"News" агентлаг энэ долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон дахин хүргэж байна.
Эдийн засагч Р.Даваадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Дэлхийн геополитикт таамаглахад бэрх нөхцөл байдал үүсч байна. Энэ нь Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол. Жишээлбэл, нефтийн бүтээгдэхүүний тасалдал үүсэх эрсдэл бий гэдгийг хөндлөнгийн судлаачид хэлж байгаа. Ойрхи Дорнодод үүссэн нөхцөл байдал Монголд нөлөөлнө, нөлөөлөхгүй гээд хоёр өөр байр суурь л яваад байна?
-2026 онд зөвхөн Монголд төдийгүй дэлхий улс орнуудад тодорхойгүй байдал бий болсон. Яагаад алт, мөнгөний үнэ өсч байна вэ гэвэл хөрөнгө оруулагчид найдвартай зүйл рүү хөрөнгө оруулж байна. Тийм учраас хөрөнгийн зах зээл дээрээс мөнгөө татан авч, алт, мөнгө, зэс рүү оруулснаар металлын үнэ өсч байна. Дээр нь хоёр сарын хугацаатай дэлхийн хамгийн том нефть экспортолдог хоёр улс руу зэвсэгт мөргөлдөөн хийлээ. Тодруулбал, АНУ-ын зүгээс эхлээд Венесуэль улсын ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан бол дараагаар нь Иран улстай дайн зарлаад байна. Үүний улмаас дэлхийн нефтийн зах зээл дээр айдас бий болж, үнэ өсөх төлөв ажиглагдаж байна.
Дэлхийн улс орнууд эхнээсээ нефтийн нөөцөө бэлдэж, цаашдаа дайн урт хугацаанд үргэлжилбэл яах вэ гэдэгт санаа зовж байна.
Монгол Улсын хувьд, БНХАУ-аас экспортын 90 хувь, импортын 40 хувийн хамааралтай. Ер нь Хятадын эдийн засаг нэг хувь өсөхөд Монголын эдийн засаг 0.4 хувь өсдөг гэж үздэг. Саяхан БНХАУ-д хоёр том чуулган болж, 2026 оны эдийн засгийн өсөлтөө 5-4.5 хувь болгон бууруулж, тооцоолсон. Хятадын эдийн засаг ийм байгаа бол Монгол Улс ч гэсэн эрсдэлийг тооцоолж байх ёстой. Маш олон эдийн засагч дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөх Монголд огт хамаагүй гэдгийг хэлж байна. Бид ОХУ-тай хатуу гэрээ байгуулсан учраас нефтийн үнэ огт өсөхгүй гэж хэлж, ярьж байгаа нь маш буруу юм.
Хэрвээ дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсвөл Монголын эдийн засагт шууд нөлөөлнө. Тэр битгий хэл манай эдийн засагт нөлөөлөөд эхэлсэн гэж харж байгаа.
Жишээлбэл, дэлхийн эдийн засгийн том тоглогч БНХАУ нэг өдөрт 11.5 сая тонн баррель нефть хэрэглэдэг бөгөөд үүний 0.5 сая тонн баррелийг Венесуэль улсаас, 1.5 сая тонн баррелийг Иранаас авдаг байсан. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын нийт хэрэглэдэг нефтийн 15 хувь нь байхгүй болж байна гэсэн үг. Ингэснээр эрчим хүч, үйлдвэрлэл зогсч, үнийн өсөлт бий болно. Тиймээс БНХАУ-аас дэлхийн улс орнууд руу гаргадаг нефтийн бүтээгдэхүүнээ хориглох шийдвэрийг гаргалаа. Монголын эдийн засаг БНХАУ-аас бүрэн хамааралтай учраас сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж болохгүй. Төр засаг нь хурдан шуурхай арга хэмжээ авч, ажиллах шаардлагатай байна. АНУ болон Израйлийн зүгээс Иран улс руу цохилт өгсөн эхний өдөр Азийн бүх улсуудын хөрөнгийн биржийн хувьцааны үнэ унасан. Европт байгалийн шингэрүүлсэн хийн үнэ анхны өдрөө 30 хувь өссөн зэрэг дэлхийн зах зээл хөдөлгөөнд орж, хариу арга хэмжээгээ авч байна. Гэтэл Монгол Улс шомбойж суучихаад ОХУ-д найдаад суугаад байж болохгүй. ОХУ дайнтай байгаа учраас олон улсын зах зээл дээр нефтийн үнэ өсдөг л юм бол шууд үнээ нэмнэ. Тэгэхээр энэ бүгдийг тооцоолох хэрэгтэй. Бид хэрэглэгч орон учраас нефть, бордооны үнэ өснө гэдгээ тооцоолох шаардлагатай. Ерөнхийдөө их хүнд жил ирнэ гэж харж байна.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2853191/ линкээр орж уншина уу.
"Олон орон парламентын гишүүддээ хариуцлага тооцдог"

Хүмүүнлэгийн их сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Н.Учралд өргөн барилаа. Гадаад орнуудад энэ талын зохицуулалт хэр түгээмэл байдаг вэ?
-Олон улсын харилцааны ахисан түвшний сургалтад суралцагсад “Олон улс, орон судлал” хичээлийн хүрээнд гадаад улс орнуудын улс төрийн систем, Үндсэн хуулийн эрх зүйн тогтолцоо, сонгуулийн системийг тоймлон судалж, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Энэ хүрээнд зарим ажиглалт судалгаа хийхэд дэлхийн олон оронд парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсвэл эгүүлэн татах буюу мандатыг хүчингүй болгох механизм харилцан адилгүй, өөр өөрийн онцлогтой байдаг нь харагдаж байна. Зарим оронд парламент өөрөө шийддэг, заримд нь шүүхийн шийдвэр, эсвэл сонгогчдын санал асуулгаар эгүүлэн татдаг.
Зарим орнуудын жишээнээг харвал парламент нь өөрөө гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсвэл хүчингүй болгодог. Энэ механизм ихэвчлэн ёс зүйн зөрчил, гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил зэрэг үндэслэлээр хэрэглэгддэг.
Ардчиллын сонгодог уламжлалтай Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад 2015 оны гуравдугаар сард “Парламентын гишүүнийг эгүүлэн татах тухай тусгайлсан хуулийн /Recall of MPs Act 2015/ төслийг баталсан. Парламентын гишүүнийг парламент 10-аас дээш хоногоор түдгэлзүүлвэл эсвэл шүүхийн хүчин төгөлдөр ял авсан бол, мөн сонгогчдын 10 хувь нь гарын үсэг зурсан байвал мандат хүчингүй болж дахин сонгууль явуулахаар зохицуулсан байна. Канад улсын хувьд холбооны түвшинд эгүүлэн татах механизм байхгүй. Харин мужийн түвшинд, жишээ нь Бритиш Колумби мужид сонгогчдын 40 хувийн гарын үсэг цугларвал гишүүнийг эгүүлэн татаж болох ажээ.
ХБНГУ-д Холбооны парламент Бундестагийн гишүүнийг сонгогчид эгүүлэн татах боломжгүй. Харин парламентын дотоод сахилгын хорооны арга хэмжээ, спикерийн шийдвэрээр түдгэлзүүлэх, эсвэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр мандат хүчингүй болох боломжтой байдаг байна. Францын хувьд Үндэсний Ассемблейн гишүүн нь Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял авсан, ашиг сонирхлын зөрчил гаргасан, сонгуулийн хууль зөрчсөн бол Францын Үндсэн хуулийн зөвлөл мандатыг хүчингүй болгож болдог байна. Хоёрт, Сонгогчид шууд эгүүлэн татдаг улс орны жишээ байна. Зарим оронд парламентын гишүүнийг иргэдийн санал асуулгаар эгүүлэн татдаг. Тухайлбал АНУ-ын Конгрессийн гишүүнийг эгүүлэн татах боломжгүй. Харин мужийн хууль тогтоох байгууллагад тухайлбал, Калифорни, Висконсин, Мичиган муж сонгогчдын тодорхой хувь гарын үсэг цуглуулж эгүүлэн татдаг байна. Швейцарийн хувьд зарим кантон буюу тухайлбал, Тикино, Солотум мужид сонгогчид парламентын гишүүнийг эгүүлэн татах санал асуулга явуулж болох ажээ.
Гуравт, Шүүхийн шийдвэрээр мандатыг хүчингүй болгодог улс орнуудын жишээ байна. Энэ нь хамгийн түгээмэл эрхүйн механизм юм. БНСУ-ын хувьд Үндэсний Ассемблейн гишүүний мандатыг хүчингүй болох үндэслэл нь шүүхийн эцсийн шийдвэр, сонгуулийн хууль зөрчсөн, авлига авсан, намын санхүүжилтын хууль зөрчсөн тохиолдолд БНСУ-ын дээд шүүх шийдвэр гаргаж гишүүний бүрэн эрхийг хүчингүй болгодог байна.
Ерөнхийд нь дүгнэвэл гадаад улс орнуудын парламентын 70 орчим хувь нь Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр мандатыг хүчингүй болгох тогтолцоотой, 20 орчим хувь нь парламент өөрөө гишүүнээс хөөдөг, 10 орчим хувь нь сонгогчдын гарын үсэг, санал асуулгаар шийдвэрлэдэг гэж хэлж болохоор байна.
Парламентын гишүүнийг сонгогчид хугацаанаас нь өмнө огцруулах эрхийг улс төрийн онол-үзэл баримтлалд “эгүүлэн татах номлол” гэж нэрлэдэг. Энэ ойлголт дараах хоёр ардчиллын үзэл баримтлалтай холбоотой. Императив мандатын онолд сонгогчид төлөөлөгч буюу гишүүнээ шууд хянана, амлалтаа биелүүлэхгүй бол мандатыг нь цуцална. Чөлөөт мандатын онолын хувьд гишүүн бүх ард түмнийг төлөөлнө, сонгогчид хугацаанаас өмнө эгүүлэн татах эрхгүй. Орчин үеийн парламентын ихэнх тогтолцоо чөлөөт мандатын зарчим дээр тулгуурлаж байна. Парламент судлалын судалгаанд дараах дүгнэлт түгээмэл байдаг. Нэгд, эгүүлэн татах механизм ардчиллын шууд хяналтыг нэмэгдүүлдэг. Хоёрт, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй. Гуравт, тиймээс ихэнх парламент шүүхийн механизм сонгодог гэж үздэг байна.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2853638/ линкээр орж уншина уу.
"Орон сууц мөрөөдсөн иргэд залилангийн хохирогч болсоор байна"

Сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн залилан нэмэгдсэнээр хохирогчдын тоо улам өсч, асуудал дагуулсаар байна. Иймд энэ асуудлын хүрээнд хуульч, өмгөөлөгч У.Болдхүүтэй ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд иргэд орон сууц худалдан авахдаа залилангийн хохирогч болсоор байна. Энэ талын өргөдөл гомдол их хүлээн авч, судалгаа хийдэг хуульчийн хувьд юуг засах, сайжруулах шаардлагатай гэж хардаг вэ?
-Үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа орон сууцны захиалга, худалдан авалттай холбоотой залилангийн шинжтэй өргөдөл, гомдол маш их ирдэг. Бидний гол зорилго энэ асуудал нь хууль эрх зүйн орчны цоорхойгоос болж байна уу, эсвэл эдийн засгийн хүчин зүйлээс үүдэлтэй юу гэдэг суурь шалтгааныг тогтоох явдал. Хэрэв асуудал хуульдаа байгаа бол цаг алдалгүй хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Тийм учраас Иргэний хуулийн хүртээмж, хэрэглээг сайжруулах тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Мөн Улсын Дээд шүүх, Хуульчдын холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үл хөдлөх хөрөнгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гэрээ хэлцлийг сайжруулах тал дээр төвлөрч ажиллаж байна. Хамгийн гол нь бид өнгөрсөн алдааг засч, бодит шийдлийг гаргахыг зорьж байгаа юм.
Өнөөдрийг хүртэл залилангийн хэргийн суурь шалтгааныг бүрэн тогтоож чадаагүйгээс болж, үр дүнтэй арга хэмжээ авч чадалгүй өдийг хүрлээ.
Хууль хяналтын байгууллагынхан, хуульч өмгөөлөгч нар иргэдэд "Худалдан авалт хийхээсээ өмнө мэргэжлийн хуульчаас зөвлөгөө ав" гэж уриалдаг. Гэвч хууль эрх зүйн орчны хүрээнд засаж сайжруулахгүй л бол болохгүй байна л даа.
-Үл хөдлөх хөрөнгийн салбарын хууль эрх зүйн орчинд иж бүрэн өөрчлөлт хийх цаг болсон гэж та үзэж байна уу?
-Тийм ээ, энэ бол зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал юм. Гэхдээ энэ нь зөвхөн хуульд хэдэн заалт нэмэх төдий биш тогтолцооны түвшний цогц шинэчлэл байх ёстой. Төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй байна. Тухайлбал, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагууд мэдээллийн нэгдсэн сантай болж, программ хангамжийн түвшинд хоорондоо шууд холбогдох (real-time) шаардлагатай. Ингэснээр нэг байрыг давхардуулан зарах, бартерын залилан хийх орон зайг хаана. Мөн үл хөдлөхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ шүүх болон хуулийн байгууллагууд өөр, өөрөөр тайлбарлаж байгаа нь тодорхойгүй байдал үүсгэж байна. Энэ маргааныг нэг талд нь гаргах нэгдмэл жишиг тогтоох тал дээр одоогоор дорвитой ажил хийгдээгүй. Тиймээс хууль, шүүхийн байгууллагынхан нь нэгдмэл нэг ойлголттой болох ёстой.
Дээрээс нь олон мянган иргэд, тэр дундаа БНСУ-д болон хилийн чанадад хүнд хүчир хөдөлмөр эрхлэн хуримтлуулсан мөнгөө эх орондоо үл хөдлөх хөрөнгө болгон байршуулж байна.
Эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо байхгүйгээс болж тэдний хөрөнгө мөнгө залилагчдын халаасанд орж, хохирон сэтгэл зүй тогтворгүй байдалд орсоор байна.
Өөрөөр хэлбэл, иргэдийн өмчийг хамгаалах тал дээр анхаарах шаардлага үүсэж байна. Хамгийн чухал нэг асуудал нь залилангийн суурь шалтгааныг олох хэрэгтэй. Залилан гэх статуст хамаарах хэргүүдийн үндсэн шалтгааныг засах нь чухал. Барилгын компаниуд төсөл хэрэгжүүлэхдээ өөрийн хөрөнгөөр, захиалагчийн урьдчилсан төлбөрөөр, банкны зээл болон барьцаа хөрөнгөөр, гадаадын хөрөнгө оруулалтаар гэх мэт олон аргаар санхүүжилт босгодог. Энэхүү санхүүжилтийн аргууд нь салбарыг урагшлуулж байгаа ч нөгөө талдаа худалдан авагчдыг эрсдэлд оруулж байна. Одоогийн хоцрогдсон программ хангамж, журмууд нь энэхүү эрсдэлийг залилан болж хувирах таатай хөрсийг бүрдүүлж өгөөд байгаа юм. Тиймээс бид энэ асуудлыг цогцоор нь харж, эрх зүйн таатай бөгөөд аюулгүй орчныг бүрдүүлэх ёстой.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2854132/ линкээр орж уншина уу.
"Хавар ядрах нь бие махбодь дасан зохицож буй хэвийн процесс"

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн /СЭМҮТ/ Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдэлийн албаны
чанарын менежер, Сэтгэцийн эмч Л.Эрдэнэсувдтай ярилцлаа.
-Хүмүүс хаврын улиралд сэтгэлзүйн өөрчлөлт мэдрэх нь хэр түгээмэл байдаг вэ?
-Хүмүүсийн дунд “сэтгэцийн эмгэг хавар, намартаа сэдэрдэг”, эсвэл “хавар болохоор хүмүүсийн сэтгэл санаа их хямардаг” гэсэн түгээмэл ойлголт байдаг. Мөн хавар болоход “хаврын ядаргаа” ихэсдэг гэж ярьдаг шүү дээ. Улирал солигдох үед хүний бие махбод, сэтгэл зүй тодорхой хэмжээнд өөрчлөлтөд орж, илүү эмзэг болох тохиолдол байдаг гэж судлаачид үздэг. Ялангуяа өвлийн урт, хүйтэн улирлаас илүү урин дулаан цаг руу шилжих энэ үед хүний биеийн дасан зохицол явагддаг. Энэ шилжилтийн үед зарим хүмүүст ядаргаа, нойрны өөрчлөлт, сэтгэл санааны савлагаа зэрэг бие махбод болон сэтгэл зүйн хариу урвалууд ажиглагдах нь бий. Нөгөө талаас хавар болохоор хүмүүсийн сэтгэл санаа сэргэж, эрч хүч нэмэгдэнэ гэсэн ойлголт ч байдаг. Гэхдээ бодит байдал дээр хүн бүрт адилхан нөлөөлдөггүй. Зарим хүмүүс илүү идэвхтэй, сэргэлэн болдог бол зарим нь эсрэгээрээ сэтгэл санаа доройтож, ядрах, гутрах мэдрэмж илүү мэдрэх тохиолдол байдаг.
Зарим судалгаагаар хаврын улиралд хүний биед ялгардаг биологийн идэвхт бодисуудын хэмжээ өөрчлөгдөж, дааврын зохицуулалт шинэ нөхцөлд дасан зохицох явц явагддаг гэж тайлбарладаг.
Үүнээс шалтгаалан зарим хүмүүс илүү эрч хүчтэй болж, өвлийн улиралд байсан идэвх сул байдал багасах нь бий. Харин зарим хүмүүст эсрэгээрээ ядарч сульдах, нойр хямрах, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг өөрчлөлт илэрч болно. Ерөнхийдөө улирлын өөрчлөлтөд хүмүүсийн үзүүлэх хариу урвал нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалдаг гэж үздэг. Тухайлбал, тухайн хүний хувь хүний онцлог, насны онцлог, бие махбодын байдал, хүйс зэрэг нь тодорхой хэмжээгээр нөлөөлж болзошгүй. Мөн өмнө нь сэтгэл зүйн эмзэг байдалтай байсан эсэх, амьдралын хэв маяг, нойр амралт, стрессийн түвшин зэрэг хүчин зүйлс ч нөлөөлөх боломжтой байдаг. Тиймээс хаврын улиралд зарим хүмүүст илүү эрч хүч нэмэгдэж, идэвх сэргэдэг бол зарим хүмүүст ядаргаа, сэтгэл санааны өөрчлөлт илүү мэдрэгдэж болох бөгөөд энэ нь хүний бие махбод улирлын өөрчлөлтөд дасан зохицож буйтай холбоотой гэж тайлбарладаг.
-Тэгэхээр хүмүүсийн ярьдаг “хаврын синдром” гэдэг ойлголт үнэхээр байдаг зүйл үү? Эсвэл зүгээр хүмүүс улирлын өөрчлөлтөд орж байгаагаа тэгж нэрлэдэг хэрэг үү?
-Яг бидний өдөр тутамдаа “хаврын синдром” гэж ярьдаг энэ ойлголт шинжлэх ухааны хувьд тодорхой нэг шалтгаанаас болж ингэж өөрчлөгддөг гэсэн бүрэн батлагдсан зүйл биш юм. Өөрөөр хэлбэл, хавар болохоор заавал сэтгэцийн эмгэг ихэсдэг, эсвэл хүмүүсийн сэтгэл санаа тодорхой байдлаар өөрчлөгдөнө гэсэн баталгаатай дүгнэлт байдаггүй.
Жишээлбэл, амбулаториор үзүүлж байгаа болон хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог улирлаар нь харьцуулж үзэхэд зөвхөн хаврын улиралтай шууд холбоотойгоор огцом нэмэгддэг гэсэн тодорхой өөрчлөлт ажиглагддаггүй.
Харин өөр төрлийн нөхцөл байдалтай холбоотой өөрчлөлтүүд илүү ажиглагдах нь бий. Тухайлбал, баяр ёслолын дараа, олон хоног амарсны дараах үед зарим өвчлөл, ялангуяа донтох эмгэгтэй холбоотой асуудлаар тусламж авах хүмүүсийн тоо нэмэгдэх нь бий. Жишээ нь, Цагаан сарын дараа хүмүүсийн архи согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдсэнээс үүдэлтэй асуудлууд ажиглагддаг. Мөн олон баяр дараалж тохиолдох үед ч ийм байдал ажиглагдаж болно. Мөн Мартын 8, Цэргийн баяр зэрэг олон баяр дараалан тохиолдох үед, эсвэл томоохон баяр наадмын үеэр архины хэрэглээнээс шалтгаалсан эрүүл мэндийн асуудлаар тусламж авах хүмүүсийн тоо нэмэгддэг. Түүнчлэн хаврын улиралд ажиглагддаг өөр нэг зүйл бол хүмүүсийн ярьдгаар “архаг ядаргаа”, “мэдрэл сульдал” гэж нэрлэгддэг байдал юм. Өөрөөр хэлбэл, хүмүүс ядрах, сульдах, анхаарал төвлөрөл буурах, бие сэтгэлээрээ ядрамтгай болох зэрэг зовиур илэрч, үүнтэй холбоотойгоор эмнэлгийн тусламж авах тохиолдол тодорхой хэмжээнд нэмэгдэх нь бий.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2853815/ линкээр орж уншина уу.
Cobrazera: Senzu-г орлож байна гэдэг л хамгийн дарамттай

"The MongolZ" баг өнөөдөр/2026.03.13/ 17:00 цагаас Украины "NaVi" багийн эсрэг тоглоно. Тэд "EPL"-ийн 23 дахь улирлын хэсгийн шатыг 3-1 гэсэн амжилттай давж, плей-оффд шалгарав. Плей-оффын тоглолтууд Шведийн Стокхольм хотод болно.
Өнгөрсөн "Cluj-Napoca" тэмцээний хагас шигшээд шалгарч, шинэ бүрэлдэхүүнээрээ давгүй тоглосон тэд энэ удаа амжилтыг ахиулахыг хүсэх нь мэдээж. Тус багт шинээр нэгдсэн У.Анарбилэг буюу "cobrazera" багийнхаа хамтаар хоёр дахь тэмцээндээ оролцож байгаа нь энэ. Өдгөө 20 настай түүний хувьд өнгөрсөн оны дэлхийн 13 дахь шилдэг тоглогч "Senzu"-г орлож, багт ирсэн билээ. Тэрбээр чухал тоглолтын өмнө дараах ярилцлагыг өгөв.
-Таны замналын талаар ярья. Багтаа хэдхэн сарын өмнө нэгдлээ. Ямар санагдаж байна?
-Сайн байгаа. Манай багийнхан гайхалтай, уур амьсгал ч маш сайхан байна. Багийнхан маань өгөөмөр, надад маш их зүйлийг зааж өгдөг. Би ч бас аажмаар tier-one түвшинд дасаж байна. Тайзан дээр тоглох мэдрэмж үнэхээр гайхалтай.
-Илүү өндөр түвшинд тоглоход дасан зохицох хэцүү байсан уу?
-Тийм ч хэцүү биш ээ. Надад багийнхан маань байна. Би алдаа гаргавал тэд хэлж өгдөг, засахад тусалдаг. Тиймээс тийм ч хэцүү биш. Би энэ тал дээр чадах бүхнээ хийж байна.
-Түвшин ахихад хамгийн хэцүү зүйл нь юу вэ?
-Дарамт. Би Senzu-г орлон тоглож байгаа, тэр л хамгийн хэцүү хэсэг нь гэж бодож байна.
-Senzu-г орлож байна гэж их боддог уу? Тэр дан ганц сайн тоглогч байгаад зогсохгүй бас ч алдартай байсан шүү дээ.
-Тийм ч их биш ээ. Тэр миний дотны найз. Надад "Сөрөг сэтгэгдлүүдийг битгий тоо, өөрийнхөөрөө тогло, чамайг сайн тоглоно гэдгийг мэднэ" зэргээр их зөвлөдөг.
-Тэгж хэлэхээр илүү тайвширч байгаа биз?
-Тийм ээ, ингэхээр их амар байдаг.
-Чамайг багт нэгдсэний дараа The MongolZ сайн тоглож байна. Багтаа ингэж хурдан уусах нь гайхмаар байсан уу?
-Үнэндээ үгүй. Багийн цөм бүрэлдэхүүн байна. Энэ чинь ганц хүний тоглоом биш шүү дээ. Багийн тоглоом. Тэд яаж тоглохоо мэддэг. Би ч тэднийг нэг тоглогчгүй байсан ч сайн тоглохыг мэддэг. Үндсэн баг нь хэвээрээ, IGL нь ч адилхан байгаа шүү дээ.
–EPL тэмцээний талаар ярья. Та нар өмнөх шатанд дасгалжуулагч maaRaa-гүй тоглосон. Энэ чамд болон танай багт хэрхэн нөлөөлсөн бэ? Тоглолт илүү хэцүү байсан уу?
-Тийм ээ, арай хэцүү. Яг л эвлүүлдэг тоглоомын нэг хэсэг дутсан юм шиг санагдлаа. Ер нь бид сервер дээр тоглож байхад тэр бидний ард бүхнийг ажиглаж байдаг. Тийм болохоор гуравдагч хүний харах өнцөг дутуу байлаа.
-maaRaa байхгүй байхын хамгийн хэцүү тал нь юу вэ? Жишээ нь тоглолтын үеэр өөрчлөлт хийх шаардлагатай болоход түүний timeout үгүйлэгдэв үү?
-Тийм ээ, тэр тал дээр нэлээд хэцүү. Бид зургуулаа тоглоод дасчихжээ. Нэг хүн байхгүй болохоор мэдрэмжийн хувьд өөр, уур амьсгал ч өөр болчихдог.
-Плейоффт NaVi-тай тоглоно. Та нар өмнө нь Cluj дээр тэднийг хожсон. Ингэхээр дахиад хожно гэсэн итгэл төрж байна уу?
-Тийм ээ. Тэдний яаж тоглодгийг бид мэднэ. Тиймээс сайн бэлдэж, өмнө нь хийж байсан зүйлсээ давтах хэрэгтэй.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2854340/ линкээр орж уншина уу.
3,576.03






















































Нэргүй 2026-03-15 202.126.90.82
ХӨГЖДӨГГҮЙ УЛС БОЛЖДЭЭ ТЭГВЭЛ…..
.ЗАВСАРГҮЙ ЗАСАГЛАНЧ МАН-ДААА БАЯРЛАЛАААА
Нэргүй 2026-03-15 103.212.118.113
орос х*******н гар хөлөө битгий эх ороныг минь гүтгэ хамгийн аз жаргалтай баян улс шүү
Иргэн 2026-03-15 66.181.179.100
энэ баян орныг хулгайч нар ядуу болгоод бгаашд
Нэргүй 2026-03-15 66.181.180.169
Новшоо зайлаа
Нэргүй 2026-03-15 43.242.242.59
Улс төрчдийн гар хөл болсон Р.Даваадорж чи улс орныг минь гутааж доромжлохоо боль. Иргэдийг тэнэг гэж бодоо юу. АН-ын гар хөл болсон эдийн засагч нэртээ энэ мэтийн хүмүүс нийгэмд маш хортой. Иргэдийг төр засгийн эсрэг турхирдаг хатгадаг, гүжирддэг нийгэмд тогтворгүй байдал бий болгох зорилготой байдаг. Америк эзэд нь тэгэж зааж зөвлөдөг байх. Африкт монголоос ядуу Чад, Судан, Малави, Мавритан, ТАБНУ, Нигер, Баруун сахар, Того, Руанда, Лесота, Бенин, Гамби, Свезеланд гээд олон орон байна
зочин 2026-03-15 66.181.184.214
Монголчуудын хувьд өөрийн эх орон шиг сайхан нутаг энэ ертөнцөд хаана ч байхгүй Харин ардчилагч гэх үнэн нүүрээ нуусан,барууны тавиул бүлэг этгээд л ард иргэдийг үймүүлж, улс төрийн хувьд зөрчилдүүлж,хэдэн хэсэг болгон хагалж, гүжир гүтгэлэг үймээн самуун дэгдээж бараг иргэдий дайны байдалд хүргэн улсын хөгжлийг хойш чангааж байна, Хоёр хөрштэй хуучин тогтоосон уламжлалт найрсаг хэвийн харьцааг хөгжүүлээд явахад л манай орны урагшлах замд өөр саад болох ноцтой зүйл алга,
Нэргүй 2026-03-15 66.181.178.252
Ядуу учраас цагаан Америкчуудын бөгсийг долоодог юм.