З.Нарантуяа Конрад-Аденауэр сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

З.Нарантуяа Конрад-Аденауэр сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

З.Нарантуяа Конрад-Аденауэр сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа өнөөдөр (2018.08.16) Конрад-Аденауэр сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд тус сангийн Европын холбоо болон олон улсын хамтын ажиллагааны ерөнхий газрын дарга ноён Др.Герхард Валерс, Монгол дахь Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгч Йоханн Фурманн, тус сангийн хөтөлбөрийн менежер С.Ганзаяа нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн З.Нарантуяа Конрад-Аденауэр сан Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ойн баярын мэндийг хүргээд, “Ардчиллын үнэт зүйлийг Монголын ард түмэнд ойлгуулахын төлөө Конрад-Аденауэр сан 25 жилийн туршид асар их хүчин чармайлт гаргаж ажиллалаа. Манай хоёр орны хамтын ажиллагаа цаашид улам нягт байж, үүнийг өргөжүүлэхэд Монгол дахь КАС-ийн суурин төлөөлөгч Йоханн Фурманн бидэнд тусалж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Талууд, ардчиллын үнэ цэнийг нийгэм, олон нийтэд ойлгуулахад Ардчилсан намын зорилт түүний агуулга чухал бөгөөд бусад нам хүчнээс бодлогоороо ялгарч байж удаан хугацаанд тогтвортой байдлаа хангана гэдэгт санал нэгдлээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа Үндсэн хуулиа өөрчлөх замаар төрийн тогтолцоо, эрх зүйг сайжруулж, олон нийтийн оюун санааны шинэчлэлийн ажлыг хавсарган гүйцэтгэвэл төрийн байгууламж илүү чадваржина гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Конрад-Аденауэр сангийн хувьд Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчмыг эргэн харахад үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд тусладаг учраас цаашдаа ч мөн энэ чиглэлээр олон нийт рүү чиглэсэн сургалт зохион байгуулна гэдэгт найдаж байна хэмээн онцлов. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн З.Нарантуяа улс төрийн гол шийдвэр гаргахад оролцох төвшиний эмэгтэйчүүдийг илүү олон болгохын тулд боловсролыг нь сайжруулах замаар дамжуулан тэднийг дэмжих боломжтой гэж үзэж буй бөгөөд КАС-ийн зүгээс энэ чиглэлийн сургалт зохион байгуулвал эмэгтэйчүүдийн хөгжилд том нөлөө үзүүлнэ гэж буйгаа хэллээ.

КАС-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Др.Герхард Валерс “Миний хувьд Израйл улс дахь КАС-ийн суурин төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа улс төр дэх эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой асуудлын хүрээнд хөтөлбөр, сургалтуудыг зохион байгуулж байсан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийн дараа сургалтад оролцсон эмэгтэйчүүдийн дунд асар том сүлжээ бий болж, тэдний хоорондын харилцаа улам тэлж, төрийн өндөр дээд албан тушаал эрхэлсэн эмэгтэйчүүд ч цөөнгүй байсан тул улс төрийн хүрээний тодорхой сэдвээр хөтөлбөр хэрэгжүүлэх нь эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог идэвхжүүлэхэд нөлөөлнө гэж итгэж байна” хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж