
ХИС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаярын "Дэлхийн дэг журам ба өөрчлөлт" нийтлэлийг хүргэж байна.
Эдүгээ нэгд, Харилцан шалтгаалцал, даяаршил, дижитал үйл явц нийгмийн бүхий л хүрээг хамарч, гадаад, дотоод орчин маш хурдацтай өөрчлөгдөж, тиймээс ойрх ирээдүйн төлөв байдлыг урьдчилан төсөөлөх боломж тун бүрхэг байгаа нь өнөөгийн олон улсын харилцааны үндсэн шинж болов.
Хоёрт, Олон улсын хамтын ажиллагааны хамгийн чухал хүчин зүйл нь олон улсын эрхзүйн хэм хэмжээнд дэлхийн улс орнуудын тогтвортой байдлыг хангах, геополитикийн орчинд урьдчилан таамаглаж болохуйц нөхцөл байдлыг урт хугацаанд хадгалах явдал тулгамдсан асуудал болсоор байна.
Гуравт, Хүчний тэнцвэрийг барихаас гадна ашиг сонирхлын тэнцвэрийг барих гэдэг маш чухал болов.
Дөрөвт, Төв рүү тэмүүлэх, төвөөс зугтаах хүчний аль аль нь үйлчилж буй даяаршил, дижиталын үйл явцын эрин үед олон улсын харилцааны шинэ дэг журам төлөвших үйл явцын төгсгөлийг төсөөлөх боломж тун бүрхэг байгаа зэрэг санал, дүгнэлтүүд юм.
Улс орнуудын өмнө дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, даяаршиж буй дижитал ертөнцөд дасан зохицохоос гадна, олон улсын харилцааны олон талт шинэ дэг журам төлөвших үйл явцад нэгэн адил хэрхэн дасан зохицох тухай асуудал шинээр дэвшигдэн тавигдаж байна.
Дэлхийн дэг журам хэмээх ухагдахуун улс төрийн шинжлэх ухаан, олон улсын харилцаа, геополитикийн үндсэн ухагдахуунуудын нэг билээ. Энэхүү улс төрийн нэр томъёо үүсэл гарлын хувьд 1776 онд АНУ-ын Төрийн Их тамганы дардас дээр латин хэлээр "ANNUIT COEPTIS: NOVUS ORDO SECLORUM" буюу “Бидний эхлүүлсэн Эрин үеийн шинэ дэг журмыг бурхан ивээх болтугай” гэж бичсэнээс эх үндэстэй ажгуу. 1935 онд гүйлгээнд анх гарсан АНУ-ын нэг долларын шинэ дэвсгэртийн ар талын нүүрэнд дээрх Төрийн Их тамгын дардас хэвлэгдсэнээс хойш үргэлжлэн хэвлэгдсээр өнөөг хүрч иржээ.

ХХ зууны түүхийн огцом өөрчлөлтүүд, түүнтэй гүн гүнзгий холбоотой улс төрийн сэтгэлгээ болон орчин үеийн геополитикийн нарийн түвэгтэй үйл явцтай уялдан энэхүү нэр томъёо олон улсын харилцааны үзэл баримтлалын шинжтэй цогц ойлголт болон гарч иржээ. Дэлхийн дэг журам хэмээх ухагдахууны уг мөн чанар нь эмх замраагүй, туйлширсан, хуваагдмал, үндэсний явцуу ашиг сонирхол, хүчээр түрээ барих чадавхид суурилсан хуучин олон улсын харилцааг хүний эрх, эрх чөлөө, ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засаг, олон улсын эрхзүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнд тулгуурлан илүү зохистой сайн засаглалаар илбэн тохинуулах замаар өнөөгийн дэлхий ертөнцийг өөрчлөн байгуулах тухай асуудал юм.
Дэлхийн шинэ дэг журмыг тохинуулах хэрэгт 1648 оны Вестфалийн дэг, 1776 оны АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхаглал, 1787 оны АНУ-ын Үндсэн хууль, 1789 оны Францын Хүн ба иргэний эрхийн тухай Тунхаглал, 1815 оны Венийн дэг, 1919 оны Версаль, 1945 оны Ялта-Постдамын дэг тогтолцоо, 1975 оны Хельсинкийн Төгсгөлийн баримт бичиг, 1990 оны Парисын Харти нэн чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
XVII зууны олон улсын харилцааны үе шатанд "Pax Hispanica" буюу Испанийн цаг үе байсан бөгөөд харин XIX зуун бол бүхэлдээ "Pax Britannica" ноёрхож байсан юм.
Анх Өрнө дахинд АНУ-ын Ерөнхийлөгч Вудро Вильсоны дэвшүүлсэн түүхт "Арван дөрвөн зүйл", ялангуяа Үндэстнүүдийн холбоог байгуулах санаачилгад “Дэлхийн дэг журам”-ын үзэл санаа тод тусгагдсан байдаг. Олон улсын харилцааны идеалист үзэл санааг удирдлага болгож байсан Вудро Вильсон дэлхий ертөнц ямар байна гэхээсээ илүүтэйгээр ямар байвал зохистой байх тухайд илүү анхаарч байв. Тиймээс тэд “Одоогийн бодит байдал гэдэг нь цорын ганц боломжит байдал биш” гэжээ. Энэ талаар Вудро Вильсоноос зөвлөгчид нь Үндэстнүүдийн Холбооны бодиттой байх чадварын тухайд асуудахад тэрбээр “хэрэв зэ бүтэхгүй байгаа бол бүтээхээр л ажиллах хэрэгтэй” хэмээн хариулсан байдаг. 1918 оны нэгдүгээр сард АНУ-ын Конгрессын нэгдсэн чуулганд Ерөнхийлөгч B.Вильсон алдарт 14 зүйлт мэдэгдлээ хийсэн юм. Үүнд,
- Нууц гэрээ хэлэлцээрийг зогсоож, нээлттэй, ил дипломат бодлого явуулах,
- Далай, тэнгисийн чөлөөт байдлыг хэрэгжүүлэх,
- Чөлөөт худалдааг хөгжүүлэх,
- Цэргийн хүчин, зэвсэглэлийг хорогдуулах,
- Колонийн нутаг дэвсгэрийг шударгаар эргэж нягтлах, тэдэнд өөртөө засан тогтнох эрх олгож, бүрэн эрхийг хэрэгжүүлэх,
- Оросын Засгийн газрыг өөрийгөө тэтгэх хүртэл хүлцээтэй байх асуудлыг шийдэх,
- Бельгийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх,
- Францын нутаг дэвсгэрийг сэргээн тогтоох,
- Итали өөрийн угсаатанд суурилсан нутаг дэвсгэрийг тогтоох,
- Австри-Унгарын хөгжлийн боломжийг шударгаар тогтоох,
- Балканы улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх,
- Оттманы эзэнт улсын бүрэлдэхүүнд байсан ард иргэдийн чөлөөт сонголтыг хүндэтгэх,
- Польшид тусгаар тогтнол олгох,
- Том, жижиг бүх улсын тусгаар тогтнолын баталгааг хангах Үндэстнүүдийн холбоог байгуулах эдгээр байсан юм.
Үүнтэй зэрэгцэн Орос оронд большевик хувьсгал ялсны дараа 1918 онд Москвад Оросын Коммунист (большевик) Намыг (ОК(б)Н) үндэслэгч В.И.Лениний санаачлан байгуулсан III Коммунист Интернациональ (Коминтерн) дэлхий дахинд коммунист хувьсгалыг түгээн дэлгэрүүлэх замаар дэлхий дахинд шинэ дэг журам тогтоох санаархал агуулж байсан юм. Түүний гол мөн чанар нь үгээгүй ядуу ажилчин-тариачин ангийн эрх ашиг, пролетарийн диктатурыг туйлаас хамгаалах халхавч нэрийн дор дэлхий дахинд социалист хувьсгал, большевик үзэл санааг экспортлох, Өрнөдийн орнуудад социалист хувьсгалын тохироо бүрдүүлэх, ажилчин ангийг хувьсгалын замаар засгийн эрхэнд гаргах, Дорно дахины ядуу буурай орнуудад үндэсний өөртөө засан тогтнох эрх олгох уриан дор Коминтерни хэмээх хувьсгалт байгууллагын халхавчаар дамжуулан улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс шууд оролцох, тэдгээр орнуудыг өөрийн эрх ашгийн тусын тулд олон улсын харилцааны үйл хэрэгт татан оролцуулах, олон улсын хэмжээнд улс төрийн террорист ажиллагааг бодлогоор зохион байгуулах, коммунист болон хувьсгалт намаар удирдуулсан холбоотон орнуудын системийн хүрээллийг буй болгож, социалист хувьсгалын ололтыг тууштай хамгаалан бататгах гадаад таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд дипломатын ил, далд, хүчирхийлэл, аядуу бүх арга хэрэгслийг ажиглахад оршиж байв. Тэр нь олон улсын эрхзүйн үндсэн зарчмаас ангид хүчирхийлэлийн арга хэрэгсэл, нууц яриа хэлэлцээ, хуйвалдаан, нөлөөний хүрээ, хувьсгалт ашиг сонирхолд тулгуурлаж байсан явдалд оршиж байв. Шийдвэр гаргах үйл явц нь нэг хүний захиран тушаах тогтолцоонд суурилж, тагнуулын бүх арга хэрэгсэл, бусад сувгаар олж авсан мэдээ, мэдээлэлд үндэслэн өөрийн хамгийн ойр хүрээлэгсэд болон Гадаад хэргийн ардын комиссариат, Бүх Оросын онцгой комисс, Улс төрийг удирдах Ерөнхий газар ДЯЯ, УАХБ, Коминтерний Төвийн Гүйцэтгэх хороо зэрэг цөөн байгууллагын удирдлагын явцуу хүрээлэлд тулгуурлаж байв.
ЗХУ Коминтерний шугамаар дамжуулан дэлхий дахинд коммунист намуудыг байгуулах, социалист хувьсгалыг экспортлох зорилготой "хувьсгалч" дипломат ажиллагаа явуулсны үр дүнд Өрнөдийн болон Дорно дахины орнуудад комунист, ажилчны болон хувьсгалт намууд, тухайлбал, дэлхийн голлох орнууд болох 1917 онд Мексик, 1918 онд Герман, Австри, Унгар, Финланд, Польш, Аргентин, 1919 онд АНУ, Дани, Югослав, 1920 онд Их Британи, Франц, Болгар, 1921 онд Итали, Испани, Чехословак, Румын, Португал, Швед, Канад, Хятад, Япон, 1922 онд Бразил, Чили, 1923 онд Норвегид коммунист намууд дараалан байгуулагдаж эхэлсэн юм.
"Нөлөөний хүрээ" хэмээх ойлголт нь улс төрийн шинжлэх ухаан, геополитикийн нэг ухагдахуун болон шинээр гарч ирсэн бөгөөд дэлхийн шинэ дэг журмыг тогтоох үйл явцтай шууд холбогдож байв. Их гүрнүүд өөрийн оршин буй геополитикийн хүрээлэлд олон улсын ил, нууц гэрээ, хэлэлцээрийн дагуу улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн ашиг сонирхлын хяналт тогтоосон бүс нутгийг «нөлөөний хүрээ» гэж тэмдэглэж эхэлсэн юм.
Зөвлөлт Засгийн газар Хаант Орос болон Түр Засгийн газраас бусад орнуудтай урьд өмнө байгуулсан бүх нууц гэрээ, хэлэлцээрийг хүчингүй болгосноо зарлаж, хэвлэн нийтэлсэн юм. Монгол, Солонгос, Хятадтай холбоотой нууц гэрээнүүд ил болсноор "нөлөөний хүрээ", "ашиг сонирхлы хүрээ", "тусгай эрх ашиг" зэрэг нэр томъёонууд олон улсын харилцааны үг хэллэгт шинээр орж ирснийг сайхь нууц эрхзүйн баримтууд илчилсэн юм.
Дэлхийн I, II дайны гол шалтгаан нь дэлхийн газар нутаг, нөлөөний хүрээг дахин хуваарилах явдалд оршиж байв. 1939 оны наймдугаар сарын 23-нд Москвад байгуулсан Зөвлөлт-Германы хооронд харилцан үл довтлох гэрээний нэмэлт нууц протокол ёсоор өөр өөрсдийн нөлөөний хүрээнд Польшийг хувааж авах, Бесараби, Прибалтикийн гурван улс Латви, Литва, Эстони, Финландыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд авахаар тохиролцсон байв.
"Kellogg-Briand Pact" ёсоор өөрийгөө хамгаалахаас бусад дайныг хууль бус гэж томьёолон, аливаа маргаантай асуудал, дайн, мөргөлдөөнийг энхийн арга замаар шийдвэрлэхээр болж, цаашдаа энх тайвны эсрэг гэмт хэргийг шүүн таслах хууль-эрхзүйн суурь үндэс болж, дэлхийн II дайны дараа Нюрнбергийн шүүх хурлын үед ялын бодлого болон НҮБ-ын Дүрэмд чухал нөлөө үзүүлсэн юм.
1933 онд Германы засгийн эрхэнд гарсан нацистууд Европ болон дэлхий дахинд шинэ дэг журам тогтоох тухай онцгой анхаарах болсон билээ. 1940 оны есдүгээр сарын 27 онд Берлинд гарын үсэг зурсан Гурван талын гэрээнд (Tripartite Pact) Германыг төлөөлж Адольф Гитлер, Италийг төлөөлж ГЯЯ-ны сайд Галеаззо Сиано, Японыг төлөөлж Берлин дэх Элчин сайд Сабуро Курусю нар гарын үсэг зуржээ. Гэрээний оршилд: “Япон, Герман, Италийн Засгийн газарууд дэлхийн бүх улс, үндэстнүүдийн энх тайван, хамтын ажиллагааны тусын тулд Аугаа Их Дорнод Ази болон Европын бүс нутагт шинэ дэг журам тогтоохыг эрхэм зорилгоо болгож дараах зүйлийг хэлэлцэн тохиров. Үүнд,
1 дүгээр зүйлд: Герман, Италийн ивээл дор Европт шинэ дэг журам тогтоохыг Япон улс хүндэтгэж, хүлээн зөвшөөрөв.
2 дугаар зүйл: “Японы ивээл дор Аугаа Их Дорнод Азид шинэ дэг журам тогтоохыг Герман, Итали улс хүндэтгэж, хүлээн зөвшөөрөв” гэсэн байв. Үүнийг “тэнхлэгийн орнуудын гэрээ” хэмээн нэрлэх болов.
1940 оны аравдугаар сарын 3-нд Ерөнхий сайд, хунтайж Фумимаро Коноегийн кабинет «Японы гадаад бодлогын хөтөлбөр»-ийг баталсан юм. Түүнд заахдаа: “Герман, Италитай холбоогоо бэхжүүлэх, Хятадын бууж өгөх явцыг хурдасгах, Японы ивээл дор «Аугаа Их Дорнод Азийн Хамтын Цэцэглэлтийн Хүрээ»-г (大東亜共栄圏) тогтоож, түүний зүй ёсны хил хязгаарт Хятад, Манжуур, Монгол, Бирм, Энэтхэг-Хятадын хойг, Тайланд, Филлипин, Малай, цаашлаад Австрали багтана” гэжээ. 1942 оны арваннэгдүгээр сарын 1-нд Ерөнхий сайд Хидеки Тожо Колонийн хэрэг эрхэлсэн яам, ГЯЯ-ны Өмнөд номхон далайн хэлтэс, Зүүн Азийн хэлтэс, Зүүн Азийн хөгжлийн хороог нэгтгэн «Аугаа Их Дорнод Азийн яам»-ыг шинээр байгуулж, анхны сайдаар Казуо Аокиг томилж, түүнд Японы нөлөөний хүрээ тогтоосон 4.4 сая км2 нутаг дэвсгэр харьяалагдах болсон юм.
Японы Засгийн газраас боловсруулж, ГЯЯ-ны сайд генерал Хахиро Арита 1943 оны тавдугаар сард нийтлүүлсэн "Аугаа Их Дорнод Азийн хамтын цэцэглэлтийн хүрээ" байгуулах төлөвлөгөөг "Дөрвөн зүг, найман зовхисыг нэгэн дээвэр доор нэгтгэх" гэжээ. Сайхь үзэл баримтлалыг онолын үүднээс авч үзвэл буюу “амьдрах орон зай”-гаа тэлэх, "нөлөөний хүрээ"-гээ тогтоох бодлоготой шууд холбогдож байв.
1943 оны арваннэгдүгээр сард Японы Ерөнхий сайд генерал Хидэки Тозиогийн ивээл дор "Аугаа Их Дорнод Азийн Хамтын цэцэглэлтийн Хүрээ" сэдвээр зохиогдсон олон улсын бага хуралд Х.Тодзио өөрөө үг хэлэхдээ “Өөрийн нутаг дэвсгэр биш, дэлхийн бусад хэсгийн асар уудам газар нутагт ноёрхолоо тогтоосон Их Британий эзэнт гүрний шунаг санаархал ханаагүй байна. АНУ ч Европын хэрэгт хөндлөнгөөс хушуу дүрэн оролцож, Испанитай хийсэн дайны дараа тэдний цагаандаа гарсан үйл ажиллагаа Номхон далай, Их Дорнод Ази руу өнгөлзөхөд хүргэж, дэлхийн I дайны дараа дэлхийд жанжлалаа тогтоох нь бүр ч тодорхой болсон билээ. Саяхнаас АНУ хойд Африк, баруун Африк, Атлантын далай, Австрали, Ойрхи Дорнод, цаашлаад Энэтхэг рүү чөтгөрийн гараа сунгаж, Их Британитай эн зэрэгцэх болов” гэсэн байна.
Дэлхийн II дайны дараа И.Сталин Төв ба Дорнод Европ, Дорнод Азид de jure нөлөөний хүрээгээ тогтоосон юм. Тийнхүү социализм дэлхийн хэмжээний систем болон тогтов. 1960-аад оноос колоний системээс чөлөөлөгдсөн Ази, Африкийн 20 гаруй орон социалист чиг баримжаагаар хөгжих болсон нь тэнд коммунизмын нөлөө тогтсоны тод илрэл болов.
Дэлхий дахинд шинэ дэг журам тогтоох үйл хэрэгт дэлхийн II дайны төгсгөлд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хангах түгээмэл байгууллага НҮБ-ыг байгуулагдсан явдал түүхэн ач холбогдолтой байв.
Дэлхийн II дайны сүүлчийн улирал 1944 оны зургаадугаар сард АНУ-ын санаачлагаар Нью хэмшир муж улсын үзэсгэлэнт Вашингтон уулын "Bretton Woods" аманд орших "Вашингтон" амралт, сувиллын газарт дэлхийн 44 орны 300 гаруй төлөөлөгчид хуран чуулж, олон улсын худалдаа-эдийн засаг-валют, санхүү, зээлийн шинэ дэг журам тогтоох асуудлыг иж бүрэн хэлэлцэж үндсэнд нь шийдвэрлэсэн юм. Энэхүү түүхт бага хурлын дүнд АНУ-ын төслөөр ОУВС, Шинэчлэл, хөгжлийн олон банк буюу Дэлхийн банк, Олон улсын худалдааны байгууллага ГАТТ-ын үндэс суурь тавигдсан нь олон улсын эдийн засгийн харилцаанд шинэ дэг журам тогтооход түүхэн амжилт болсон юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Маршалл 1947 оны зургаадугаар сард Харвардын их сургуулийн төгсөлтийн ёслол дээр Европыг сэргээн босгоход зориулсан нүсэр хөтөлбөрөө зарласан. 1948-52 оны хооронд Өрнөд Европын 17 оронд хэрэгжсэн 13 тэрбум ам. долларын өртөг бүхий /2025 оны үнэлгээгээр 300 тэрбум ам. доллар/ Маршаллын төлөвлөгөөг хэрэгжүүлэх эрхзүй, зохион байгуулалтын механизмийг 1948 онд Европын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллага нэртэйгээр үүсгэн байгуулжээ. Төлөвлөгөө хэрэгжиж, Өрнөд Европын орнуудын эдийн засаг сэргэн бэхжих явцад тэрхүү байгууллагыг өөрчлөн 1960 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ОЕСD) болгон үйл ажиллагааны зорилго, агуулга, хүрээг нь өргөтгөжээ. Европыг сэргээн шинэчлэх энэхүү нүсэр төлөвлөгөөний мөн чанар, зорилго нь зах зээлийн эдийн засаг, ардчилалын үнэт зүйлсийг Европт бүх талаар бэхжүүлэх нь ирээдүйн АНУ-ын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт бүрнээ нийцэх учиртай байсанд оршино. Энэ нь олон улсын шинэ дэг журам тогтоох хэрэгт АНУ-ын эдийн засгийн дипломат бодлогын гайхамшигт ялалт байсан гэж үзэж болно. Дурдсан төлөвлөгөөнд ЗХУ, түүний холбоотнуудыг хамруулсан байсан боловч ЗХУ үүнийг Европыг капитализмжуулах хөтөлбөр хэмээн үзэж, түүнд оролцохоос татгалзаад зогсохгүй улмаар 1949 оны нэгдүгээр сард түүний эсрэг ЭЗХТЗ-ийг байгуулсан ажээ.
Умард Атлантын цэргийн эвсэл НАТО байгуулагдсан нь коммунизмыг тогтоон барих чухал хүчин болов.
Дэлхийн II дайн төгсгөлд Дорнод Европт коммунист намуудаар удирдуулсан бүхэл бүтэн систем тогтож, колонийн систем нуран унасан нь олон улсын харилцаанд олон улсын коммунист, ажилчны хөдөлгөөн, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэсэн ЗХУКН-ыг тойрон хүрээлсэн хүчний шинэ төвүүдийг буй болгов.
Коминтерний үргэлжлэл болсон Олон улсын коммунист, ажилчны намуудын 1960 оны Москвагийн зөвлөлгөөнөөс гаргасан Мэдэгдэлд: “Манай эрин үеийн үндсэн агуулга бол хүн төрөлхтөн капитализмаас социализмд шилжих явдал мөн. Манай эрин үе бол орчин үеийн эсрэг тэсрэг хоёр системийн тэмцлийн эрин үе, социалист болон үндэсний эрх чөлөөний тэмцлийн эрин үе, империализм сүйрч, колонийн систем устах эрин үе, чөлөөлөгдсөн шинэ тулгар улс түмэн социализм, коммунизмын замд шилжих эрин үе, социализм, коммунизм даян дэлхийд ялан мандах эрин үе гэж тодорхойлов. Капитализмын ерөнхий хямрал шинэ шатандаа орлоо. Энэ үеийн онцлог нь дэлхийн дайнтай холбоогүй” гэж онцлон тэмдэглэв. "Дэлхийн коммунист хөдөлгөөн манай эрин үеийн улс төрийн хамгийн нөлөө бүхий хүч болон хувирч, нийгмийн дэвшлийн нэн чухал хүчин болов" гэж дүгнэсэн юм.
ГАТТ-ын хүрээнд 1973-1979 онд үргэлжилсэн худалдааны олон талт хэлэлцээний Токиогийн үе шатанд “77-гын бүлэг” ЮНКТАД-ын идэвхтэй үйл ажиллагаа, санал санаачлагын үр дүнд 1974 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 29 дүгээр чуулганы тусгай VI, VII хуралдаанаар "Олон улсын эдийн засгийн шинэ дэг журмын тухай Тунхаглал ба Үйл ажиллагааны хөтөлбөр", "Улс гүрнүүдийн эдийн засгийн эрх, үүргийн Харти" хэмээх нэн чухал хоёр баримт бичиг батлагдсан юм.
Тунхаглалд хөгжиж буй орнуудын гадаад өрийн асуудлыг зохистойгоор шийдвэрлэх, тэдгээр орнуудад тэргүүний технологи чөлөөтэй нэвтрүүлэх, хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, түүхий эд, ХАА-н бүтээгдэхүүний дэлхий зах зээлийн үнийг шударгаар тогтоох, худалдааны тарифын хөнгөлөлт үзүүлэх, хөгжиж байгаа орнуудын бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гарахад нь саадгүй болгох, үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагаанд хяналт тавих, хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, олон улсын валютын системд шинэчлэл хийх, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамгийн гол нь олон улсын эдийн засгийн харилцаанд тэгш эрх, шударга ёс, харилцан ашигтай байх зарчмыг нэвтрүүлэх, гадуурхлыг арилгах тухай тодорхой тусгагдсан байна. Энэхүү нэн чухал баримт бичгийг үндэс болгон НҮБ-ын дэргэд Үндэстэн дамнасан корпорацийн комисс, Үндэстэн дамнасан корпорацийн төвийг байгуулсан юм.
“Chase Manhattаn Bank” буюу өнөөгийн JP Morgan-ны Захирлуудын Зөвлөлийн тэргүүн тэрбумтан, филантропист Давид Рокефеллерын санаачлагаар Хойд Америк, Өрнөд Европ, Японы хамтын ажиллагааг улам бүр зохицуулан нягтруулах зайлшгүй шаардлагыг үндэслэн 1973 оны зургаадугаар сард олон улсын нэр хүндтэй улс төрч, судлаач эрдэмтэн, профессор, сенатч, дипломатч, үндэстэн дамнасан корпораци, банк-санхүүгийн бүлэглэлийн эздийн бүрэлдэхүүнтэйгээр “Гурван талын комисс”-ыг байгуулжээ. Давид Рокефеллерын эцэг тэрбумтан филантропист бага Жон Рокефеллер тэрбээр Манхаттен дахь НҮБ-ын Төв байр East River-ийг барьж, хүн төрөлхтний энхтайвны тусын тулд нэг ам. доллараар хандивласан юм.
Гурван талын Комисс дээр дурдсан гурван бүс Нью-Йорк, Парис, Токиог "аж үйлдвэржсэн, ардчилсан нутаг дэвсгэр" бөгөөд "харилцан сонирхож буй асуудлыг иж бүрэн судлахаар байгуулагдсан Хойд Америк, Өрнөд Европ, Японы хувь иргэдийн санаачлагын байгууллага" гэж нэрлээд, комиссын зорилт нь "олон улсын харилцааны системийг шинэчлэхэд оршино", шаардлага нь "харилцан хамаарал" гэж үзжээ. Гурван талын комиссыг "Гурван төвийн хамтын нийгэмлэг" "Trilateralism", Дэлхийн сүүдрийн Засгийн засаг буюу "World Shadow Government" хэмээн нэрлэж байв. Гурван талын комиссын үйл ажиллагаа цаашдаа аж үйлдвэржсэн Их Долоогийн бүлгийг буй болгоход шийдвэрлэх нөлөө үзүүлсэн юм.
Гурван төвийн хамтын нийгэмлэгийн гол "Think tank" болох сэтгэх хүч олон улсын эдийн засгийн харилцаанд гүн гүнзгий задлан шинжилгээ хийсэн илтгэлүүд бэлтгэж, гурван төвийн орнуудын төр, засгийн тэргүүн нарт зөвлөмж болгон илгээж байснаас гадна өөрийн улирал тутмын "Trilogue" сэтгүүлд нийтэлж байв. 1978 оны "Олон улсын дэг тогтолцоог шинэчлэх нь" илтгэлд зохиогчид хоёр чухал дүгнэлт хийжээ. Нэгд, “Дэлхийн II дайны дараагаар тогтсон олон улсын дэг журмын улмаас бүх нийтийг хамарсан шинээр үүсч буй глобал асуудлыг шийдвэрлэх, өөрчлөлтийн үйл явцыг давж гарах боломжгүй байна”, хоёрт, “Олон улсын харилцаанд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл бол харилцан хамаарах байдал байнга өргөжиж, гүнзгийрч буй явдал мөн” гэжээ. Үүнээс уламжилж, “Дэлхийн дэг журамд харилцан хамаарах байдлыг зөв залж жолоодох нь нэн чухал боллоо”, цөмийн зэвсэг хэрэглэх нь дэлхийн сүйрэлд хүргэнэ, энд ялагч гэж байхгүй, хүмүүсийн үндсэн эрх ашгийг хангах, хүний эрхийг бататгах явдал чухал”, “Бид зорьсондоо хүрэх гэж хичнээн удаан ахисан ч, ямар ч саадтай тулгарсан ч байдлыг тогтвортой болгох эрмэлзэлээс ухрахгүй бөгөөд Өрнө-Дорнын хооронд дахь хурцадмал байдлыг аажмаар зөөлрүүлэхээс өөр зам байхгүй. Орчин үеийн ертөнцөд хурцадмал байдал дайн болон хувирах бодит аюул нийт хүн төрөлхтний эсэн мэнд орших эсэхэд заналхийлж байна” гэж зохиогчид үзсэн байна. Энэхүү илтгэлийг зохиогчид нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Ричард Н.Купер, ТТГ-ын орлогч, профессор Роберт Р.Боун, Харвардын их сургууль, Лондоны Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнд ажиллаж байсан Киотогийн их сургуулийн профессор Масатака Косака, Германы гадаад бодлогын нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, Кёльний их сургуулийн профессор Карл Кайзер нар байв.
Олон улсын бодлогын тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцдэг, дэлхийн шинэ дэг журмын тухайд шинэ санал бодол дэвшүүлдэг глобал think-tank Ромын клуб 1968 онд Ром дахь Италийн ШУА-ийн дэргэд Италийн нэрт эдийн засагч эрдэмтэн, үндэстэн дамнасан корпорацийн эзэн, сайхь клубын анхны Ерөнхийлөгч Аурелио Печчеи, Шотландын шинжлэх ухаан судлаач, тогтвортой хөгжлийн үзэл санааг үндэслэгч Александр Кинг нарын санаачилгаар “Дэлхийн иргэдийн хамтлаг: Хүн төрөлхтний ирээдүйн үйл хэргийг цоглоон байгуулахуй” нэрийн дор байгуулагдсан. 1972 онд тус клуб “Өсөлтийн хязгаар” гэсэн анхныхаа илтгэлийг гаргасан байна. Энэхүү илтгэлд үндсэн таван асуудлыг хөндсөн байна. Үүнд, хүрээлэн буй орчин ба нөөц, даяаршил, олон улсын хөгжил, нийгмийн өөрчлөлт, энхтайван, аюулгүй байдал болно. Ромын клубын илтгэлүүд М.Горбачёвт чухал нөлөө үзүүлсэн тухай дурдтгалдаа тэмдэглэсэн байдаг.
3,569.17





















































Эрднээ 2026-03-17 202.126.88.165
Үгүйээ энэ тоймчид судлаачид ямар олон болсон юм бээ. Энэ худалаа бурагсадыг хэн цалинжуулдаг вэ.
Нэргүй 2026-03-17 103.212.162.34
Та амар тайван гэртээ суувал дээргүй юу.
Бол бол болоор чинь олон жил шүлсдүүлмээргүй байна