Нийслэлийн Хан-Уул дүүргийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай улсын тэргүүний 18 дугаар дунд сургуулийн эцэг эхийн төлөөлөл өнөөдөр /2018.08.17/ мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийн эхэнд Шүүх болон Авлигатай тэмцэх газрын буруу шийдвэрээс болж 2500 гаруй сурагч боловсрол, хүмүүжлээрээ хохирох гээд байна гэв.
Хэрэг явдлыг тодруулбал, 2014 оны есдүгээр сараас 2017 орны дөрөвдүгээр сар хүртэл сургуулийн захирлаар Х.Чинбат ажиллаж байжээ.Тэрбээр энэ хугацаанд олон зөрчил гаргасан учир эцэг эхчүүдийн зүгээс шат шатны байгууллагад хандсан байна. Ийн эцэг эхчүүдийн гаргасан гомдлыг шалгасны эцэст Х.Чинбатыг 43 зүйлд буруутгагдан ажлаас чөлөөлсөн аж. Түүнийг өнгөрсөн хугацаанд шүүхийн байгууллагаар явсны эцэст тус сургуулийн захирлаар эргэн томилогдох шийдвэр гаргуулсанд тэд гомдолтой байна гэж байлаа.
нэг л өдөр сургуулийн хамран сургах тойрог байхгүй болчихсон
Улсын тэргүүний 18 дугаар сургуулийн дэргэдэх эцэг эхийн төлөөлөл Т.Чимэг “Удахгүй шинэ хичээлийн жил эхлэх гэж байна. Өдийд боловсролын байгууллага тэр тусмаа төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд элсэлт ярьж байх ёстой. Гэтэл дээрх сургуулийн тухайд удирдлагаа солино, хална гэж ярьж байна. Хүүхэд эцэг эх багш нарын сэтгэлзүйгээр тоглолт хийгээд эхэлсэнд сэтгэл эмзэглэж байна. Тухайн сургуулийн захирал хэн байх нь гол биш. Зөвхөн мэргэжлийн түвшинд чадварлаг, салбараа мэддэг хүн ирэх ёстой гэж шаардаж байна. Х.Чинбат нь зураг, дүрслэх урлаг, хөдөлмөрийн багш. Тэр хүн мэргэжилдээ мундаг байж болно. Гэсэн хэдий ч сургуулийн статус нь гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургууль. Энэ хүн яагаад эргэж томилогдсоныг нь одоо хэр ойлгохгүй байна. Түүнийг сургуулийн захирлаар ажиллаж байх үед олон зөрчил гарсан. Тухайлбал, 18-р сургууль хамран сургах тойрогт 51, 53 дугаар байрыг хамруулдаг байсан юм. Гэтэл нэг л өдөр хамран сургах тойрог нь байхгүй болчихсон. Уг нь нийслэлийн 23,24,1 дүгээр сургууль гэхчэн тодорхой хэмжээний зэрэглэлтэй боломжийн сургуулиудыг нэрлэхэд бүгд л хамран сургах тойрогтой байгаа. Дээрх асуудлаар Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд оршин суугчдаас удаа дараа гомдлыг Нийслэлийн боловсролын газар, болон бусад холбогдох байгууллагад хүргүүлж байсан. Гэтэл Х.Чинбат дарга өөрөө Нийслэлийн боловсролын газарт очоод хамран сургах тойргоос хасуулсан байгаа юм. Нэг захирал очоод сургуулийн хамрах тойргоос хасаад өг гэхэд нь хасчихдаг Нийслэлийн боловсролын газар байдаг юм уу. Одоо ажиллаж байгаа захирлын тухайд ямар хүн гэдгийг мэдэхгүй ч ажлаа аваад жил гаруй хугацаанд сайн ажиллаж байгаа гэдгийг эцэг эхчүүд бүгд мэдэж байгаа. Эцэг эхчүүд бид хүүхдүүдээ улс төрийн тоглоом болохыг хараад суумааргүй байна. Удирдлагыг хаанаас ямар шалтгаанаар солиод байдаг юм. Үүн дээр хариулт хүсэж байна” гэв.
Э.Бурам