Манай эмэгтэйчүүдийн хувьд үрэвсэлт өвчин маш их байна. 10 эмэгтэй тутмын долоо, найм нь үрэвсэлт өвчнөөр өвчилдөг гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Түүнчлэн шинж тэмдэг нь мэдэгдэхгүй явдаг хламид өвчин их байгааг онцолжээ.
‘Сүүлийн үед тэмбүү, заг хүйтэн өвчнөөр илүүтэй өвчилж байгаагаас шалтгаалан өсөлтгүй жирэмслэлт, савны гадуурх жирэмслэлт их болсон байна. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд өөрийгөө маш сайн бэлдэх ёстой. Мөн жирэмсэн ээжүүд хүүхдээ тээж байхдаа хоол хүнсэндээ маш сайн анхаарах хэрэгтэй. Манайханд нэг буруу ойлголт байдаг. Хоёр хүн идэж байгаа гээд их иддэг. Идээд байвал хүүхэд эрүүл төрнө гэдэг. Энэ маш буруу. Ураг 3-3,5 кг төрвөл ээж хүндрэлгүй төрдөг. Дөрвөн кг 4,5 түүнээс илүү тээвэл төрөх замын хүндрэлүүд гарч эхэлдэг. Үүнээс бол хийсвэр хагалгаа хийх шаардлагатай болдог. Тиймээс жирэмсэн ээжүүд хоолны менежмент барьж байх ёстой. Хоолоо зөв зохистой хэрэглэж өдөрт тэдэн килкалори авна гэдгээ мэддэг байх ёстой. Тэгэхгүй манай ээжүүд хүүхдээ сүүлийн үед их том тээдэг болсон. Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан хооллолтын менежмент байдаг. Түүнийг дагах хэрэгтэй. Мөн жирэмслэхэд шүд, хоол боловсруулах эрхтэн эрүүл байх ёстой гэдэг хамгийн наад захын үзүүлэлт. Эрүүл ээжээс л эрүүл хүүхэд төрнө’ гэдгийг эмч нар зөвлөж байна.
Э.ЖОНОН