновчгүй болж, төсвийн хэт тэлэлтийг улам бүр өргөжүүлэх хандлагатай байсан.
Макро эдийн засгийн төсөөллийг манай зөвлөлөөс боловсруулж эхлээд удаагүй байгаа тул өнгөрсөн нэг, хоёр жил бидний боловсруулж өгсөн макро эдийн засгийн төсөөлөл болон Эдийн засаг, хөгжлийн яамны боловсруулсан макро эдийн засгийн төсөөлөл хоорондоо бага зэргийн зөрүүтэй байсан. Цаашдаа ч тодорхой хэмжээгээр бага зэргийн зөрүү гарах байх. Гэхдээ бид хоорондоо ярьж ойлголцоод, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн боловсруулж байгаа макро эдийн засгийн төсөөлөлд илүү ач холбогдол өгч ажиллах болно гэж ойлголцож байгаа. Тэгэхээр жилээс жилд макро эдийн засгийн төсөөлөл боловсруулах явцад ахиц дэвшил гарч, сайжирч байна.
"САНГИЙН ЯАМНААС ГАДНА САЛБАР ЯАМД ДЭЭР ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ГАЖУУДУУЛЖ, БУРУУ ТӨЛӨВЛӨЖ БАЙНА"

Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
-Өнгөрсөн 2025 оны улсын төсвийг хэт өөдрөг төсөөлснөөс эдийн засагт эрсдэл үүссэн шүү дээ. Энэ жилийн дунд хугацааны төсөөлөл, таамаглалыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал ямар ахиц дэвшил гарав?
-Улсын төсвийг хэлэлцэж, батлах нь Төсвийн тухай хуульд зааснаар нэлээн удаан, олон үе шаттай үргэлжилдэг үйл явц юм. Чуулганы хуралдааны цагийн хуваарийг харахад, хаврын чуулганаар Төсвийн мэдэгдэл, өнгөрсөн жилийн Төсвийн гүйцэтгэл хэлэлцээд, намрын чуулганаар дараа жилийн төсвийг хэлэлцэж, магадгүй дунд нь тодотгол хэлэлцэх зэргээр УИХ-ын чуулганы хуралдааны цагийн бараг 50-60 хувийг улсын төсөвтэй холбоотой асуудал хэлэлцэж байна. Маш олон талын асуудал байна. Зөвхөн таамаглалтай холбоотой асуудал биш. Алдаа хаана гараад байна вэ гэхээр юуны өмнө хуулийн төслийг өргөн барих процесс дээр алдаа дутагдал байна. Нэн ялангуяа Төсвийн тухай хуулийн төслийг өргөн барих явц дээр.
Төсвийн тухай хуулийг өргөн барьж, хэлэлцэх явцыг Монгол Улсын Хууль тогтоомжийн тухай хууль, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хууль гээд хоёр хуулиар зохицуулж байгаа. Жишээлбэл, УИХ-ын Дэгийн тухай хуульд “Хууль санаачлагч хуулиа өргөн барьсны дараагаар УИХ-ын Тамгын газрын дарга ажлын тав хоногийн дотор хуулийн төслийг шаардлага хангасан эсэх талаар УИХ-ын даргад танилцуулна” гэж заасан. Тэгээд УИХ-ын хэлэлцэх асуудлын дэгд оруулдаг. Гэтэл ихээхэн хэмжээний тоо мэдээлэл, тооцооллыг агуулсан Монгол Улсын Төсвийн тухай хуулийн төслийн тухайд энэ хугацаа болон зохицуулалт нь хангалтгүй байна. Төсвийн хуулийн төсөл, түүний танилцуулга мэдээлэл, хавсралт тооцоолол гэсэн 100-150 гаруй хуудас материалыг өргөн барьсны дараа УИХ-ын Тамгын газрын, үүний гол төлөв хуулийн ажилтнууд ажлын тав хоногийн дотор уншиж хуульд заасан шаардлагыг хангасан эсэх дүгнэлт гаргана гэдэг үндсэндээ боломжгүй. Энэ хуульд орхигдоод байгаа нэг юм нь “Хэрвээ энэ нь Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хуулийн шаардлага хангаагүй бол буцаах ёстой. Яг энэ хуулийн төслийг ямар журмаар санаачлагчид нь буцаах тухай заалт нь хуульдаа байхгүй. Улсын төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлах хугацаатай тул өргөн барьсан төслийг буцаах боломжгүй гэсэн ойлголтоор л хандаж ирсэн.
Хоёрдугаарт, манай практикт хуулийг өргөн барьсан л бол тэгээд алдаатай байсан, оноотой ч байсан УИХ-ын чуулганаар хэлэлцээд явчихдаг. Тухайлбал 2024 оны УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2024 оны улсын төсвийн тухай хуульд тодотгол хийх асуудлыг яаралтай горимоор өргөн барьж, хуулийн төслийг долоохон хоногийн дотор хэлэлцэн батлаж, төсвийн зарлагыг гурван их наяд төгрөгөөр нэмэгдүүлж баталсан. Ийм байдлаар Төсвийн тухай хуульд заасан шаардлагуудыг хангаагүй нөхцөлд төсвийн зарлагыг нэмэгдүүлэх зорилготой төсвийн тодотголыг УИХ-аас хэлэлцэн баталж байгаа нь төсвийн бодлогын хувьд ч, хууль тогтоомжийн хуулийн хувьд ч томоохон гажуудал юм. Ийм бодитой алдаа, дутагдлыг засахгүй байгаа учраас өнгөрсөн 15 жилийн хугацаанд хавар баталсан төсвийн хүрээний мэдэгдлийг хэдхэн сарын дараа намар нь дахин өөрчилдөг, Төсвийн хүрээний мэдэгдэлд нийцээгүй төсвийн төслийг боловсруулж хэлэлцүүлдэг алдаа дутагдал үргэлжилээр байна.
УИХ-ын намрын чуулганд ирэх оны төсвийн төслийн хамт, Төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх тухай хуулийн төслийг өргөн барьдаг. Засгийн газраас “Бид төсвийн хүрээний мэдэгдлийн өөрчлөлтөө эхлээд баталчихвал хуулийн зөрчилгүй” гэж тайлбарладаг. Гэвч тийм биш, энэ бол хуулийн зөрчил. Төсвийн тухай хуульд дараа оны улсын төсвийг боловсруулахдаа УИХ-аас батлагдсан төсвийн хязгаарт үндэслэнэ гэж заасан байхад тэрийг баримтлахгүй байна. Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хуулийг УИХ-д өргөн бариад байхад УИХ-ын Тамгын газар тэрийг олж харахгүй, засч залруулж чадахгүй байна.
Ерөнхийдөө манай өмнөх жишгээр эрх баригч намын дарга нь төсөв өргөн барьсан учраас УИХ түүнийг нь зайлшгүй дэмжээд явах ёстой гэдэг буруу ойлголтоос болоод энэ мэт хууль зүйн зөрчлөө арилгаж чадахгүй байна. Тэгэхээр энэ хуулийг өргөн барих процессыг маш нарийн тодорхой болгох, ялангуяа Төсвийн тухай хуулийн өргөн барих үйл явцыг илүү тодорхой болгох шаардлагатай. Бусад хуулийг тав хоногийн дотор дүгнэж болдог юм бол Төсвийн тухай хууль дээр зөвхөн хуульчид бус макро эдийн засгийн шинжээчид хамт суугаад нягтлан үзэх хэрэгтэй.
Дараагаар нь хуулийн хэрэгжилтэд анхаарах нь чухал. Төсвийн тухай хууль алдаа оноотой байна гэж чуулган дээр зөндөө ярьдаг. Төсвийн гүйцэтгэлийг УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд хэлэлцэн баталдаг. Төсөв хэлэлцэн батлах хугацаанд гишүүдийн гаргасан санал дээр үндэслэн УИХ-ын тогтоол гаргаж Засгийн газарт үүрэг даалгавар өгдөг. Өнгөрсөн 2023 онд УИХ-аас ийм агуулгатай, сайн тогтоол гарч байсан. Засгийн газарт ийм ийм алдаа оноо байна, үүнийгээ засч ирээрэй гэж УИХ-аас үүрэг даалгавар өгдөг. Гэвч зун нь бүгдээрээ наадамлаж яваад, намрын чуулганаар ирэх оны төсвийн төслийг боловсруулах, хэлэлцэх явдаа дахиад л өмнө гаргаж байсан алдаагаа давтдаг.
Аливаа улсын төрийн бодлого шийдвэр гаргадаг тогтолцоо гэдэг чинь олон үе шаттай, бүхэл бүтэн цикль байдаг. Эхлээд бодлогоо төлөвлөөд, хэлэлцэн батлаад, хэрэгжүүлээд, дараа нь гаргасан шийдвэрийн хэрэгжилт дээрээ хяналт тавьж, алдаанаасаа сургамж авч, засах ёстой. Энэ процесс дотор чинь Үндэсний аудитын байгууллага үүргээ боломжийн сайн гүйцэтгэж, жил болгоны төсөвт аудит зөрчсөн гэдэг дүгнэлтийг УИХ-д өгдөг. УИХ тэрийг нь сонсоод тогтоол гаргадаг. Гэтэл тэр тогтоол нь хэрэгжихгүй байна. Тэгэхээр УИХ-ын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг маань зарим талаар хангалтгүй байна.
Засгийн газар намар дараа оны улсын төсөв боловсруулж оруулж ирэхдээ өмнө баталсан Төсвийн тухай хууль болон УИХ-аас өгсөн тэр үүргийг хэрэгжүүлж, алдаагаа засч орж ирэх ёстой. Жишээлбэл, Тендерийн тухай хуулийн маргаантай асуудал, хөрөнгө оруулалтынхаа эрэмбэ дарааллыг зөв тогтоодоггүй гэх мэт. Нэг жишээ авч үзэхэд, өнгөрсөн 2025 оны төсвийн төслийн хавсралтаас үзэхэд сумдын төвийн багахан орон зайд хатуу хучилттай автозам барих 20 гаруй төсөл дээр 32 тэрбум төгрөгийн төсвийг төлөвлөж баталж байна. Улс орны гадаад худалдааны тээвэрлэлт явдаг зам бус, хот хоорондын авто зам бус, сумдын төв дээр хатуу хучилттай авто зам тавих нь өнөөдрийн нэн чухал хөрөнгө оруулалтын төсөл мөн үү гэдэг асуудлыг бид эргэцүүлэн боддог байх ёстой. Засгийн газраас баталсан зохих дүрэм журмын дагуу хөрөнгө оруулалтыг төлөвлөж, эрэмбэлж чадаж байна уу гэдгийг анхаарах шаардлагатай.
Ийм байдлаар өнөөдрийн чухал бус асуудал дээр маш их хөрөнгө зарцуулсан байна гэсэн Аудитын байгууллагын дүгнэлт гарсан байсан ч энэ алдааг засч залруулдаггүй, алдаа дутагдал хэвээр байсаар байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт чинь өөрөө хязгаартай учраас юуны өмнө нэн чухал асуудал буюу эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг улсын төсөвт түлхүү тусгах ёстой. Тэрнээс биш 2029-2030 онд ч хийж хэрэгжүүлж болохоор, гоёл чимэглэл, будаг шунхны ажлын төсвийг өнөөдөр төсөвт зайлшгүй тусгах шаардлагагүй. Харамсалтай нь улстөрчид хийж болмоор санагдсан бүхий л ажлын, хөрөнгө оруулалтын төсвийг нэг жилийн төсөвт багтаах гэж оролдсоноос төсөвт тооцоолоогүй алдагдал үүсдэг.
–Өмнө нь Төсвийн хуулийг дөрвөн үе шаттай хэлэлцдэг байсныг 2025 оноос таван үе шаттай хэлэлцдэг болсон. Гэсэн хэдий ч улсын төсвийн гүйцэтгэлийг тун бага ярьж байна гэдгийг зарим УИХ-ын гишүүд хөнддөг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Өнгөрсөн оны наймдугаар сард Ерөнхий сайд санал гаргаж, улсын төсвийг олон нийтээр хэлэлцүүлж эхэлсэн. Энэ бол маш чухал алхам мөн. Яагаад гэхээр өмнө нь Засгийн газар Төсвийн төслөө хэлэлцээд, УИХ-д өргөн барихад бид тэр орой нь юм уу, маргааш нь л төсвийн төслийг олж үзах боломжтой байсан. Тэрнээс өмнө олон нийтэд ил болдоггүй байсан гэсэн үг. Гэтэл өнгөрсөн жил анх удаа УИХ-д өргөн бариагүй байгаа, боловсруулалтын шатанд байгаа төсвийн төслийг олон нийтэд ил болгож, танилцуулсан. Тэр хэлэлцүүлгүүд дээр сууж байхад салбар бүрт бидний алдаа маш их байна.
Сангийн яамнаас гадна салбар яамд дээр төсвийн тухай хуулийг гажуудуулж, буруу төлөвлөдөг алдааг их гаргаж байна. Чухал асуудлаа эрэмбэлэхгүйгээр бүхий л ажлыг нэг жилийн төсөвт багтаах гэж оролддог хэвээрээ. Бараг хоёр, гурван жилийн төсвөөр хийх ёстой ажлыг бүгдийг нь энэ оны төсөвт багтаах гээд оруулж ирдэг. Салбар яам болгон төсвөө ингэж оруулж ирээд байвал Сангийн яам улсын төсвийн хөрөнгө оруулалтыг зөв оновчтой боловсруулах, эрэмбэлэх ажлыг яаж чанартай хийх юм бэ. Салбар яамдаас ирсэн төсвийг Сангийн яам нэг сар хүрэхгүй хугацаанд нэгтгэх ёстой байдаг. Тэгээд л төсвийг замбараагүй болгодог ажил эндээс эхэлж байгаа юм. Энэ талаар Төсвийн тухай хууль болон Засгийн газрын тогтоолд заахдаа “Салбар яам дараа жилийн төсвөө төлөвлөхдөө төсвийн хязгаарт үндэслэж, ач холбогдлын эрэмбээр ангилж, хөрөнгө оруулалтаа чухлаар нь эрэмбэлнэ” гэсэн байдаг.
Гэтэл салбарын яамдууд тэр ажлаа хийхгүй байна. Жишээлбэл, эрүүл мэндийн салбарт эмнэлэг барих нь чухал уу, урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн нь дээр үү гэдгийг салбарын яам нь өөрөө зөв тодорхойлохгүй байна гэсэн үг.
Тэгэхээр нэгдүгээр шатны ил тод хэлэлцүүлэг гэдэг чинь маш чухал. Тэндээс салбар яамдууд дээр гарч байгааг алдааг олж харж байна. Засгийн газраас баталсан тогтоол шийдвэрийг салбар яамдууд хэрэгжүүлэхгүй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг яаж төлөвлөх вэ гэдэг журмын тогтоолыг салбар яамдууд үл хайхарч байна. Тэрийг зөрчсөний төлөө салбарын яам, сайд нь ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тэгээд төсвийн гүйцэтгэлийн хэлэлцүүлгийг наадмын өмнө хэлэлцсэн болоод л тогтоол батлаад, мартчихдаг. Магадгүй энэ дээр дэлхийн бусад орны жишгээр төсвийн гүйцэтгэл дээр холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэх үүрэг, хариуцлагыг илүү чангатгах хэрэгтэй байна.
Түүхээ эргээд харвал, 1924 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуульд төсвийн тухай бүлэг байсан. Хэрвээ тэр хууль 1940 онд засагдаагүй байсан бол бид одоо ч гэсэн Үндсэн хуульдаа төсвийн тухай хуулийн заалттай байх байсан. Тэр хуульд төсвийн зарлагыг хэтрүүлэн зарцуулж болохгүй гэсэн заалт байсан. Бид магадгүй ийм хатуу хариуцлагатай байж гэмээнэ үүнийг нэг ойлгох байх. Бид үрэлгэн байдалд дэндүү удаан байж, ийм л байх ёстой мэтээр буруу дадалд сурчихлаа. Аж үйлдвэржсэн орны эдийн засаг жигд өсдөг бол бид түүхий эдийн үнийн нэг удаагийн орж ирж буй орлогоор гараа угаагаад сурчихсан. Маргаашаа боддоггүй монгол хүний зан. Бид ийм байдлаас салахын тулд хуулийн илүү чанд зохицуулалттай болох хэрэгтэй.
-Багш нарын цалин хөлс, ахмад настны тэтгэвэр, эрчим хүчний салбарын асуудлыг шийдэхийн тулд төсвийг тодотгох шаардлагатай гэдгийг зарим улстөрчид хэлж байна. Улсын төсвийг жил бүр тодотгодог боллоо. Энэ оны төсвийг тодотгохгүй байх нөхцөл боломж байна уу?
-Төсвийн тухай хууль дээр тодотгол хийх таван үндэслэл байгаа. Сангийн сайд ч энэ талаар удаа дараа хэлж, ярьдаг. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд төсөвт тодотгол хийх үндэслэлийг дараах байдлаар заасан. Тодруулбал,
“34.1.Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ,
34.1.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн,
34.1.2.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх,
34.1.3.энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах,
34.1.4.төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх.
34.1.5.хууль болон гэрээнд зааснаар Засгийн газрын өрийн баталгааны төлбөрийн үүргийг гүйцэтгэхэд Засгийн газрын өрийн баталгааны хөрөнгө хүрэлцэхгүй болсон” гэж заасан байдаг.
Хуульд заасан эдгээр нөхцөл шаардлага хангагдсан уу, үгүй юу гэдэг шалгуурыг маш сайн тавиагүйгээс төсөвт тодотгол хийх нь зөв үү, буруу юу гэсэн асуудал үүсдэг. Хоёрт, төсвийн зарлага нэмэгдсэнээс болоод тодотгол хийж болно гэж хуульд тусгаагүй. Хамгийн гол шалтгаан маань төсвийн орлого ихээхэн дутагдаж, алдагдал ДНБ-ний гурван хувиар нэмэгдэхүйц нөхцөлд төсвийн тодотголыг хийж болно гэж байгаа шүү дээ. Одоогийн нөхцөлд манайх тодотгол хийх сонирхолтой тэр институци буюу Сангийн яам өөрөө эдгээр үндэслэлийг тогтоож, төсвийн тодотголын төслийг хийж байна. Өнгөрсөн 2024 оны улсын төсвийн тодотгол нь үндэслэл буруу, алдаатай тодотгол болсон. Тухайн үед УИХ-аас баталсан байсан 27 их наяд төгрөгийн төсвийн зарлагыг долоо хоногийн дотор шуурхай дэгээр хэлэлцээд 30 их наяд болгон зарлагыг нэмэгдүүлж баталсан.
Тухайн үед улсын төсвийн орлого нэг ч төгрөг тасалдаагүйгээр барахгүй давж биелж байсан. Үндсэндээ тэр төлөвлөсөн хэмжээнээс давж болзошгүй орлогыг зарцуулахын тулд буруу үндэслэлд тулгуурлан 2024 оны төсвийн тодотголыг хийсэн.
Ийм байдлыг цаашид Төсвийн тухай хуулиар хязгаарлаж өгөхгүй бол Үндэсний Баялагийн санд орвол зохих төсвийн орлогыг санд хуримтлагдахаас нь өмнө төсвийн зарлага болгон үрээд байх гарзын үүд хаалга нь нээлттэй байна. Хэрэв төсвийн орлогыг зөв төлөвлөж тооцсон тооцсон бол, хэрэв тодотгол хийгээгүй байсан болтэр хөрөнгө улсын төсвийн ашиг болж үлдэх, эсвэл Баялгийн сан руу орох ёстой байсан.
3,569.17






















































Нэргүй 2026-03-17 103.212.162.34
Өдөр бүр биднийг сургаж байдаг мэргэн жараахай байх юм. Ашигтай байгаа үед нь нүүрсээ ахиухан экспортлохын буруу юу байхав. Хятадын нүүрсний хэрэглээ мөддөө буурахгүй, өөрсдийнх нь нүүрсний олдворлох зардал өсч байгаа нь бидэнд олдох ховор боломж баймаар
Нэргүй 2026-03-17 124.158.123.242
Манай дарга нар зөвхөн биемйн амарыг харж, ганц олигтой үйлдвэр 35 жилд байгуулалгүй, улсаа ухаж, ирээдүй хойчийнхоо юмыг булаан авч, нүүрсээр бэлэн мөнгө олсоор ирлээ. Үнэ буурсан ч, шунасан тоондоо хүргэх гэж нүүрсээ сул шахам балан цулан гаргах болжээ…Тэгээд дээр нь хулгай хийнэ…
иргэн 2026-03-17 66.181.171.252
Таньтай төсвийн тухай хуулийн гажуудлын талаар 100 хувь санал нэгдэж байна, Гэхдээ та чинь хэдэн ч ЕС-ын зөвлөх байсан билээ, тэр үедээ шүгэл үлээгээд шуугиан тариад огцорч байсан бол…… Мэдсээр байж зүгээр л аялдан дагалдаад байсан байна ш дээ,
Нэргүй 2026-03-17 202.21.104.2
Хэдэн оны тухай яриад байна. Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын үгийг сонсох уу, зөвлөхийн үгийг сайд нар сонсох уу.